| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07879/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 159
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/00159 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 16 байр, 11 тоотод байрлах, “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо /РД:5881951/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 5-Б байр, 57 тоотод оршин суух, Бэсүүд овогт Шагдарын Гэрэлтуяа /РД:НИ74042120/
2.057.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо нь Ш.Гэрэлтуяагийн хүсэлтийн дагуу “Жимс жижиглэн” нэртэй өрхийн бичил бизнесээ өргөжүүлэх төсөлд нь зориулж, “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны Зээлийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2015/31/57 тоот зээлийн гэрээ хийж 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг сарийн 1.2 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай олгосон. Ш.Гэрэлтуяа нь зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тосгоны А-15 тоот хашаа байшингаа 20.000.000 төгрөгөөр үнэлж тавьсан. Тэрээр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлбөрөө хийж байгаагүй. Ш.Гэрэлтуяагийн үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 247.200 төгрөг, алданги 24.720 төгрөг нийт 2.271.920 төгрөг болсон. Үүнээс Ш.Гэрэлтуяа 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 224.000 төгрөгийг төлснийг зээлийн хүү алдангид суутгасан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Ш.Гэрэлтуяа нь барс хүнсний бөөний худалдааны төвлөрсөн зах дээр жимс ногооны лангуу түрээслүүлэн ажилладаг ба төлбөрөө хийх сонирхолгүй байсан. 2016 онд төлбөрийн шаардах хуудсыг 21 хоногийн хугацаатай өгсөн. Иймд иргэн Ш.Гэрэлтуяагаас үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 47200 төгрөг, алданги 720 төгрөг бүгд 2.047.920 төгрөг, нотариатын төлбөр 10000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шагдарын Гэрэлтуяа миний бие “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооноос 2.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2.057.920 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ш.Гэрэлтуяад холбогдуулан 2.057.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Гэрэлтуяа нь “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага 2.057.920 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ш.Гэрэлтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хариуцагч Ш.Гэрэлтуяагаас 23939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Гэрэлтуяа нь “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага 2.057.920 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 51202,16 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Ш.Гэрэлтуяагаас 23939 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 27263,16 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бичил бизнес бичил 12” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА