Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 314

 

“Монголиан-Эгзекьютерс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 461 дүгээр магадлалтай, “Монголиан-Эгзекьютерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Монголиан-Эгзекьютерс” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 60 тоот санал, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 тоот саналыг тус тус хүчингүй болгож, “Монголиан-Эгзекьютерс” ХХК-д Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг “Жавхлант” нэртэй газрын 963.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025219 тоот өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 461 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Монголиан-Эгзекьютерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 60 тоот санал, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 тоот саналыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг даалгахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Монголиан-Эгзекьютерс” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал магадлалдаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагад өгч байгаа тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай хариу санал нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Тодруулбал аймгийн Засаг дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарах хэдий ч Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал гэх бичгийн баримтыг захиргааны акт гэж үзэхгүй тул энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй юм” гээд төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх олон хүчин зүйлийн нэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын санал бөгөөд төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч заавал даган биелүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй байна.

Энэ нь захиргааны актын хамгийн гол шинж болох “заавал биелэгдэх, захирамжилсан” шинжийг үгүйсгэж байх бөгөөд эрх бүхий төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болно. Түүнчлэн “Монголиан-Эгзекьютерс” ХХК болон Говь-Алтай аймгийн Засаг даргын хооронд захиргааны маргаан үүсээгүй гэж үзнэ гэснээр Засаг дарга нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндөөгүй, эцсийн шийдвэрийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар гаргах тул уг байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаж болох талаар магадлалд дурджээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар Ашигт малтмалын газар зөвхөн Засаг даргын саналд үндэслэн шийдвэр гаргах бөгөөд энэ утгаараа Засаг даргын гаргах санал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4-т зааснаар эрх зүйн үр дагавар шууд бий болгосон буюу “Монголиан-Эгзекьютерс” ХХК-ийн эрхийг зөрчсөн захиргааны актын шинжийг агуулж байгаа юм.

Давж заалдах шатны шүүхийн 461 дүгээр магадлалаар хэргийн хариуцагчийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар байна гэж дүгнэсэн гэж ойлгож байгаа. Учир нь магадлалын хянах хэсэгт “давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4- т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэжээ. Энэ дүгнэлтийн хүрээнд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг солих боломжтой байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлийг хэрэглээгүй давж заалдах шатны шүүхийн 461 дүгээр магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн 13 тоот шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

Хянавал:

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байна.

Төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/ нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, явуулах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үйл явцыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зохицуулсан ба 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж зааж, “тусгай зөвшөөрөл олгох” захиргааны актыг гаргахын тулд заавал биелүүлэх ёстой буюу аймаг, нийслэлийн Засаг даргаас “санал” авах эрх зүйн шаардлага тавигджээ.

Иймд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудал нь төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг бөгөөд хуулийн дээрх зүйлийн зохицуулалт нь “санал”-ыг үндэслэн шийдвэрлэх агуулгагүй учир аймаг, нийслэлийн Засаг даргаас тухайн асуудлаар өгч буй “санал” эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг, нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тус тус тодорхойлсон байна. Эндээс үзвэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд бие даан санал өгөх эрхгүйгээс гадна “дэмжсэн” эсхүл “дэмжээгүй” тухай түүний хариу нь Хурлын шийдвэрт үндэслэх бөгөөд “өөрийнх нь” санал байх хууль зүйн боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...“захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж тодорхойлсны дагуу “санал” нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлээгүй, захирамжилсан шинжгүй, эрх зүйн үр дагаваргүй учир Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаартай, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 247 дугаартай саналуудыг хүчингүй болгуулах, “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал гаргахыг даалгуулах” нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх маргаан биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж,...” гэж заажээ.

Аймаг, нийслэлийн Засаг даргын “санал” нь Ашигт малтмалын тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг “шийдвэр” хэлбэрээр авч, түүнд үндэслэх бөгөөд нэгэнт “дэмжсэн” санал гаргах тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас “тусгай зөвшөөрөл олгох шийдвэр” гаргах зохицуулалттай байна.

Учир нь Төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хавсаргасан баримт бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагаа хийсний дараагаар хүсэлтэд дурдсан талбай нь “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй” бол тухайн талбайд нь, хэрвээ “түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан” бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд, энэ тухайгаа “хүсэлт гаргагч”-д мэдэгдсэн, Засаг даргаас “дэмжсэн” хариу ирүүлсэн байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Засаг даргын “санал”-д үндэслэн шийдвэр гаргах бөгөөд “санал” эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, ...давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг Ашигт малтмалын газар байна гэж дүгнэсэн, энэ дүгнэлтийн хүрээнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг солих боломжтой байсан, уг хуулийн холбогдох зүйлийг хэрэглээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 461 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ