Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0354

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0354

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Ш.Сын нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ш.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.С

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 251 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох

Хэргийн индекс: 128/2022/0127/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Саас Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 251 дүгээр шийдвэрээр:

2.1.“...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан Ш.Сын нэхэмжлэлтэй, Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу Өр авлага хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Хэдийгээр уг албан тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 338 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан ТЗ-6 буюу дэс түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаарах хэдий ч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас халсан нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй”, 7-д “Тодруулбал нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу албан тушаалд томилогдоогүй тул ...төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхгүй” дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл юм.

Ш.С би Жижиг, дунд үйлдвэрийн газрын Өр барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д зааснаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангилал, ТЗ-6 зэрэглэлд хамаардаг төрийн захиргааны албан тушаал болно.

Тус албан тушаалд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь заалтыг үндэслэн түр томилогдсон. Энэхүү түр томилогдсон нь хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон хууль бус үйлдэл биш төрийн захиргааны албан тушаалд хуулийн дагуу түр томилогдсон болно.

Гэтэл шүүх дээрх албан тушаалд түр томилогдсон нь хууль бус гэж дүгнээд, түр томилогдсон бол хуулийн ямар заалтыг барьж, хэрхэн чөлөөлөх нь ач холбогдолгүй мэт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас халсан нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаапдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” хэмээн уг заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргасан байхыг ойлгоно” гэж заасан.

Иймд дээрх хуулийн 40.1.2-ыг дээд шүүхийн тогтоолд тусгагдсан тайлбараас үзэхэд Төрийн захиргааны албанд түр томилогдсон иргэнийг Төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ийг баримтлан ажлаас чөлөөлөх боломжгүй байна.

Хэрэв дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ыг баримталж ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 болон 42.1 дэх хэсгийг тус тус баримтлах ёстой. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийн газраас нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг огт хэрэгжүүлээгүй, ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж олгоогүй бөгөөд энэ талаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ийг баримтлан ажлаас чөлөөлөх үндэслэлд намайг ажлаас чөлөөлсөн нь хамаарах эсэх болоод дээр дурдсан энэ заалтыг баримтлан чөлөөлсөн бол хуулийн 40.5, 42.1 болон бусад шаардлагыг хангасан эсэхийг дүгнээгүй зөвхөн түр томилогдсон үед хэрхэн, яаж чөлөөлөх нь хамаагүй гэсэн хэт шүүгчийн хувийн үзэмжээр, хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2.Дүгнэх ёстой нөхцөл байдлыг дүгнээгүй, дүгнэх ёсгүй нөхцөл байдлыг дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “...Д.Батхорол нь нийлбэр дүнгээр 62.50 оноогоор нэгдүгээр байранд шалгарч, ... нэр дэвшүүлж, санал болгож хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчөөгүй байна”, 9-д “Харин Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээлдэгчийн түүх, барьцааны асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ш.С нь оролцож, хамгийн өндөр оноо авсан бөгөөд уг албан тушаалд томилогдох эрх зүйн харилцаанд уг шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэн, шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь ч Жижиг, дунд үйлдвэрийн газрын Өр барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль бус гэж маргаагүй бөгөөд ажлаас чөлөөлөхдөө хууль буруу хэрэглэсэн гэсэн шаардлагыг гаргасан. Мөн энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэг энэхүү нэхэмжлэлтэй ямар хамааралтай болоод дүгнэгдэж буй нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл өөр албан тушаал дээр тусгай шалгалт өгч тэнцсэн асуудлыг энэхүү шүүхийн шийдвэрээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс дүгнэх ёсгүй нөхцөл байдлыг дүгнэсэн гэж үзэж байна.

Маргаан бүхий Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны Б/76 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт тул тус хуульд заасан захиргааны актад тавигдах хэлбэр, агуулга болоод актыг гаргахад баримтлах бүхий л шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай. Гэвч Б/76 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.3, 40.4-т тус тус заасан хэлбэрийн шаардлага, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27, 43, 44 дүгээр зүйлд заасан мэдэгдэх, сонсгох, тайлбарлах үүргүүдийг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл дээрх захиргааны актыг гаргахдаа Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Ш.С надад шалгалт зарлагдсантай холбоотойгоор чөлөөлөх гэж байгаа тухай огт мэдэгдээгүй, тайлбар хэлэх боломжоор хангаагүй, ямар шалтгааны улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг баримтлан ажил, үүргийг дуусгавар болгож байгаа үндэслэлийг танилцуулалгүй гаргасан.

Мөн тушаалын үндэслэх хэсэгт тусгасан хууль зүйн үндэслэл буюу дээрх хуулийн 40.1.2 нь буруу, уг захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах хугацаа, хандах газрыг тушаалд тусгаж өгөөгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны Б-31 дүгээр тушаалаар Ш.Сыг Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тодорхой хугацаа заан түр томилсон болон уг хугацааг сунгах тухай 2021 оны Б-19, ажилд түр томилсон тухай мөн оны Б-71 дүгээр тушаалуудын аль алиных нь үндэслэлийг “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй хугацаанд тус газрын орон тоог нөхөх, үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор…” гэж тодорхойлсон байх бөгөөд эдгээр тушаалд дээрх хуулийн үйлчлэл дуусгавар болсны дараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, төрийн албаны шалгалтад тэнцсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулах, харин тэнцээгүй тохиолдолд тус албан тушаалд ажиллуулах боломжгүй болохыг тус тус сануулжээ.

Гэвч Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалтад нэхэмжлэгч хамгийн өндөр оноог авч чадаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн төдийгүй маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудаст тэмдэглэснээр Д.Батхорол 62.5 оноогоор 1-рт, харин нэхэмжлэгч Ш.С 62 оноогоор 2-рт эрэмбэлэгдсэн /энэхүү шалгалтын дүнтэй маргаагүй болохоо нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан/, Салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтнээр Д.Батхоролыг нэр дэвшүүлсэн, энэхүү тогтоолыг 25-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилох талаар болон 26 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэргийг шийдвэрлэхдээ зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд одоогийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн албан тушаалд ямар нэг шалгуургүйгээр түр томилогдон ажиллаж байсан, мөн тусгай шалгалтад өндөр оноо аваагүй байх тул хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн болон нэмэгдэл баталгаа зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

Гэхдээ түр томилогдон ажиллаж байсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ч давж заалдах гомдолд дурдсанчилан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д зааснаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангилал,ТЗ-6 зэрэглэлд хамаардаг төрийн захиргааны албан тушаалд эгүүлэн тогтоох тохиолдолд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, шалгуурын хангасан байх шаардлагатай.

Сонгон шалгаруулалтын үр дүнтэй холбоотой шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг заавал хийхийг шаардахгүй бөгөөд ийнхүү хийгээгүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.Нэхэмжлэлийн болоод давж заалдах гомдлын үндэслэлийг маргаан бүхий тушаалыг гаргахдаа хууль буруу хэрэглэсэн гэж тодорхойлдог.

Хэдийгээр тушаалд тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ын “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байсан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг баримталсан байгаа ч үндэслэлдээ Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч чадаагүйгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Сын тухайд 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ХГ/2021-06 дугаар Хөдөлмөрийн гэрээг хариуцагчтай байгуулсан, уг гэрээний 6.2-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасныг тусгасан, мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцаа төрийн жинхэнэ албан хаагч биш нэхэмжлэгчийн тухайд үйлчлэхгүйгээс гадна уг зүйлд заасан үндэслэл үүсээгүй байх тул түүнтэй байгуулсан гэрээг цуцлах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсныг буруутгахгүй.

Харин Зээлдэгчийн түүх, барьцааны асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалттай холбогдуулан хийсэн шүүхийн дүгнэлт нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны үр дагаврын талаар буюу дурдсан шалгаруулалт болон түүнийг үндэслэн хийгдэх томилгоонд хамааралгүй болохыг л тодотгосон агуулгатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Сын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН