| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00112/И |
| Дугаар | 125 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 125
| 2017 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00125 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, Хасбаатар гудамж, 18/1 байр, 18 тоотод оршин суух, Олхонууд овогт Оросоогийн Гэрэлмаа /РД:МТ69042802/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Г.Нурланбек нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 20 байрны 70 тоотын 2 өрөө байраа "Бүтээн байгуулалт хөгжлийн сан" хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж 9.000.000 төгрөг авч, О.Сарангуад 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлүүлсэн. Мөн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр О.Сарангуатай зээлийн гэрээ байгуулсан. О.Сарангуа нь зээлээ хугацаандаа төлөлгүй явсаар 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г.Нурланбек, О.Сарангуа нар 17.820.000 төгрөгийг төлөхөөр Баянгол дүүргийн шүүхийн 318 дугаар шүүгчийн захирамж гарсан. О.Сарангуагаас зээлийн төлбөр шаардах болон дээрх зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нөхөр Г.Нурланбекээс олгосон итгэмжлэлийн дагуу миний бие шүүхэд оролцож байсан. Гэвч О.Сарангуа нь төлбөрөөс төлнө гэсээр оршин суух хаягтаа ч байхгүй алга болсон. 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр О.Гэрэлмаа би өөрийн оршин суух 2 өрөө байраа хадгаламж зээлийн хоршоонд 17.820.000 төлбөрт хураалгаж төлбөрийг төлж барагдуулсан. О.Сарангуа нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 хороолол, 113 байр 9 тоотод оршин суух хаягтай боловч одоо тэндээ байхгүй. О.Сарангуа нь 2004 онд "Мюзик Холл" Театр, кино, хөгжмийн дээд сургуульд гүйцэтгэх захирал хийж байсан. 2015 оны хавар “Цахлай нисэх гэж төрдөг юм" уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажилласан, "Мюзик Холл" гэсэн продакшн байгуулсан гэсэн. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Гэрэлмаа нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт зээлдүүлэгч Г.Нурланбек, зээлдэгч О.Сарангуа нарын хооронд 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байна.
Түүнчлэн Г.Нурланбек, О.Гэрэлмаа нарын 0144131-31 дугаар гэрлэлтийн баталгаа, Г.Нурланбекээс О.Гэрэлмаад 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон “Очирын Сарангуатай 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу уг мөнгийг О.Сарангуагаас нэхэмжлэх асуудлаар бүх шатны шүүхэд төлөөлж нэхэмжлэгчээр оролцох” итгэмжлэл, Гадысийн Нурланбекийн №0031217 дугаарын нас барсны гэрчилгээ зэрэг баримтууд авагдсан байна.
Иймд шүүх оршин суугаа хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч О.Гэрэлмаа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Жаргалсайханыг олж болох эх сурвалжийг 2015 оны хавар “Цахлай нисэх гэж төрдөг юм" уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажилласан, "Мюзик Холл" гэсэн продакшн байгуулсан гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч О.Гэрэлмаатай холбоо барих утас: 99898033 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч О.Гэрэлмаагийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:УХ62041881/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч О.Гэрэлмаатай
холбоо барих утас: 99898033 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА