| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08062/И |
| Дугаар | 168 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 168
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/00168 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скаймедиа корпораци” ХХК /РД:2619032/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Луна плаза 6 давхар, 602 тоотод байрлах, “Эко минерал” ХХК
Гэрээний үүрэгт 218792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Скаймедиа корпораци” ХХК болон “Эко минерал” ХХК хооронд 2014 оны 04 сарын 15-ны өдөр 29233 тоот Скай медиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан ба сар бүр 88000 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар 141.528 төгрөг хуримтлагдсан байна. Манай байгууллагын зүгээс дээрхи төлбөрийг төлөхийг амаар болон бичгээр удаа дараа сануулж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. Иймд “Скаймедиа корпораци” ХХК болон “Эко минерал” ХХК нарын хооронд байгуулсан Скай медиа гурвалсан үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 , 3.5, 9 дүгээр зүйлийн 9.3 -ийг тус тус үндэслэн үйлчилгээний төлбөр 141,528 төгрөг, торгууль 70764 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг нийт 218.792 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эко минерал” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 218792 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч “Эко минерал” ХХК нь үйлчилгээний төлбөр 141528 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг нийт 148.028 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул “Скаймедиа корпораци” ХХК нь торгуульд нэхэмжилсэн 70764 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч “Эко минерал” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 218792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эко минерал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 148.028 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч “Эко минерал” ХХК-д холбогдуулан гаргасан 218792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7214 төгрөгийн 3607 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч “Эко минерал” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 218792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7214 төгрөгийн 50 хувь болох 3607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 3607 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА