Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 1

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Ч.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Сд холбогдох 1924001040054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэг улсын иргэн, төрсөн, 27 настай, эрэгтэй,  боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Хэрдэг овогт М.С нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр З аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг “Тасархайн ам” гэх газарт түлээний мод бэлтгэх зорилгоор ургаа модыг хөрөөдөн унагасны улмаас унасан модонд нь Х.А цохигдож нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Сын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр З аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг “Тасархайн ам” гэх газарт түлээний мод бэлтгэх зорилгоор ургаа модыг хөрөөдөж унагахад Х.А цохиулж нас барсан болох нь:

Гэрч Х.М: “...******* бид нар У аймгийн Баруунтуруу сум руу өвсөө ачихаар явах гэж байтал талийгаач “би та нартай хамт явъя” гэхээр нь би “чи өөрөө мэдэхгүй юу даа, явах талаараа ээж дүү нартаа хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд талийгаач нь *******, манай хүү Мягмардорж бид дөрөв Увс аймгийн Баруунтуруу сум руу явж 3 удаа өвс ачиж З аймгийн Тэс сумын голын хойд талд өвөлжөөндөө буулгаад нийт гурав хоног явсан. Тэгээд дөрөв дэх өдөр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр рүүгээ буцах замдаа Б сумынхаа “Тасархай ам” гэдэг газраас галын түлшээ бэлдээд гэртээ харимаар байна гэхэд тэд нар зөвшөөрөөд мод хийхээр мод руу орцгоосон. Тухайн үед ******* эхлээд дөрвөн ширхэг босоо мод унагасан, тав дахь модоо хөрөөдөж унагах үед гэнэт талийгаач А газрын доош гүйгээд явсан. Түүний араас нь манай хүү “хаачих гэж байгаа юм бэ” гэж хашгирч сонсогдсон. Тэрхэн зуур *******гийн хөрөөдөж байсан мод талийгаачийн зүг рүү унаж байгаа харагдсан. ******* бид нар талийгаачийн араас “хөөе мод унаж байна холдоорой” гэж хашгирсан боловч талийгаач унаж байгаа модонд цохиулаад газар унасан. Бид нар талийгаачийн араас гүйгээд очсон. Тэр хооронд би хөл муутай 2 суга таягтай явдаг болохоор *******гийн машин руу шууд явах үедээ Аыг хурдан машин руу аваад ирээрэй гэж хашгираад, машин дээр очоод байж байтал, манай хүү болон ******* нар талийгаачийг машин руу дамжлаад авчирсан. Уг газарт утасны сүлжээ барихгүй учир бид нар талийгаачийг Баянхайрхан сумын төв рүү авч яваад сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Ямар нэгэн ухаан байхгүй, амьсгаатай үгүй нь мэдэгдэхгүй болсон байсан. Түүний гадна биеийн ил харагдах байдлыг ажиглан харахад, толгойн орой хэсэг хуйхандаа язраад цус гарсан байдалтай харагдсан. Сумын төв рүү явах замд талийгаачийн хамраас цус гараад байсан. Өөр түүний биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэх талаар би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 46-52/,

Насанд хүрээгүй гэрч М.М: “...С ахын машинтай аав М, талийгаач А ах, бид дөрөв Увс аймгийн Баруунтуруу сум руу өвс ачиж ирэхээр явсан. Тэгээд бид нар Баруунтуруу сумаас З аймгийн Тэс сум руу 3 хоног өвсний тээвэрлэлт хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бид нар гэр рүүгээ буцаж явах замдаа манай аав “Тасархайн ам”-ны уулын модноос галын түлшээ хийгээд гэртээ харимаар байна гээд хамт явсан хүмүүстэйгээ ярилцаж тохиролцоод, ******* ахын өвөлжөөний урд талын жижигхэн модтой зурайнаас мод хийхээр болсон. ******* ах босоо хуурайдуу модноос 4 босоо мод унагаад, 5 дахь модыг хөрөөдөж байтал талийгаач А ах гэнэт уулын уруу бэл хэсэг рүү хөрөөдөж унагаж байгаа модны дагуу доош гүйчихсэн юм. Тэгэхэд ******* ах талийгаачийн араас нь “хөөе чи хаачих нь вэ, наад руу чинь мод уналаа” гээд хашгирсан боловч талийгаач сонсоогүй юм байлгүй цаашаа гүйгээд байсан. Би ч бас талийгаачийн араас “та хаачих гэж байгаа юм бэ” гэж хашгирсан. Тэгтэл хөрөөдөж байсан мод доош унаж, талийгаач модонд цохиулаад уначихсан. Би ******* ахын хамт талийгаачийн модонд цохиулаад унасан газар руу гүйж очоод талийгаачийг яаж байна гэж ******* ах асуусан. Тэгтэл талийгаач чимээгүй байгаад байсан. Тэр үед манай аав ******* ах бид хоёрт “талийгаачийг шууд машин руу аваад ирээрэй” гээд хашгирч хэлсэн. ******* ах бид 2 талийгаачийг дамжилдан явж, машины бүхээг рүү өргөж оруулаад, түүнийг хүн сууж байгаа юм шиг хагас суугаа байдлаар суулган сумын төв рүү зөөвөрлөн явж, сумын эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/,

Гэрч Б.Л: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 20 минутанд биеийн байдал ухаангүй, нүүр гар хөхөрсөн, өмдөндөө шээсэн байдалтай хүнийг Сандагаа эмнэлэгт оруулж ирсэн. Би эмнэлэгт оруулж ирсэн хүний биеийн байдалд үзлэг хийхэд артерийн даралт нойлолсон, пульс оксометр багажаар долоовор хуруунд хийж үзэхэд тухайн багажинд заадаг амин үзүүлэлтүүд заахгүй нойлолсон байсан, гүрээний артерийн судасыг хуруугаараа тэмтрэхэд судасны цохилт тэмтрэгдэхгүй байсан болохоор бүх амин үзүүлэлтүүд мэдэгдэхгүй байна. Энэ хүн нас барсан байна гэж түүнийг авч ирсэн Сандагаа гэгч хүнд хэлэхэд итгэхгүй байсан. Тэгээд байж байтал Сандагаа нь манай сумын эрхлэгч эмч байсан Батсайхан эмчийг дагуулаад ирсэн. Батсайхан эмч үзлэг хийгээд нас барсныг хэлэхэд Сандагаа гэгч хүн нь итгэсэн. Тэгээд сумын цагдаагийн хэсэгт утсаар холбогдож дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

Хохирогч Х.С: “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ******* нь утсаар “А эмнэлэгт хүргэгдэн ирлээ, бие нь муу байна” гэж ярихад ээж “хүүг маань яагаа хаячихваа” гэж асууж байсан. Тэгтэл ******* ах ямар нэгэн үг хэлэлгүй утас нь тасарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* ах дахин залгаад “Дашаа эгчээ А модонд цохиулаад эмнэлэгт хүргэгдэн ирээд, нас барчихлаа” гэж ярьсан. Биднийг гэртээ байж байтал ******* ах орой манайд ирээд ээж бид хоёрыг аваад сумын төв рүү орж ирсэн. Сумын төв орж ирсэн хойно ******* ах талийгаач ахыг эмнэлгийн мооргийн өрөөнд хийчихсэн байгаа гэж хэлсэн. Ингээд ээж бид хоёр талийгаач ахыг минь модонд цохиулаад нас барсан тухай сонсож мэдсэн. Талийгаач 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө өөрийн өвөлжөөндөө очиж гэрийн буурь засчихаад ирье гээд явсан. Тэгээд уг өдрөө гэртээ ирээгүй болохоор нь ******* гэгч залуугийн ээж рүү нь миний ээж утсаар ярихад ...С ах, Э ах, Э ахын хүүхэд, талийгаач /А ах/ нарыг У аймгийн Баруунтуруу сум руу өвс ачихаар явсан гэж ярьж байсан. Дараа нь У Баруунтуруу сумаас бид нар өвсөө ачаад З аймгийн Т сумын нутагт орж ирлээ. Манайх гэртээ өвс авах юм уу гэж ээжтэй ярьсан байсан. Түүнээс хойш талийгаач ах маань бидэнтэй холбогдоогүй юм. Тэгээд сураг гарахгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 17 цаг өнгөрч байхад талийгаачийг модонд цохиулаад эмнэлэгт хүргэгдээд нас барчихлаа гэж ******* ах бидэнд мэдэгдсэн. Нэг үгээр хэлэхэд талийгаач ах маань гэрээсээ гарч яваад 5 дахь хоног дээрээ нас барсан гэж сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /хх 33-38/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20/, З аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 54 дугаартай “...Амь хохирогч Х.Аын биед хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой дотуур цус алдалт 1250 мл орчим, сээрний 3, 4-р нугаламын үүрч бяцарсан хугарал, нугас тасрал, уушганд нэвтэрсэн шарх, гавал ясны 3 чиглэлтэй цууралт, дагз хэсгийн хуйханд шарх, хүзүүний ар хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болох тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Дотуур цус алдалт 1250 мл орчим, сээрний 3, 4-р нугаламын үүрч бяцарсан хугарал, нугас тасрал, уушганд нэвтэрсэн шарх гэмтлүүд нь шууд үхэлд нөлөөлсөн. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь амьд байх хугацаанд үүссэн бөгөөд гадны хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Х.А нь дотуур цус алдалт 1250 мл орчим, сэрээний 3, 4-р нугламын үүрч бяцарсан хугарал, нугас тасрал, уушганд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-60/ зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч М.Сын “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бид нар гэр рүүгээ буцаж явтал М “Тасархай ам”-ны ойгоос галын түлшээ бэлдээд гэртээ харимаар байна гэж хэлсэн. Тэр үед нь хамт явсан бид нар хоорондоо зөвшилдөөд галын мод бэлтгэж ачихаар болсон. Би сумынхаа “Тасархай ам”-руу чиглүүлэн явж, өвөлжөөнийхээ урд талын Хамбын арын зурай руу машинтайгаа өгсөж очиж машинаа тавьсан. Би босоо хуурайдуу модноос 4 босоо мод унагаад, 5 дахь модоо унагаах гээд хөрөөдөж байтал гэнэт талийгаач А уулын бэл хэсэг рүү доошоо гүйгээд явчих шиг харагдсан. Түүний араас нь “хөөе чи хаачих нь вэ, наад руу чинь мод уналаа” гээд хашгирах үед М ахын хүү М мөн талийгаачийн араас “та хаачих гэж байгаа юм бэ” гэж хашгирч сонсогдсон. Тэгтэл миний хөрөөдөж байсан мод мөчрийнхөө дагуу газрын доош буюу талийгаачийн гүйж байгаа зүгт унасан. Хөрөөдсөн мод унахдаа талийгаачийн дээрээс унаж, талийгаач модонд цохиулаад газар унасан. М ах түүний хүү бид гурав сандралдан, би Мягмардоржийн хамт талийгаачийн модонд цохиулаад унасан газар руу гүйгээд очсон. Тэгтэл талийгаач нь нэг зүйл хэлэх шиг л болсон, тэр нь надад сонсогдоогүй, дахиад юм ярьж чадалгүй ухаан алдаад, тэр чигтээ чимээгүй болсон. Тэр үед М ах шууд машин руу аваад ирээрэй гээд хашгирч байсан. Мягмардорж бид 2 талийгаачийг дамжилдаж яваад машины бүхээг рүү оруулж, хагас суугаа байдлаар суулгасан. Тухайн газарт гар утасны сүлжээ барихгүй болохоор талийгаачийг сумын төв рүү авч яваад эмнэлэгт хүргэсэн. Тэгээд сумын эмч сувилагч нар талийгаачийн биеийн байдлыг үзээд, энэ хүн нас барсан байна гэж хэлж байсан. Түүний толгой хэсэг нь газрын өөд газар руу, хөл хэсэг нь газрын уруу, цээжин биеэрээ дээш харсан байдалтай, толгойны орой хэсэг буюу дагз орчимд хуйх нь язарч, цус гарсан байдалтай, бага зэргийн амьсгаатай байж байснаа амьсгалахгүй болсон. Өөр түүний биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Харин сумын төв рүү явах замд талийгаачийн нүүрэн хэсэг буюу хэл нь хөхөрсөн байдалтай, хамраас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож ургаа модыг хөрөөдөж унагахад талийгаач Х.А модонд цохиулж нас барсан болохыг давхар нотолж байна гэж үзлээ.

Түүнчлэн талийгаач Х.А нь сонсголын бэрхшээлтэй, мөн хөдөлмөр чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон З аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 15-18/ болон гэрч Л.Амаржаргалын: “...Талийгаач нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, “хүлээн авах ба дамжуулах хэлбэрийн сонсгол бууралтын 2, 3 дугаар үе, /40-80дб/ гэсэн оноштойгоор, хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар тогтоогдож, группэд хамрагдан халамжийн мөнгө авдаг болсон. Түүнээс хойш группээ сунгуулаад явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Сд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Сын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр З аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг “Тасархайн ам” гэх газрын ойд ургаа мод унагаж байгаад Х.Аын амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул М.Сыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч М.Сын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзэж, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч М.Сд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хураахаар хуульчилсан учир түүний гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан моторт хөрөөг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.С нь хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэрдэг овогт М.Сыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийн хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан моторт хөрөөг улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор З аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ