| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0168/э/ |
| Дугаар | 167 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А-т холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.... оны ...дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,/рд:......../ С.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.А нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ГБ гэх газар айлын өвөлжөөн дээр байсан 16.8см өргөнтөй 6 метрийн урттай 7 ширхэг турбо, 1 ширхэг хуйлсан уян хоолой зэргийг 2020 оны 03 дугаар сард хулгайлж, 1.876.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аавын хашаанд буулгасан байсан турбонуудыг би өөрийнхөө өвөлжөөн дээр буулгачихаад хулгайд алдчихсан. Хохирлоо нөхөн төлсөн гэв.
Хохирогч Т.С-н“...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багт 2019 оны 11 дүгээр сарын 10 дугаар сараас одоог хүртэл тус суманд худаг гаргаж байгаа юм. Анх 2019 оны 10 дугаар сард Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг, ГБ гэх газар С гэх айлын гадаа өвөлжөөн дээр нь 2019 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хот явахдаа турбо, хуванцар хоолой зэргийг буулгаж үлдээгээд явсан юм. 2020 оны 05 дугаар сарын 07-нд буцаад ирэхэд 16.8см өргөнтөй 6 метрийн урттай 19 ширхэг турбо, 150 см өргөнтөй урт 4 метр хуванцар хоолой 40 ширхэг, нарийн турбо 100 метр алга болсон байсан. Би А гэх хүнээс 16.8 см өргөнтэй, 6 м урттай 7 ширхэг трубоны мөнгө гэж 1876350 төгрөгийг авсан бөгөөд одоо надад гаргах санал хүсэлтгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч Ю.Г-н “....Т.А нь анх өвөлжөө рүүгээ аргал татчихаад ирье гээд намайг дагуулаад явсан бөгөөд Т.А-н өвөлжөөн дээр очиж бонго жи 3 маркын тээврийн хэрэгсэлд аргал аччихаад замаараа түүний аав С-гийн өвөлжөөгөөр дамжиж аргал ачаад хөдлөх үед тэнд хураалттай байсан турбоноос хэдэн ширхэгийг ачсан. ...өөрийнхөө өвөржөөн дээр буулгаад орхисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Ц.С-гийн “...Манайх 2019 оны 10 дугаар сарын эхээр өвөлжөөндөө буусан юм. Тэр үед орой 19 цагийн орчим манай гадаа турбо ачсан машинтай хүмүүс ирээд танай гадаа буулгаад үлдээе гэхлээр нь би хотноос жаахан зайтай буулгаж орхи, манайх хавар болтол нүүхгүй гэж хэлсэн. Хавар манайхыг хаваржаандаа буухаас өмнө ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд сураг чимээгүй алга болсон. Тухай үед надад тоо ширхэгээр нь хүлээлгэж өгөөгүй. Хавар манайх 2020 оны 03 дугаар сард нүүхдээ өвөлжөөн дээрээ орхиод нүүсэн. Манайхыг нүүх үед манай гадаа буулгасан юм бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Яллагдагч С.А-ын “....Тухайн үед би Г-н хамт Бонго Ж3 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн өвөлжөө болох ГБ гэх газар руу очиж тэндээс аргал ачаад буцах замдаа өөрийн төрсөн аав С-гийн өвөлжөөгөөр дамжаад мөн аргал ачих гэж очиход тус өвөлжөөний ертөнцийн зүгээ зүүн талд 2 хэсэг хуваасан том жижиг турбонууд байхаар нь би өөрийнхөө өвөлжөөний нуруун дээр тавьж бэхэлгээ хийх санаа төрөөд тус 2 хэсэг турбоны зүүн талын турбоноос 6 метр орчим урттай 7 ширхэг турбо, 1 шихэг хуйлсан шаланк зэргийг өөрийн эзэмшлийн Бонго жи 3 маркийн .... сүа улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад тус өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх өөрийнхөө өвөлжөөн дээр очиж тэнд Г бид 2 буулгаад гэр рүү харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-45/ ,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дүгээр багийн засаг даргын С.А-ын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/
- Шүүгдэгч С.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 54/
- Шүүгдэгч С.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 57/
-Шүүгдэгч С.А-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 62/
-Хохирогч Т.С-д 1 960 000 төгрөгийн хохирол төлсөн хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 64/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5/65 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 64 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 83 дугаартай санал /хх-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ГБ гэх газар айлын өвөлжөөн дээр байсан 16.8 см өргөнтөй 6 метрийн урттай 7 ширхэг турбо, 1 ширхэг хуйлсан уян хоолой зэргийг 2020 оны 03 дугаар сард хулгайлж, 1.876.350 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...аав С-гийн өвөлжөөгөөр дамжаад мөн аргал ачих гэж очиход тус өвөлжөөний ертөнцийн зүгээ зүүн талд 2 хэсэг хуваасан том жижиг турбонууд байхаар нь би өөрийнхөө өвөлжөөний нуруун дээр тавьж бэхэлгээ хийх санаа төрөөд тус 2 хэсэг турбоны зүүн талын турбоноос 6 метр орчим урттай 7 ширхэг турбо, 1 шихэг хуйлсан шаланк зэргийг өөрийн эзэмшлийн Бонго жи 3 маркийн .... сүа улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад тус өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх өөрийнхөө өвөлжөөн дээр очиж тэнд Г бид 2 буулгаад гэр рүү харьсан юм. Би өөрийн өвөлжөөн дээрээсээ хулгайд алдсан байсан...” гэх,
Хохирогч Т.С-н“...2019 оны 10 дугаар сард Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг, ГБ гэх газар С гэх айлын гадаа өвөлжөөн дээр нь 2019 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хот явахдаа турбо, хуванцар хоолой зэргийг буулгаж үлдээгээд явсан юм. 2020 оны 05 дугаар сарын 07-нд буцаад ирэхэд 16.8см өргөнтөй 6 метрийн урттай 19 ширхэг турбо, 150 см өргөнтөй урт 4 метр хуванцар хоолой 40 ширхэг, нарийн турбо 100 метр алга болсон байсан. Би А гэх хүнээс 16.8 см өргөнтэй, 6 м урттай 7 ширхэг трубоны мөнгө гэж 1876350 төгрөгийг авсан бөгөөд одоо надад гаргах санал хүсэлтгүй... ” гэх ,
Гэрч Ю.Г-н“....Т.А нь анх өвөлжөө рүүгээ аргал татчихаад ирье гээд намайг дагуулаад явсан бөгөөд Т.А-н өвөлжөөн дээр очиж Бонго жи 3 маркын тээврийн хэрэгсэлд аргал аччихаад замаараа түүний аав С-гийн өвөлжөөгөөр дамжиж аргал ачаад хөдлөх үед тэнд хураалттай байсан турбоноос хэдэн ширхэгийг ачиж өөрийнхөө өвөржөөн дээр буулгаад орхисон” гэх,
Гэрч Ц.С-гийн “...Манайх 2019 оны 10 дугаар сарын эхээр өвөлжөөндөө буусан юм. Тэр үед орой 19 цагийн орчим манай гадаа турбо ачсан машинтай хүмүүс ирээд танай гадаа буулгаад үлдээе гэхлээр нь би хотноос жаахан зайтай буулгаж орхи, манайх хавар болтол нүүхгүй гэж хэлсэн. Хавар манайхыг хаваржаандаа буухаас өмнө ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд сураг чимээгүй алга болсон. Тухай үед надад тоо ширхэгээр нь хүлээлгэж өгөөгүй. Хавар манайх 2020 оны 03 дугаар сард нүүхдээ өвөлжөөн дээрээ орхиод нүүсэн. Манайхыг нүүх үед манай гадаа буулгасан юм бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн “ Ф168 6 метр урттай 7 ширхэг турбо, ф150 диаметртэй урт нь 4 метр хуванцар хоолой 1 ширхэг зэргийг 1 876 350 төгрөг гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.А-ын хохирогч Т.С-н эзэмшлийн 16.8 см өргөнтөй 6 метрийн урттай 7 ширхэг турбо, 1 ширхэг хуйлсан уян хоолой зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
С.А-ын үйлдлийн улмаас хохирогч Т.С-д 1 876 350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.С нь “ С.А миний хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлсэн мөн ХААН банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.А-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч С.А-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах”, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна
Шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч С.А-т зан үйлээ засах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.А-т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР