Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/194

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа,

Улсын яллагч З.Алтансолонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгням, түүний өмгөөлөгч Г.Батзаяа

Шүүгдэгч Б.Янжинлхам, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бужий овогт Бат-Эрдэнийн Янжинлхамд холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Янжинлхам нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах төв гудамжны засмал зам дээр 2020 оны 09 дүгээр 30-ны орой 17 цагийн орчимд 95-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын баруун гар талаас ирсэн  улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльд зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гаргаж мотоциклийн жолооч С.Сайнхүүгийн  амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд болсон байх ба 95-94 УНЯ улсын дугаартай ALTIS маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл улаан шар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Даюун маркийн мотоцикльтой мөргөлдсөн байв. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-11-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 95-94 УНЯ улсын дугаартай, хар өнгийн ALTIS маркийн 2006 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, В хөдөлгүүртэй, АСV403068424 арлын дугаартай, 2020 оны 09 сарын 20-нд үзлэгт орсон тээврийн хэрэгсэл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-16-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн DAYUN  маркийн улаан шар өнгийн мотоцикль байв. Тээврийн хэрэгслийн урд дугуй нь хийгүй байх ба амортизатор нь гулзайсан, руль нь урагш тахийж муруйсан, хамгаалах төмөр хугарч урд дугуйны обудь хагарсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-19-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 20-р хуудас/

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл  / хэргийн 21-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн...С.Сайнхүүгийн цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, хэсгийн эдийн няцрал, цус харвалтуд, мөн бага тархи болон уртавтар тархины эдүүдэд няцралт, голомтлог цус харвалтууд, дагз ясны зүүн дээд хэсгээс доошоо суурь яс хүртэл үргэлжилсэн босоо шугаман хугарал, мөн суурийн хөндийн ар хананд  босоо хугарал, 2 талын уушигны эдийн няцралт, баруун чамархайд хагалгааны том шарх, хаван хавдар, баруун эгэм, бугалга, шилбэ, тавхайд тус тус цус хуралтууд, 2 завьж, доод уруул, баруун шилбэ, тавхайд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. С.Сайнхүүгийн цогцост учирсан гэмтлүүд нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.Сайнхүү нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна... гэх дүгнэлт / хэргийн 48-49-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дэлгэрийнхэн овогт Гантулгын Цэцэгнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө талийгаачтай хамт гэрээс гараад би ажил руугаа яваад С.Сайнхүү дэлгүүртээ зогсоно гээд үлдсэн. 16 цагийн үед манай ажлын эгч “ танай гэрийн хүн ухаан алдаад эмнэлэгт хүрсэн байна” гэхээр нь би эмнэлэг дээр яваад очиход эмч нар манай нөхрийг эмнэлэг рүү оруулж байсан. Тэгээд ухаан оролгүй байсаар нас барсан. Бид хоёр 2019 оны 6 сард гэр бүл болсон, 1 настай нэг охинтой... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/

Гэрч М.Цэрэндашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед би цэцэрлэгээс ач С.Анандыгаа аваад гартал Б.Янжинлхам бас хүүхдээ аваад гарч байхаар нь машинтай нь гэр лүүгээ дөхөхөөр машинд нь суугаад явсан. Сумын төвийн төв гудамжны засмал замаар явж байгаад зүүн тийш эргэх гээд дохио өгөөд эргэх гэтэл жолоочийн талаас тас гээл дуугарсан.Машины цонхоор хартал  хүрэн дээлтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд хүүхэд уйлаад байхаар нь гэр лүүгээ алхаад явсан.Тухайн машинд Б.Янжинлхам түүний дүү Б.Баасандорж, цэцэрлэгийн 3 хүүхэд, бид найм байсан.Би болон миний ач С.Ананд нар бэртэж гэмтээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эгч Б.Янжинлхамын хамт цэцэрлэгээс хүүхдүүд аваад машинтай явж байгаад зүүн тийш эргэх гэтэл мотоцикльтой мөргөлдсөн. Эгч машинаас буугаад явсан. Би дүү нараа аваад өөр машинд суугаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/

Гэрч С.Сангисамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед сумын төвийн төв гудамжны засмал замаар өгсөж явтал нэг мотоцикль надтай нэлээд хурдтай зөрсөн ба надаас өнгөрөөд тас гээл дуугараад машины толиндоо хартал мотоцикль машин хоёр мөргөлдсөн байсан. Би эргээд очиход мотоцикль замын захад унасан байдалтай жолооч нь зам дээр хэвтэж байсан. Би очоод мотоциклийг нь босгож данхраадаад эмчийг ирэхээр гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/

Гэрч Г.Гуйгарбарсханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага ирсний дагуу очиход мотоциклийн жолооч зам дээр дээш харсан, хамарнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан.Биеийг нь үзэхэд ухаангүй, хоолой хоржигоносон дуу гарч байсан ба амнаас нь цус гарч баруун нүд гэрлийн урвалгүй, хавирга шажигнасан, ар дагз нь хавдартай байсан. Тэгээд сумын хэлтсийн төлөөлөгчид дуудлага өгчихөөд эмнэлэг рүү машинтай авч явсан... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/

Хохирогч С.Сайнхүүгийн “ Өвчний түүх”, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /  хэргийн 51-61-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн...Б.Янжинлхамын биенээс авсан шингэн цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт / хэргийн 70-р хуудас/

Шүүгдэгч Б.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... би мотоцикль ирж явахыг харсан. Хол зайтай байсан болохоор амжаад эргэх байх гэж бодоод эргэтэл ирээд мөргөлдчихсөн.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид 2828620 төгрөг өгсөн. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөхөө илэрхийлж байна... гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.Янжинлхам нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр сумын төвийн гудамжны засмал зам дээр 2020 оны 09  дүгээр сарын 30-ны өдөр  нөхөр Б.Цогт-Очирын эзэмшлийн 95-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өмнөөс чигээрээ ирж байсан мотоцикльд зам тавьж өгөөгүйгээс түүнийг  мөргөж, уг мотоциклийг жолоодож явсан С.Сайнхүүгийн амь нас хохирсон  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Янжинлхам  нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр сумын төвийн гудамжны засмал зам дээр 2020 оны 09  дүгээр сарын 30-ны өдөр  нөхөр Б.Цогт-Очирын эзэмшлийн 95-94 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т... “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “гэх ,мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг  зөрчиж зам тээврийн осол гаргаж мотоцикль жолоодож явсан С.Сайнхүүгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгнямын мэдүүлэг, гэрч М.Цэрэндаш, С.Сангисамбуу, Г.Гуйгарбарсхан,насанд хүрээгүй гэрч Б.Баасандорж нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Янжинлхам нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо урдаас ирж явсан мотоцикльд зам тавьж өгөлгүйгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийснээр уг мотоциклийг жолоодож явсан С.Сайнхүүгийн амь нас  хохироход хүрсэн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Янжинлхам нь  үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Б.Янжинлхамыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгням түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар нь хохирлын 28723650 төгрөгний баримт мөн хохирогчийн 1 нас 2 сартай охин С.Мөнхзулын тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү 18 нас хүртэл 26664000 төгрөг нийт 55387650 нэхэмжилж байгаа ба шүүгдэгч Б.Янжинлхам хохирогчид 2.828.620 төгрөг төлсөн гэх боловч шүүх шүүгдэгчээс төлсөн  баримтаар 2.140.000. төгрөгийг хохирогчийн ар гэрт төлсөн /хх-155,156/ гэж үзэж хэрэгт ирүүлсэн хохирлын баримтуудаар 28.723.650 төгрөг нэхэмжилснээс 10226283 төгрөгийн баримтыг үнэлж, төлөгдсөн 2148000 төгрөгийг хасч нийт 8.078.283 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Янжинлхамаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Цэцэгнямд олгохоор шийдвэрлэж, , бусад нотлох баримтын шаардлага хангаагүй 15816747 төгрөгийг мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд тооцсон 26664000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Цэцэгням нь цаашид нэхэмжлэх хохирлоо баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан хохирлын баримтаас нэр, хаяг тодорхойгүй, гаргацгүй  нотлох баримтын шаардлага хангаагүй Е баримтууд болох 15816747 төгрөгийн, хохирогчийн 1 нас 2 сартай охин С.Мөнхзулыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү 26664000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг асуудлыг хэлэлцэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул  хэлэлцээгүй орхиж  хэргийн 141-144 дүгээр хуудас дахь баримт, хэргийн 146 дугаар хуудсанд байх  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Цэцэгням, талийгаач нарын банкнаас авсан зээлээс 6.065.283 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Янжинлхам нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 120-р/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Янжинлхамын хувийн байдлын талаар гэрч Б.Энхжингийн  өгсөн...Б.Янжинлхам нь намбатай, хүнд тусархуу, нийтэч, ажилсаг зантай, Багаасаа эцэг эхийнхээ хамт мал малласан.Одоо нөхөр 2-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...  гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/

            Гэрч Б.Цогт-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Янжинлхам нь архи тамхи хэрэглэдэггүй, 2 хүүхдээ хараад гэртээ байдаг.2012 онд Дарви сумын дунд сургуулийг төгссөн, бүрэн дунд боловсролтой... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/, Б.Янжинлхамын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Янжинлхамд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан   хохирлын заримыг төлж, үлдсэн төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Янжинлхамыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн Б.Янжинлхамын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх тайлбар, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.Янжинлхам нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

 Шүүхээс: Шүүгдэгч Б.Янжинлхамыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 2.828.620 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жил 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тооцохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Янжинлхам нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бужий овогт Бат-Эрдэнийн Янжинлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Бужий овогт Бат-Эрдэнийн Янжинлхамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жил 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Янжинлхамд оногдуулсан 01/нэг/ жил 08 /найм/ хорих ялыг мөн  хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Янжинлхамаас хохирлын 8.078.283 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгнямд олгож, шүүгдэгч нь хохирогчид хохирлын 2.140.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Цэцэгням нь цаашид нэхэмжлэх хохирлоо баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Янжинлхамд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тооцсугай.

7.Шүүгдэгч Б.Янжинлхам нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримаар ирсэн шүүгдэгч Б.Янжинлхамын  1285837 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8.Шүүгдэгч Б.Янжинлхамд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Янжинлхамд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form