Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01526

 

С.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалтай,

С.Г-гийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор болон цалин хөлс 21.741.210 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэ, Э.Билэгсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амгалансуурь, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 6 дугаар сарын 20-нд “Н” ХХК-д ажилд орсон,  нэг сарын цалин 1.179.019 төгрөг. 2015 оны 7 дугаар сарын 1-нд жирэмсний амралт авсан. Амралт авахаас өмнө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 13 дугаар сарын цалин болон инфляци 2013 оны 6 дугаар сарын 20-ноос 2015 оны 6 дугаар сарын 20 хүртэл буюу 2 жилийн хугацаанд олгох байсан олгоогүй. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн,  2017 оны 1 дүгээр сарын 1-нд ажилдаа эргэн орохоор болж, ажилд орох тухай өргөдлөө өгсөн боловч одоо хүртэл надад албан ёсны хариу өгөөүй. Н ХХК-ний хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисст 2017 оны 9 дүгээр сарын 5-нд өргөдлөө өгсөн. Би нялх хүүхэдтэй учраас очиж амжихгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 6-нд Хүний нөөцийн менежер н.Хулан болон хуулийн зөвлөхтэй уулзахад Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хээрийн ангид ресепшин албан тушаал санал болгосон. Би бага насны 3 хүүхэдтэй тул ажиллах боломжгүйг хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр и-мэйлээр ажиллуулах боломжгүй гэдэг хариу ирсэн. Иймд урьд ажиллаж байсан Н ХХК-ийн ресепшин албан тушаалд эгүүлэн томилж, ажиллуулаагүй хугацааны цалин 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 8-ны хүртэл 12 сар 8 хоног буюу нэг сарын үндсэн цалин 1.179.019 х12 сар 8 хоног=14.462.633.1 төгрөг, Арева Монгол ХХК, Н ХХК хоорондын гэрээнд зааснаар үндсэн цалингийн 6% болох 1.179.019 х 6% = 70.741.14 х 2жил = 1.697.787.36 төгрөгийн инфляци (жишиг албан тушаалтан болох, цахилгаанчин, жолооч нарын адил нэмнэ.) гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар 13 дугаар сарын цалин бодож олгох, нэг сарын үндсэн цалин 1.179.019 х 2жил= 2.358.038 төгрөг нийт 18.518.458.5 нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2017 оны 12 дугаар сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 2 сар 22 хоногийн цалин 1.179.019 х 2сар 22 хоног= 3.222.751.93 төгрөг, нийт 21.741.210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С.Г- нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, оффис ресепшин албан тушаалд ажилд орсон. Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талуудын хэн алины зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авч, 2017 оны 01-р сард ажилд эгүүлэн орох өргөдөл гаргасан. Ажил олгогчийн зүгээс түүний ажиллаж байсан албан тушаал дээр өөр ажилтан ажиллуулж байгаа тул түүний өмнө хийж байсан хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг өөрчлөхгүйгээр өөр төсөл дээр ресепшин албан тушаалд ажиллуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч С.Г-гийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н ХХК-ийн хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх коммист өргөдөл гаргах тухай гэсэн толгой бүхий ажилд орохыг хүссэн өргөдөл гаргасан. Манай компанид ажил олгогч болон ажилтны төлөөлөх бүхий маргаан таслах зөвлөл байхгүй боловч нэхэмжлэгч С.Г-гийн өргөдлийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүний нөөцийн менежер С.Хулан, хуульч С.Батчимэг, Т.Оюун-Эрдэнэ нарын хамт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар компанийн зүгээс С.Г-д өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байр болон хөдөлмөрийн гэрээний дагуу авч байсан цалин, хөлснөөс дордуулахгүй нөхцөлөөр өөр албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс 13 дахь сарын цалин, инфляцын нэмэгдлээр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг авах, харин ажилд эргэн орох хүсэлгүй байна гэсэн хүсэлтийг тавьсан. Компанийн удирдлагын зүгээс түүний хүсэлтийг хэлэлцээд С.Г-гийн зүгээс компаниас тавьж буй санал болох өмнөх хийж байсан ажилтай ижил нөхцөл бүхий ажилд эгүүлэн авах саналын хүлээн авах боломжгүй гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн, түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр и-мэйлээр мэдэгдсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь компаниас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг маргаан таслах комиссын шийдвэр гэж үзсэнч хуульд заасан комиссын шийдвэрт гомдол гаргах хугацаа буюу 10 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Г- нь эрх ашиг нь зөрчигдсөн асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-г хариуцагч Н ХХК-ийн хүлээн авагч /ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Н ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.339.043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13.402.167,43 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.Г-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч С.Г-гийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.542 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 66.515 төгрөгийг, бүгд 317.057 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгон, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 148.374 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 148.374,69 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэ, Э.Билэгсайхан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

С.Г-гийн зүгээс 2017.09.05-ны өдөр өргөдөл гаргасны дагуу 2017.10.06 өдөр уулзалт хийж, уг уулзалтаар С.Г- нь 13 дахь сарын цалин, инфляцийн нэмэгдэл болон ажилгүй байсан хугацааны цалин өгөхийг хүсэж, ажилдаа эргэн орох хүсэлгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн бөгөөд энэ 2017.10.06-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2017.10.09-ний өдрийн манай компанид хандаж гаргасан хүсэлтээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд буюу 13 дахь сарын цалин, инфляцийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин авахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр манай компанийн зүгээс и-мэйл хариуг явуулсан. Өөрөөр хэлбэл манай компаниас явуулсан 2017.11.08-ний өдрийн и-мэйл нь нэхэмжлэгч С.Г-гийн хүссэн цалин болон бусад төлбөрийг өгөх боломжгүй гэсэн агуулга бүхий хариу бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанчлан 2017.08 сард С.Г-гаас ажлаас халаад, 2017.11.08-ний өдөр мэдэгдсэн асуудал огт биш юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, талуудын тайлбарт огт дүгнэлт хийлгүйгээр манай компанийн зүгээс С.Г-г ажлаас халж, түүнийгээ 2017.11.08-ний өдөр мэдэгдсэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн С.Г-гийн хувьд жирэмсний амралттай байх хугацаанд ажилдаа эргүүлэн орох хүсэлт гаргасан, манай компанийн зүгээс хүсэлтийг хүлээн авч өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн аваагүй бөгөөд 2017.08.15-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2017.08.22-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг тодорхой үйл баримтын талаар огт дүгнэлт хийлгээгүй буюу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн болно. Гэтэл С.Г-гийн зүгээс жирэмсний амралтын хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ажилд эргэн орох хүсэлт гаргасан манай компанийн зүгээс боломжгүй гэх хариуг 2017 оны 01 сар, 03 сард мэдэгдсэн болохыг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлаж, уг асуудлаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг, шүүх 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан хэрнээ манай компанийн С.Г-г 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халж, энэ талаар 2017 оны 11 сарын 09 мэдэгдсэн мэтээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хаана ч байхгүй дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нэг шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар шийдвэрлэхдээ өөр хоорондоо үгүйсгэсэн дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргасан байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Г-гийн нэхэмжлэлийг хариуцагч “Н” ХХК эс зөвшөөрөхдөө “...өөр ажил санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

С.Г- нь “Н” ХХК-д хүлээн авагчаар ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүүхэд төрүүлсэн, ажил олгогч түүнд  2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ба  нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан ажилдаа орох хүсэлтэд хариу өгөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4. 40 дүгээр зүйлийн 40.3.-т-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа  ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар  цуцлахыг хориглоно.  

Хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, нэхэмжлэгч ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч түүнийг өмнө эрхэлж байсан ажилд томилоогүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан хүлээн авагч /ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 8.339.043 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаар хангах боломжгүй байгаа тухайгаа 2017 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр и-мэйлээр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 8-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тохиолдолд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00505 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1182 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюун-Эрдэнэ, Э.Билэгсайхан нарын гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 148.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ