| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1196/Э |
| Дугаар | 1225 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.П |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 1225
2020 12 15 2020/ШЦТ/1225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Н,
Улсын яллагч О.П,
Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х овогт О-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008 01877 1371 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 22-нд Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 21 дүгээр гудамж 48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, үлдэгдэл ял 02 жил 01 сар 04 хоногтой, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн О овогтой Б /РД: ..................../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2020.05.06-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 2-9 тоотын гадаа иргэн Б.А-ын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.Б нь 2020.05.06-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 2-9 тоотын гадаа иргэн Б.А-ын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон болох нь :
- хохирогч Б.А-ын...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 2 дугаар гудамжинд хүрээд ир гэхээр нь би яваад очтол Б нэг найзтайгаа 0.75 литр Хараа гэдэг нэртэй архи аваад бид 3 хуваагаад уусан юм...Орой 21:00 цагийн үед би харилаа гээд хэлтэл Б ах нь чамайг зам руу дөхүүлээд өгье гэхээр нь би хэрэггүй, өөрөө явчихъя гээд гарч явтал миний араас гарч ирэхээр нь хашаанаас нь гараад гүйтэл миний араас гүйж ирээд намайг барьж аваад “утсаа өг” гээд миний цамцнаас татсан, би гэрлүүгээ орж байгаад мөнгө аваад өгье гээд хэлтэл, чи явах юм бол зугатаачихна гээд байсан, би өөрийнхөө утсыг оймсныхоо түрийнд нуусан байсан чинь Б намайг ална шүү гээд намайг нэгжээд миний оймсноос утас авах гэхээр нь өгөхгүй гээд бид 2 ноцолдоод намайг унагаагаад миний утсыг булааж аваад яваад өгсөн юм. Миний гар утас 2019 онд 400.000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /хх-34-38/,
- гэрч Б.У-ийн“...2020.05.06-ны өдөр Б гар утсыг нь ноцолдож байгаад аваад явчихсан гэж манай дүү надад хэлсэн. Манай дүү А-ын гар утас нь Хуа вэй писмарт гэдэг нэртэй 2019 оны загварын утас байсан. Үнэ нь 400.000 төгрөгөөр авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 99/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 11-ний №20/007 дугаартай үнэлгээ : Хуйвэй Пи смарт маркийн гар утасны үнэ 300.000 төгрөг /хх-51-53/,
- шүүгдэгч О.Б-гийн“...тухайн үед би А-ын оймсон дотроос авсан гар утсаа замдаа явж байгаад хаячихсан байсан...Би тухайн үед согтуу байсан болохоор дээрх гэмт хэргийг үйлдсэн...Би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн, хэн нэгэн надтай оролцоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 95-98/, шүүх хуралдаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчид гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол /хх-52, х-16-17/ учирсныг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул бусдад төлөх төлбөртэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжтай байх / хх-71, 79-87, 108/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.
Шүүгдэгч нь ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, хувийн хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний амьдрал бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-57-61, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 04 хоногийн хорих ялыг / хх-79-87, 108/ нэмж нэгтгэн О.Б гийн биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б г 2020.10.27-ны өдөр хорих ангиас шилжүүлэн цагдан хорих шийдвэр гарсан /хх-102-103/ боловч түүнийг 2020.10.30-ны өдөр тийнхүү хорих ангиас шилжүүлсэн авчирч, цагдан хорьсон /хх-108, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус өдрөөс 2020.12.15-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн О.Б гийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б гийн цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б гаас 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Азболдод олгосугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тус хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэг бүхий компакт дискийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацааг дуустал хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч О.Б г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.