Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох 2030000000209 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр, гурван хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ..... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:................./ Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

 Яллагдагч Б.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг “ГТ” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд С.Д-г зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 гарын бугалга, баруун мөр, хоёр хөлийн гуя, шилбэ, ар нуруу, зүүн дал, өгзгөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч С.Д-н“...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд манай охин бид хоёр гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн ах болох Б.А манай гэрээр орж ирсэн юм. Тэгээд би Б.А ахаас морь хурдан уу гэж асуухад А ах миний морь хурдлах хурдлахгүй нь чамд ямар хамаатай юм гэхээр нь би та юу яриад байна вэ наадмын өдөр морь хурдан уу гэж асуухгүй өөр юу гэж асуух ёстой юм гээд бид хоёрын дунд маргаан үүссэн юм. Тэгээд би уурандаа Б.А ахад танайхан манай аавын адуугаар нааддаг биз дээ танайхны адуу хэзээ хурдалж байсан юм гэж хэлэхэд А ах гэнэт уурлаад гэрийн баруун хойно өлгөөтэй байсан суран хазаарыг аваад миний хоёр хөл, хоёр гар, нуруун хэсэгт ороолгож намайг газар унагаагаад миний цээжин дээр дарж суучхаад чамайг алчихъя гээд суран хазаараар миний биеийн энд тэндгүй ороолгоод байсан юм. Тэгээд би А ахаас “ахаа одоо больё намайг битгий зодоод байгаач өвдөөд байна” гэж гуйхад А ах намайг зодохоо болиод манай гэрээс гараад гэр лүүгээ явсан юм.Б.А ах намайг суран хазаараар их олон удаа ороолгож  зодсон. Мөнх миний хоёр хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Өөр зүйлээр зодож зохисон зүйл байхгүй. А ах архи уусан байсан. Гэхдээ согтолт нь гайгүй байсан. Б.А ах намайг ямар учраас зодсон талаар нь сайн мэдэхгүй байна. Намайг сумын эмнэлэгт хэвтэж байхад А ах миний эм тариаг  авч өгч байсан. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А ах манай нөхрийн  Хаан банкны 5638024465 дугаарын  дансанд эмчилгээний төлбөр гэж 700.000 төгрөг хийсэн. Би шүүх хуралд суухгүй. Миний зүгээс гаргах санал болон гомдол гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч А.М-н“...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд манай ээж бид хоёр гэртээ байж байхад манай аавын төрсөн ах Б.А ах манай гэрт орж ирэхээр нь манай ээж А ахаас “ах морь хурдан уу” гэж асууж байсан тэгсэн А ах морь хурдан хурдан гэж хэлчхээд чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд манай ээж А ахад хандан манай гэрт хүн ирээд би жаахан архи уусан юм гэж хэлж байсан. Тэгээд А ах манай гэрээс гараад мотоциклоо унаад хөдлөх гэж байтал манай ээж А ахыг тэврээд манай ахын уясан морь түрүүлнэ гээд тэврээд байсан. Тэгтэл А ах, ээжийг чи яах гээд байгаа юм гээд цаашаа түлхэхэд нь ээж газар унаад эргэж босож ирээд А ахыг зуураад байсан юм. Тэгсэн чинь А ах уурлаад мотоциклоосоо буугаад ээжийг гэр лүү чирч ороод чамайг би хүлчихье гээд А ах намайг уяа аваад ир гэхээр нь би А ахад уяа авч өгөхгүй байсан чинь гэрийн баруун хойно өлгөөтэй байсан сурыг аваад ээжийн дээрээс нь дарчхаад сураар ороолгож зодоод байсан юм. Тэгэхээр би айгаад гэрийн гадаа машин ороод суусан юм. Хэсэг хугацаанд машинд байж байгаад гэрлүүгээ ороход манай ээж гэрийн зүүн талд хэвтэж байсан. Харин А ах гэрийн үүдэнд сууж байсан. Тухайн өдөр Б.А ах архи уусан байсан. Харин манай ээж жаахан архи уусан байсан. Б.А ах манай ээжийг сураар ороолгоод мөн гараараа алгадаж байсан. Өөр зүйлээр зодож цохисон зүйл байхгүй. Намайг гадаа машинд сууж байхад яаж зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг харж байхад янз бүрийн зүйлээр зодож цохиогүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-16/,

 

Яллагдагч Б.А-гийн “... С.Д архи ухаараа их агсам манай ээжид хэд хэдэн удаа агсам тавьж байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн болох А-тай уулзах  гэж очсон юм. Тэгсэн А гэртээ  байхгүй түүний эхнэр С.Д нь архи уусан байдалтай  охинтойгоо гэртээ байсан юм.  Тэгээд би С.Д-г чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд би таны хөрөнгөөр архи уугаагүй гээд гэрийнхээ гадаа байсан пинтэй ааруулаа надруу шидсэн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд С.Д нь гэрт нь оруулаад суран ногтоор ороолгосон юм. Ер нь С.Д-г архи уухаараа агсам зантай. Манай ээжид 3.4  удаа агсам тавьж байсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сард архи уугаад манай ээжид агсам тавиад байшингийнх нь  цонхыг  хүртэл хагалж байсан. С.Д бид хоёр маргалдаж муудаж байхад Д-н охин болох 12 настай А.М байсан. Өөр хүн байгаагүй. Би С.Д-г гэрт нь байсан суран ногтоор ороолгож зодохоос гадна өөр зүйлээр зодож цохиогүй. Би Д-н бөгсөн биеэр нь 2 удаа ороолгосон, нуруун хэсэгт  нь нэг удаа ороолгосон, мөн хоёр хөлийнх нь гуя хэсгээр нь 2 удаа ороолгосон байх. Тухайн үед миний уур хүрээд яг хэд ороолгосноо сайн санахгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд А-гийнд очиход би архи огт уугаагүй байсан. Харин манай бэр Д  архи уусан байдалтай над руу агсраад байсан юм. Би С.Д-д эмчилгээний зардал гэж 700.000 төгрөг өгсөн. Миний буруу. Би буруугаа ойлгож байна. Миний ярьсан зүйл үнэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 357 дугаартай: 1. С.Д-н биед “тархи доргилт, хоёр гарын бугалга, баруун мөр, хоёр хөлний гуя, шилбэ, ар нуруу, зүүн дал өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Б.А-гийн ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30-31/

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 02/

 

            Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /03-04/

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/

 

            Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 23-27/

 

            Хаанбанкны Депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51/

 

             Шүүгдэгч Б.А-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 49/

 

- Шүүгдэгч Б.А-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 46/

- Шүүгдэгч Б.А-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 56/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/62 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 57 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 80 дугаартай санал /хх-58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг “ГТ” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд С.Д-г зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 гарын бугалга, баруун мөр, хоёр хөлийн гуя, шилбэ, ар нуруу, зүүн дал, өгзгөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Тэгээд би С.Д-г чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд би таны хөрөнгөөр архи уугаагүй гээд гэрийнхээ гадаа байсан пинтэй ааруулаа надруу шидсэн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд С.Д нь гэрт нь оруулаад суран ногтоор ороолгосон юм. Ер нь С.Д-г архи уухаараа агсам зантай. Манай ээжид 3.4  удаа агсам тавьж байсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сард архи уугаад манай ээжид агсам тавиад байшингийнх нь  цонхыг  хүртэл хагалж байсан. Би С.Д-г гэрт нь байсан суран ногтоор ороолгож зодохоос гадна өөр зүйлээр зодож цохиогүй. Би Д-н бөгсөн биеэр нь 2 удаа ороолгосон, нуруун хэсэгт  нь нэг удаа ороолгосон, мөн хоёр хөлийнхнь гуя хэсгээр нь 2 удаа ороолгосон байх. Тухайн үед миний уур хүрээд яг хэд ороолгосноо сайн санахгүй байна.... ”гэх,

хохирогч С.Д-н“...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд манай охин бид хоёр гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн ах болох Б.А манай гэрээр орж ирсэн юм. Тэгээд би Б.А ахаас морь хурдан уу гэж асуухад А ах миний морь хурдлах хурдлахгүй нь чамд ямар хамаатай юм гэхээр нь би та юу яриад байна вэ наадмын өдөр морь хурдан уу гэж асуухгүй өөр юу гэж асуух ёстой юм гээд бид хоёрын дунд маргаан үүссэн юм. Тэгээд би уурандаа Б.А ахад танайхан манай аавын адуугаар нааддаг биз дээ танайхны адуу хэзээ хурдалж байсан юм гэж хэлэхэд А ах гэнэт уурлаад гэрийн баруун хойно өлгөөтэй байсан суран хазаарыг аваад миний хоёр хөл, хоёр гар, нуруун хэсэгт ороолгож намайг газар унагаагаад миний цээжин дээр дарж суучхаад чамайг алчихъя гээд суран хазаараар миний биеийн энд тэндгүй ороолгоод байсан юм. Тэгээд би А ахаас “ахаа одоо больё намайг битгий зодоод байгаач өвдөөд байна” гэж гуйхад А ах намайг зодохоо болиод манай гэрээс гараад гэр лүүгээ явсан юм..... гэх,

Насанд хүрээгүй гэрч А.М-н“...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд манай ээж бид хоёр гэртээ байж байхад манай аавын төрсөн ах Б.А ах манай гэрт орж ирэхээр нь манай ээж А ахаас “ах морь хурдан уу” гэж асууж байсан тэгсэн А ах морь хурдан хурдан гэж хэлчхээд чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд манай ээж А ахад хандан манай гэрт хүн ирээд би жаахан архи уусан юм гэж хэлж байсан. Тэгээд А ах манай гэрээс гараад мотоциклоо унаад хөдлөх гэж байтал манай ээж А ахыг тэврээд манай ахын уясан морь түрүүлнэ гээд тэврээд байсан. Тэгтэл А ах, ээжийг чи яах гээд байгаа юм гээд цаашаа түлхэхэд нь ээж газар унаад эргэж босож ирээд А ахыг зуураад байсан юм. Тэгсэн чинь А ах уурлаад мотоциклоосоо буугаад ээжийг гэр лүү чирч ороод чамайг би хүлчихье гээд А ах намайг уяа аваад ир гэхээр нь би А ахад уяа авч өгөхгүй байсан чинь гэрийн баруун хойно өлгөөтэй байсан сурыг аваад ээжийн дээрээс нь дарчхаад сураар ороолгож зодоод байсан юм. Тэгэхээр би айгаад гэрийн гадаа машин ороод суусан юм...гэх мэдүүлэг..” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 295 дугаартай: 1. С.Д-н биед “тархи доргилт, хоёр гарын бугалга, баруун мөр, хоёр хөлний гуя, шилбэ, ар нуруу, зүүн дал өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Б.А-гийн үйлдлийн улмаас хохирогч С.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “ С.Д нь намайг сумын эмнэлэгт хэвтэж байхад А ах миний эм тариаг  авч өгч байсан. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А ах манай нөхрийн  Хаан банкны 5638024465 дугаарын  дансанд эмчилгээний төлбөр гэж 700.000 төгрөг хийсэн. Би шүүх хуралд суухгүй. Миний зүгээс гаргах санал болон гомдол байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ.

  Иймд шүүгдэгч Б.Аг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.А-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  шүүгдэгч  Б.А-д Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.          

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 4 метр 20 см-ын урттай, шанаан хэсэгтээ 2х2 диаметрын хэмжээтэй дугуй хэлбэртэй төмөр цагирагтай  суран ногтыг  Б.А-д буцаан олгохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “4 метр 20 сумын урттай, шанаан хэсэгтээ 2х2 диаметрын хэмжээтэй дугуй хэлбэртэй төмөр цагирагтай  суран ногтыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.А-д буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

7. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР