| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2017/00019/И |
| Дугаар | 00089 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 00089
Монгол хусны чага ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : “Монгол хусны чага” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,
“54.450.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “Монгол хусны чага” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай “Монгол хусны чага” ХХК компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах” ИХ-2016/09-018Н тендэрт оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас бүх тендерээс татгалзаж байгаа тухай 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот албан мэдэгдлийг ирүүлсэн.
3ахиалагчийн мэдэгдэлийн 1 дэх хэсэгт “Танай санал болгосон бүтээгдэхүүнийг хэрэглэж болох эсэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтыг 2.1-д заасан “Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардпагыг хангаж байгааг нотлох баримт гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны тендерийн баримт бичигт “Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлэх” талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж заасан байна. Захиалагч нь тендерт санал болгож буй бүтээгдэхүүний Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байх ба Тохирлын гэрчилгээг Стандартчиллын төв орон нутгийн байгууллага олгодог ба Мэргэжлийн хяналтын байгууллага олгодоггүй болно.
3ахиалагчийн мэдэгдлийн 2 дах хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-105 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нь дистрибютор байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна гэжээ.
Энэхүү үндэслэл нь мөн адил Захилагч нь тендерийн баримт бичигт заагүй “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ , Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг”-ийг тендерт оролцогчоос шаардсан байна.
Захиалагчийн мэдэгдлийн 3 дах хэсэгт “Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжпийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МЫ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн байна. Манай компани тендерт санал болгож байгаа Барагшун амин дэмээр баяжуулсан хусны чага мөөгний хандмалыг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС1.2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” МЫ5 5684:2006 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан нийлэг уутанд савлан гаргадаг ба энэ талаарх шинжилгээний сорилтын дүнг тендерийн материалын 48-51 дэх хуудсанд бэлтгэн Захиалагчид хүргүүлсэн болно.
Дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд Захилагч нь илт хууль бус шийдвэр гарган манай компаний санал болгосон тендерээс татгалзсан байх үндэслэлтэй байна.
Б.Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тухайд сангийн яам нь уг шийдвэрийг гаргахдаа хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас зөвлөмж тодруулга аваагүй, хүнсний аюулгүй байдлын талаар ойлголт мэдлэггүй субектийн дүгнэлтэд үндэслэн гаргасан нь илт байна.
MNS 5684-2006 стандартаар уламжлалт болон нийлэг сав, баглаа боодлын материалаас хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог ба хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын материал нь хадгалалтын хэвийн нөхцөлд бүтээгдэхүүний шинж чанар, улмаар хүний эрүүл мэндэд гаж, хортой нөлөө үзүүлэх химийн бодис ялгаруулахгүй, гадаад орчны нөлөөнд тэсвэртэй байх шаардлагыг тавьдаг.
Харин ММ55548:2005 стандарт нь ММ5 5684-2006 стандартад заасан үзүүлэлт шаардлагыг шинжлэн тогтооход ашигладаг шинжилгээний аргын стандарт нь юм.
Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэж үзэж үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухаи, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүд нь манай компаний хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчиж байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал үүсэхгүй байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот шийдвэрүүдийг тус тус түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Монгол хусны чага” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэргэлэнбат би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014 оны 02 сарын 14-нд хамтран ажиллах ТY -2013/01 тоот гэрээг байгуулж хор саармагжуулах эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн билээ.2016 оны 09 сарын 28-ны нэмэлт гэрээгээр гэрээний сунгалтыг шинээр тогтоож гэрээний хүчинтэй хугацааг дараагийн тендерт шалгарсан компанитай гэрээг байгуулах хугацааг хүртэл гэж тодорхой заасан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ГБТТрейдинг мөн “Оргилуун рашаан” ХХКомпаниудтай шууд худалдан авалт хийж манай компаний хор саармагжуулах бодис,нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалсан юм.
Өнгөрсөн 2016 оны 12 сар энэ оны 1 сар нийтдээ 2сарын хугацаанд 54 450 000 төгрөгийн борлуулалт манай компани хийх байсан боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хууль бус шийдвэрээс болж компанид санхүүгийн болон үйлдвэрлэлийн хохирол учираад байгаа бөгөөд,цаашлаад бид үйлдвэрийнхээ хүчин чадал ажлын байраа нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн зээл авсан байсан нь банкны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болоод байна.Иймд танай шүүхэд гаргасан нэмэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Эрдэнэт үйлдвэр” ХХК гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаас манай компанид учирсан хохирол блох 54,450 000 /тавин дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерт оролцсон “Монгол Хусны Чага” ХХК нь дараах шаардлагуудыг зөрчиж тендерт шалгараагүй болно.
“Монгол Хусны Чага” ХХК-ийн ирүүлсэн Тендерийн баримт бичиг Тендерийн баримт бичгийн Бүлэг-5 Техникийн тодорхойлолт хэсгийн Хүснэгт №3-ийн дараах шаардлагыг хангахгүй байна. Үүнд:
1. Санал болгосон бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартлал. хэмжилзүйн газрын Тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтын 2.1-д заасан “Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн соръцын шинжилгээний дүн, дүгнэлт, хог.богоох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримт” гэсэн заалтыг зөрчиж байна.
2 Хүнс. хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08-р сарын 24-ны өдрийн А-105 тоот тушаалын 2-р хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний т\үхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 тоот тушаалын 2-р хавсралт "Байгалийн урга.мал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг түүхий эдийн гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нъ дистербыотер байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна”
Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, Савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтод тавих шаардлага МИ8 САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүисний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МАГ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус хангаагүй, нотлох баримтууд ирүүлээгүй тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерийн шаардлагыг тус тус хангаагүй.
2014-2016 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад Чага бүтээгдэхүүнийг олгохоор байгуулсан ТҮ-2013/01 тоот гэрээний 4.7.6 дахь заалтыг ноцтой зөрчиж МХГ-ын улсын байцаагч нь “Бүтээгдэхүүний шинжилгээний дүнгийн тухай” 2015.07.08-ны өдрийн 14/120 тоот “Хусны чага мөөгний хандмал нь стандартын шаардлага хангахгүй байгаа” тухай дүгнэлт гаргасантай холбогдуулан хор саармагжуулах бүтээгдэхүүнийг цаашид худалдан авахаас татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас 47.410.000 төгрөг гаргуулан “Монгол хусны чага” ХХК-нд олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 7.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 500,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 70,200 төгрөг, хариуцагчаас 395,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монгол хусны чага” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд давж заалдсан гомдолдоо:
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерт оролцсон Монгол Хусны Чага ХХК нь дараах шаардлагуудыг зөрчиж тендерт шалгараагүй болно.
1.Санал болгосон бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжилзүйн газрын Тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтын 2.1-д заасан “ Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт, холбогдох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримт ” гэсэн заалтыг зөрчсөн.
2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08-р сарын 24-ны өдрийн А-105 тоот тушаалын 2-р хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 тоот тушаалын 2-р хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг түүхий эдийн гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нь дистербьютер байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна гэсэн заалтыг хангаагүй.
3.Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, Савласан хүнсний бүтээгдэхүүний шоилголтод тавих шаардлага МNS САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ММ8 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна" гэсэн заалтуудыг тус тус хангаагүй, нотлох баримтууд ирүүлээгүй тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерийн шаардлагыг тус тус хангаагүй бөгөөд Монгол хусны чага ХХК нь уг тендертэй холбогдолтой гомдолоо Сангийн яамны өргөдөл, гомдол хариуцсан төрийн захиргааны удирдлагад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан эрхийнхээ дагуу гаргасан байх ба уг гомдолд Монгол улсын сангийн яам 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоотоор хариу өгсөн байх бөгөөд уг албан бичигт Эрдэнэт үйлдвэр ХХК буюу захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Дээр дурьдсан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тендерийг нээлттэй зарласан бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүйтэй холбоотойгоор тендер гурван удаа хүчингүй болсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 30.4.3-т энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал үүсвэл шууд гэрээ байгуулахаар зохицуулсаны дагуу шууд гэрээ байгуулах үнэлгээний хорооны шийдвэр гарч /хх /2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ГБТ трейдинг ХХК, Милко ХХК, Си Си Эс Эл Эм Жи Эл ХХК-ниудтай тус гэрээ хийснээр Монгол Хусны Чага ХХК-ийн нэмэлт гэрээ дуусгавар болсон болно.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Хусны чага ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүд нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчиж байх тул хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 13 ны өдөр хохирол 54.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Монгол Хусны чага ХХК нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ТҮ-2013/01 дугаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудад хор саармагжуулах бодис, нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний дуусах хугацааг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байхаар заажээ.
Дээрх хугацаанд нэхэмжлэгч Монгол Хусны чага ХХК нь гэрээний үүргийн дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан байна.
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ТҮ-2013/01 дугаар гэрээнд нэмэлт оруулж өмнөх гэрээний үйлчлэх хугацааг заасан 2.3 дахь заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах хүртэл сунгахаар харилцан тохиролцов гэж өөрчилжээ.
Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь “Хор саарамгжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ИХ-2016/09-01Н тоот тендер зарлаж уг тендерт “Монгол Хусны чага” ХХК, Милко ХХК, Витафит инвест ХХК, Ти Ай Эм ХХК, ГБТ трейдинг ХХК, Си Си Эс Эл Эм Жи Эл ХХК-нууд тендерт саналаа ирүүлж оролцсон байна. Гэвч тендерт оролцсон нэг ч компани шаардлага хангаагүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот албан мэдэгдлээр бүх тендерээс татгалзжээ.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж өмнөх гэрээний үйлчлэх хугацааг заасан 2.3 дахь заалтыг гэрээний үйлчлэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах хүртэл сунгахаар харилцан тохиролцсон болох нь батлагдаж байгаа бөгөөд дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулаагүй байхад гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т “ ...зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” гэсний дагуу нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард нийлүүлэх ёстой байсан бүтээгдэхүүний үнийн дүнгээр орлого олох ёстой байсан хэмжээгээр 47.410.000 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлан, түүнд заасан хэмжээгээр урьд нэхэмжлэгчид шилжүүлж байсан мөнгөөр тооцон 47.410.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР