| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00111/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 153
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/00153 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 10 гудамж, 316 тоотод оршин суух, Дэндэв овогт Нямбуугийн Бадамцэцэг /РД:ЧО64011900/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Бадамцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бадамцэцэг миний бие 1980 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Тээврийн яамны харъяа “Тээвэрчдын амралтын зоогийн газар” үйлчлэгчээр 1989 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл Тээвэрчдийн амралтад ажиллаж байсан Хөдөлмөрийн дэвтэр алга болж, байгууллага дампуурсан шалтгаанаар баримтаа авч чадалгүй тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Тухайн үед хүүхэд байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр энэ тэрд нэг их ач холбогдол өгөхгүй явсан. 185, 86 оны үед бичиг баримтаа гээгдүүлэхдээ МҮЭ алга болгосон. Иймд Н.Бадамцэцэг намайг 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Бадамцэцэг нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Н.Бадамцэцэг нь 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, 1980 онд нээж олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэргээр тогтоогдож байна.
Мөн Н.Бадамцэцэгтэй Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газарт хамт ажиллаж байсан гэрч Г.Мягмаржавын “1986 оны 03 дугаар сард Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт туслах тогоочоор ажиллаж эхэлсэн. Ажилд ороход Н.Бадамцэцэг нь Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газрын зөөгч, үйлчилгээний ажилтнаар ажилладаг байсан ба тэнд ажиллаад 5-6 жил болсон гэж байсан. Уг амралтын газар нь Тээврийн яамны харьяа зөвхөн тээврийн байгууллагын ажилтнууд үйлчлүүлдэг амралт байсан. Би амралтын газрын зоогийн газарт туслах тогоочоос эхлээд тогоочоор ажиллаж байсан ба 1994 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. Н.Бадамцэцэг нь Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчилгээний ажилтнаар 1989 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад гарсан гэдгийг мэднэ. Тээвэрчдийн амралт нь татан буугдах үеэрээ тухайн үеийн удирдах ажилтны хариуцлагагүй байдлаас ажилчдын хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад материалууд нь устаж, архивт шилжилгүй алга болсон байсан”
гэрч Ж.Очирбатын “1985 оны 04 дүгээр сараас Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газарт жолоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход Н.Бадамцэцэг нь Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газрын зөөгч, үйлчилгээний ажилтнаар ажилладаг байсан ба уг амралтын газарт ажиллаад 5 жил гаруй болсон байсан. Амралтын газар нь Тээврийн яамны харьяа зөвхөн тээврийн байгууллагын ажилтнуудад үйлчилдэг амралтын газар байсан. Н.Бадамцэцэг нь амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчилгээний ажилтнаар 1989 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад гарсанг мэднэ. Би Тээвэрчдийн амралтын газарт автобусны жолоочоор 1994 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан. Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралт нь татан буугдах үеэрээ тухайн үеийн удирдах ажилтны хариуцлагагүй байдлаас болж ажилчдын хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад материалууд нь устаж, архивт шилжилгүй алга болсон байсан. Тиймээс Тээвэрчдийн амралтад ажиллаж байсан ажилтнуудын материалууд дутуу, архивт байхгүйгээс бид тэтгэвэрт гарах үедээ ажиллсан байдлаа шүүхээр тогтоолгож байгааг мэднэ” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Н.Бадамцэцэгийг 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэндэв овогт Нямбуугийн Бадамцэцэг /РД:ЧО64011900/-ийг 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Тээврийн яамны харьяа Тээвэрчдийн амралтын газрын зоогийн газарт зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Бадамцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА