Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1178

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Ч.Э, Д.А, тэдний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овгийн Ч.Э, Б овгийн Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1365 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. У овгийн Ч.Э, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл найм, эх, ах, таван дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1411 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

2. Б овгийн Д.А, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл долоо, эцэг, эх, эгч, гурван дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 976 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч овогтой Э, Д овогтой А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 3-ны 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 68 дугаар гудамж, ** тоот хашааны гадна хохирогч Г.Ч-ын зүүн гуянд, хохирогч Б.Д-ын баруун гуянд тус тус 1 удаа хутгаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч У овгийн Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 68 дугаар гудамжны ** тоот хашааны гадна хохирогч Г.Ч-ын зүүн гуя руу нэг удаа хутгалж “...зүүн гуянд зүсэгдсэн шарх...”, хохирогч Б.Д-ын баруун гуя руу нэг удаа хутгалж “...баруун гуянд шарх...” бүхий хоёр хүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч нарыг би хутгалсан. А хутгыг айлаас авч гарч ирсэн бөгөөд би өөрөө түүнээс хутгыг авсан юм. Түүнээс биш А надад хутгыг май гэж өгөөгүй, мөн хохирогч нарыг хутгалах үед хамтарсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Д.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирогч нарыг айлгах зорилгоор айлаас хутга авч гарч ирсэн бөгөөд надад хутгалах зорилго байгаагүй, зүгээр айлгая гэж бодсон юм. Харин тэр үед Э миний барьж байсан хутгыг аваад хохирогч нарыг хутгалчихсан юм. Би хүн хутгалах үйлдэлд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Ч-ыг тамхи олоод ирээч гээд буцаагаад Б-ийн гэр лүү оруулсан байсан. Э хамт энэ айлд оръё гэхээр нь араас нь дагаад хашаад орсон. Байшингийн үүдэнд очоод би “орохгүй ээ” гэж хэлсэн. Э байшингийн хаалгыг татаад онгойлгох үед А айлын гал тогооны шүүгээ ухаж харагдсан. Энэ үед Э байшингийн хаалгыг буцаагаад хаасан. Ч 2 ширхэг тамхи авч ирж өгсөн учир бид хашаанаас гараад үүдэнд зогссон. А хашаанаас гарч ирэхэд бид нарын зогсож байсан хашаанаас Бу-ийн дүү Ба дээгүүрээ нүцгэн гарч ирээд “юу болоод байн байн орж гараад байгаа юм” гэж асуухад Э “чи хэн юм, ална шүү, эндээс яв” гэж хэлсэн чинь А гартаа хутга барьчихсан би хутгалчих уу гээд байсан. Тэгэхээр нь Ч бид хоёр эвээр учирлаж байгаад болиулаад холдуулахад Ба гэртээ орсон. Биднийг гудамжинд зогсож байхад Э “Нарангийн голд намайг асуугаарай” гээд А-гаас хутгыг нь аваад Ч руу дайраад байхаар нь би “агаа одоо боль” гээд араас нь 2 гартай нь давхар тэврээд авсан чинь Э миний баруун гуя руу хутгаараа хатгасан. А татаж салгаад нүүр хэсэг рүү гараараа цохисон. Ч холдоод Бу-ийн гэр рүү орсон байсан. Э дахин над руу хутга бариад дайраад байхаар нь би гудамж уруудан зугтаасан. Хэсэг хугацааны дараа Бу-ийн гэр рүү явж очсон чинь цагдаа нар ирсэн байсан. Миний баруун гуя угаараа хатгуулж өвдөөд байгаа бөгөөд хутгалуулсан оёдол бүхий шарх байгаа, өөр гэмтэл байхгүй. Ч-ын биед учирсан гэмтлийг хэрхэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна. Надад эмнэлгээр үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байхгүй. Тухайн хүмүүсийн гаргасан үйлдэлд гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-17 дугаар хуудас);

4. Хохирогч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр гэрт нь хэсэг сууж байгаад гараад ирэхэд Бу-ийн хашааны эсрэг талын хашааны үүдэнд нэг залуу ганцаараа зогсож байгаад надаас “татаж байгаа тамхиа өгчих” гэхээр нь би гүүнд тамхиа өгөөд юм яриад суусан. Бид гурав зүгээр юм яриад байж байхад зүс таних А хүрч ирээд намайг явган сууж байхад цээж хэсэг рүү шууд өшиглөсөн. “Чи яаж байна аа” гэхэд Д холдуулан салгасан чинь Э (сүүлд нэрийг нь мэдсэн) гэх залуу “бацаанууд хоорондоо муудалцахгүй шүү” гэж хэлээд болиулсан. Тэгтэл А бид нарын зогсож байсан хаалгагүй хашаа руу ороод байшин руу нь орсон. Э намайг тамхи олоод ирээч гэхээр нь би Бу-ийн гэрт ороод дүү Ба-аас нь 2 ширхэг тамхи гуйж аваад, гадаа хоёр хүн дээрэлхээд байна, хамт гарах уу гэхэд чи түрүүлээд гарч бай гэсэн. Гарч ирээд тамхиа Э-д өгсөн. Тэр үед А айлаас гарч ирээд бид 4 уулзаад зогсох үед Ба хашаанаасаа цээж нүцгэн гарч ирээд “юу болоод байгаа юм, чи хэн болоод хүн дээрэлхээд байгаа юм” гэх зэргээр хэлтэл Э уурлаад “чи хэн юм, ална шүү” гээд Ба руу дайраад байсан. А-гаас хутга аваад Ба руу дайраад байхаар нь би Э-ыг түлхэж холдуулаад Ба-г гэрт нь оруулсан. Тэгээд Э, А, Д бид 4 анх зогсож байсан (А-н орж гараад байсан) хашааны гадаа зогсож байхад Э ямар нэгэн шалтгаангүйгээр “ална шүү, та нар намайг Нарангийн голд мэдэх үү” гэх мэтээр хэлж над руу хутга бариад дайраад байсан. Тэгэхэд Д Э-ыг хойноос бариад авахаар нь би хойшоо ухарсан чинь А, Д-ыг татаж Э-аас холдуулаад зодох гэж байхад нь Э над руу гүйж ирээд зүүн гуя руу хутгаар нэг удаа хатгасан. Би цааш яваад Бу-ийн гэрт орсон. Энэ үед гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Миний гуянаас цус их гараад байсан болохоор Ба цагдаа түргэн тусламж дуудаж өгсөн. Цагдаа, түргэн тусламж ирсэн байхад Д гаднаас мөн гуяндаа хутгалуулсан байдалтай орж ирээд бид 2 хамт эмнэлэг очиж үзүүлсэн. Миний зүгээс хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Миний зүүн гуя хэсэгт хутганы шарх байгаа, явах үед хөндүүрлэдэг, өөр гэмтэл байхгүй. Бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээд дараа нь унтаж амарсан байсан болохоор дунд зэргийн согтолттой болсон байсан. Надад 77,820 төгрөгийн баримт байсан боловч Э өөрийн сайн дураар 150,000 төгрөг өгч туслалцаа үзүүлсэн, бид хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27, 156 дугаар хуудас);

5. Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын **** тоот өөрийн гэртээ 23 цагийн үед унтаж амарч байсан. Шөнө 03 цагийн үед цагдаа нар орж ирээд А-г асуухаар нь би мэдэхгүй гэж хэлэхэд А танай гэрээс хутга авч гараад хүн хутгалсан байна гэхээр нь гэрт байдаг модон иштэй хүнсний хутгыг хайсан чинь олдоогүй. Манай гэрт угаасаа нэг л хутга байдаг. Ан гэрт цагдаа нартай хамт очиход хүн байхгүй байсан. Миний гэрийн хутга олдоогүй. Тухайн өдөр хаалгаа цоожлоогүй унтаж амарсан байсан. Би хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй...Ичинхорлоогийн төрсөн хүү нь А байгаа юм. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд болохоор их ойр дотно өссөн. А манай гэрээр байнга орж, гарч байдаг. Манай гэрт хүн байхгүй байх үед ч ирдэг. Энэ үед бид гэрийн түлхүүрээ өөрсдөө өгдөг. Манай гэрээр орж гарах эрхтэй хүн. Манай гэрээс хулгайд алдагдсан зүйл байхгүй. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52, 148 дугаар хуудас);

6. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч ах гараад явсан бөгөөд 5-10 минутын дараа орж ирээд “бид хоёрыг зодох гээд байх шиг байна” гэхээр нь би “эрүүл хоёр хүн байхад та хоёрыг хэн зодох билээ” гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд нөгөө хоёрыг үнэхээр зодох гээд байгаа юм болов уу гэж бодоод гэр лүүгээ оруулах санаатай гарахад тэр хоёр өөр танихгүй 2 залуутай хамт юм яриад зогсож байсан. Би очоод “юу болоод байгаа юм” гэхэд хариулахгүй болохоор нь Ч ахыг дагуулаад гэртээ орсон. Ч ахын найз Д гэх залуу нөгөө хоёр танихгүй залуутай хамт үлдсэн. Удалгүй Ч ах найзыгаа оруулаад ир гээд хэлэхээр нь гарсан чинь намайг “чи хэн юм” гээд уурлаад дайраад байсан. Би түүнтэй маргалдаж муудалцсан зүйлгүй. Гэртээ орж ирэх үед Ч ах зөрөөд гарсан. Намайг орондоо ороод унтах гээд хэвтэж байхад 30 орчим минутын дараа Ч ах хөлдөө хутгалуулсан байдалтай орж ирсэн. Ч ах надад хэлэхдээ гадаа байсан 2 залуугийн нэг нь намайг хутгалчихсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 151-152 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 10144 дугаартай шинжээчийн: “...Г.Ч-ын биед зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 33-34 дүгээр хуудас);

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10168 дугаартай шинжээчийн: “...Б.Д-ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 40-41 дүгээр тал);

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-5 дугаар хуудас), шүүгдэгч Ч.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 81 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1411 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх албан тоот (шинээр гаргаж өгсөн), шүүгдэгч Д.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 108 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоол;

10. Шүүгдэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гараад иртэл Э зүс таних залуугийн хамт юм яриад сууж байсан. Би нэг залууг нь хөлөөрөө өгзөг орчимд нь 1 удаа өшиглөсөн чинь Э болиулсан. Тэгээд бид xoорондоо юм яриад сууж байхад Э тэр 2 залууг “тамхи олоод ирээч” гэж хэлсэн. Хар хувцастай намхан залуу нь тамхи авахаар М-ийн урд хашаа руу орсон. Би М-ийг сэрээж хувцсаа авахаар гэрт нь орсон. Гадаа Э нөгөө 2 залуутай маргалдаад байсан тул тэднийг айлгах санаатай хутга гэрээс нь аваад гарсан. Хашаанаас гараад иртэл урд хашаанаас дээгүүрээ нүцгэн залуу гарч ирээд “та нар яагаад наад хоёроо дээрэлхээд байгаа юм” гэж хэлсэн чинь Э уурлаад маргалдаад байсан бөгөөд намайг хутга барьсан байхыг хараад “наад хутгаа аваад ир” гээд надаас хутга авч тэр залууг айлгаад гэрт нь оруулсан. Тэгээд Э 2 залууд хандан “би та хоёрыг дээрэлхсэн үү гөлөгнүүдээ” гээд зодох гээд дайраад байсан бөгөөд нэг залуу нь Э-ын араас зуураад авахаар нь би түүнийг татаж холдуулаад гараараа нэг удаа цохих үед Э нөгөө намхан хар хувцастай залууг хөөгөөд айлын хашаа руу оруулчхаад миний цохисон залууг зодох гээд хөөхөд нь тэр залуу зугтаасан. Тэгээд бид хоёр М-ийн гэрээс яваад Э-ын төрсөн ахын гэрт хоносон. Би Э-аас нөгөө хутгаа яасан бэ гэж асуухад “би хаячихсан, гэхдээ хаана хаяснаа санахгүй байна” гэж хэлж байсан. Намайг Д-ыг цохиж байхыг Э харж байсан. Би дунд зэргийн согтолттой байсан болохоор болсон үйл явдлыг сайн санаж байна. Гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй. Ч гэх залуугаас сонсоход Э хөөж гүйхдээ хутгаар зүссэн байсан. Э тухайн үед хутгатай байсан, Э-ыг хутгалсан гэж бодож байна. Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг сайн ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна. Надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 130-131 дүгээр хуудас);

11. Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гудамжинд миний үеийн 2 залуу  явж байхаар нь тамхи асуусан чинь нэг нь “би гэрээс тамхи аваад ирье” гээд М-ийн урд байдаг хашаа руу орсон. Би согтсон байсан болохоор түүнээс хойших зарим зүйлийг сайн санахгүй байгаа, маргалдсанаа мэдэхгүй байна. Харин дээгүүрээ нүцгэн байсан нэг залуутай маргалдаж байснаа санаж байна. Мөн Ч-ын биед гэмтэл учруулснаа санаж байна. Харин Д-ын биед гэмтэл учруулснаа санахгүй байна, гэхдээ надаас өөр хутгатай хүн байхгүй байсан болохоор би учруулсан байх. Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 142-143 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ч, Б.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Талууд гэмт хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримт буюу гэм буруугийн талаар маргаагүй боловч анхан шатны шүүх хууль зүйн хувьд дараах үндэслэлээр шүүгдэгч Д.А, Ч.Э нар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэгдүгээрт, талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл шүүгдэгч Ч.Э хохирогч нарын гуя руу хутгалж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд шүүгдэгч Д.А санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хоёрдугаарт, шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ч.А нь айлаас хутга гаргаж ирсэн, улмаар бусдыг айлгасан үйлдэл нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоогүй, харин шүүгдэгч Ч.Э-ын үйлдсэн хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл болжээ.

Өөрөөр хэлбэл, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл хоёр нь харилцан адилгүй хууль зүйн ойлголт бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байвал тухайн зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэх учиртай.

Харин шүүгдэгч Ч.А-н айлаас хутга гаргаж ирсэн, улмаар бусдыг айлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль нэгэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч түүний үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг хангаж байвал уг хуулиар хариуцлага хүлээлгэх эсэх асуудал нь прокурорын хяналтад хадгалагдан үлдэж байгааг дурдах нь зүйн хэрэг.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг хангасан боловч бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Ч, Б.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Ч 150,000 төгрөгийн хохирол авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус бичгээр хүсэлт гаргасан (хх-ийн 165-166 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Ч.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.А, Ч.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна. Учир нь шүүгдэгч Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий 2 хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан боловч гэмшээгүй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өндөр хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Шүүгдэгч А-н үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэж байна. А анхнаасаа хутгыг тухайн айлаас авч гарч ирж Эад өгөөгүй байсан бол хоёр хүний эрүүл мэндэд хохирол учрахгүй, нэг хүн гэмт хэрэгт холбогдохгүй байсан гэж үзсэн тул улсын яллагчийн зүгээс бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Мөн яллах дүгнэлтэд хутгаар хатгаж биш бүлэглэн халдаж үйлдсэн гэж зүйлчилсэн. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдсон. Хохирол төлбөрийн хувьд бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Хохирогч Ч-д 150,000 төгрөг төлсөн. Хохирогч Д холбогдох баримтаа бүрдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаар ухамсарлан ойлгож гэмшсэн, цар тахалтай холбоотой одоогийн байдлын улмаас орлогогүй хүнд нөхцөлд байна. Иймд шүүгдэгч Д.А-д 240 цаг, Ч.Э-д 280 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газарт (ОНӨААТГ) өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, мөн урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил аваагүй хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг, шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргээс мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтаас иш татаж хэрэглэсэн “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 2.У овгийн Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-д сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Э, Д.А нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА