| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2018/0380/З |
| Дугаар | 558 |
| Огноо | 2018-09-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 558
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А Т ХХК,
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 1-4/1011 тоот албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуулийн дагуу захиргааны акт /лиценз/ гаргахыг даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , Ж.А , гэрч Б.Б , М.Ч , Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль /2015.08.07/ батлагдан гарахаас өмнөх хуулийн дагуу цагдаа, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр оруулж ирсэн гарт зэвсгүүдийг шинэчилсэн хуулийн хүрээнд спорт, сургалтын зориулалтаар борлуулж байна.
Дээрх галт зэвсгүүдийг оруулж ирэн цагдаа, тагнуулын байгууллагад мэдэгдсэн байсан тул Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно гэж заасан байгаа.
Тийм учир бидний зүгээс ангийн бууны зориулалттай ашиглаж болно гэсэн үндэслэл дээр спорт сургалтаар борлуулах шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа.
2012 онд 580 ширхэг галт зэвсэг оруулж ирэхээр гэрээ хийж урьдчилгаа болох 71,490 долларыг шилжүүлсэн байсан. 2012 оноос хойш захиргааны байгууллагын үйл ажиллагааны доголдлоос болж манай компани бараагаа авч чадахгүй байдалд хүрч сая хүсэлтээ дахин гаргахад боломжгүй гэсэн хариу авсан байгаа. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Бид квотын хүрээнд хилээр оруулж ирэн тохируулж, улмаар ОХУ-тай гэрээ хийсэн байгаа. Гэвч тухайн хүсэлтэд боломжгүй гэсэн хариу өгсөн тул бид хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Бид спорт сургалтын зориулалттай оруулж ирэн улмаар эзэмшүүлэхээр олгоно. Тэрнээс ан агнах зориулалтаар худалдахгүй. Зөвхөн спорт сургалтын зориулалтаар худалдах юм. Мөн өмнө нь оруулж ирсэн галт зэвсгүүдийг хуулийн хүрээнд нь ан агнах боломжтой гэж үзэж байна. Бид хуульд нийцүүлж ан агнуурын зориулалттай байх боломжтой талаарх хүсэлтээ удаа дараа албан бичигтээ илэрхийлсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Асе трэвел ХХК-ийн энэ асуудал нь 2015 оны хууль батлагдсанаас хойш удаа дараа манайд хандсан. Үүнээс Хууль зүйн сайд асан н.Бямбацогтын гарын үсэгтэй 2 удаа, н.Баясгалан даргын гарын үсэгтэй 2 удаа, нийт 4 удаа хариу өгсөн байгаа. Хамгийн сүүлд бидний зүгээс хурлаар авч үзэхдээ нэгдүгээрт 2015 оны шинээр батлагдсан Галт зэвсгийн тухай хууль байсан. Нэхэмжлэгч талаас Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг тайлбарлаж байна. Энэ хууль бол худалдан авч эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол зориулалтаар ашиглаж болно гэсэн байгаа.
Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д хууль хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг ангийн бууны зориулалтаар худалдахыг хориглоно гэж заасан байгаа. Энэ заалтын хүрээнд 93 галт зэвсгийг ангийн бууны зориулалттай бус спортын зориулалтаар худалдаж авахыг хурлаар зөвшөөрсөн байгаа. Мөн Эдийн засгийн яамнаас лицензийн дагуу олгосон 180 ширхэг галт зэвсгийг оруулж ирэхийг хүссэн. Энэ үед бол нэгдүгээрт Галт зэвсгийн тухай хууль 2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байгаа үйл явдал юм. Улмаар энэ маргааныг үндэслэж Шүүхийн шинжээчийн хоёр дүгнэлт гарсан байгаа. Эхний шинжээчийн дүгнэлтийг комисс ойлгомжгүй байна гэж үзсэн байгаа. 2013 онд Эдийн засгийн яамнаас олгосон лицензийг дахиж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгох эрх зүйн үндэслэлийг нь бид нар харсан байгаа.
Улмаар олгосон лицензийг нөхөн олгох байдал ерөөсөө олгогдоогүй байсан. Хоёрдугаарт галт зэвсэг нь эргээд нийгэмд маш их хор хөнөөл учруулж байгаа тул бид хуулийн хүрээнд асуудлыг авч үзсэн байгаа. Мөн Монгол Улс нь Нэгдсэн Үндэсний байгууллагад элссэн улс учир энэ үүднээс амьтныг хороох, тарчлаах байдлыг хориглосон. Тийм учраас комисс олон талаас нь авч үзэж боломжгүй гэсэн хариу өгсөн. Комиссоор нийтдээ гурван удаа хурлаар орсон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галт зэвсгийн тухай хууль болон Монгол Улсын аюулгүй байдал, манай улсад байгаа ховор амьтдын үндсэн дээр ангийн бууны хязгаарлалтыг Монгол Улс тогтоохгүй бол өнөөдөр иргэдээс үйлдэж байгаа гэмт хэрэг нь маш их өссөн байгаа тул хязгаарлалтыг тогтоосон зүйл хийсэн байгаа. Автомат ажиллагаатай галт зэвсгийг оруулж ирдэг улс нь зөвхөн Монголд орж ирдэг байгаа. Комиссын гишүүний хувьд нэгэнт оруулж ирсэн зүйлийг спортын зориулалтаар ашиглаарай гэсэн. Цаашид зохицуулалтын хувьд Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно гэж заасан байгаа. Үүн дээр үндэслээд бид зохимжгүй гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 1-4/1011 тоот албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуулийн дагуу захиргааны акт /лиценз/ гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулжээ.
Үүнд: 1. Галт зэвсгийн тухай хууль/ шинэ/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг /одоо спорт-сургалтын зориулалтаар борлуулж байгаа/ ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах,
2. ОХУ-ын Молот-Оружие үйлдвэртэй 2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан №496/60615883/е0242 тоот гэрээг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон Вепрь загварын галт зэвсгүүдийг улсын хилээр оруулах лицензийг шинэчлэн 2017 оны квотын Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг импортлох лицензийг нөхөн авах гэжээ.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Галт зэвсгийн тухай хууль /шинэ/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг /одоо спорт, сургалтын зориулалтаар борлуулж байгаа/ ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тодруулсан шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нь хууль батлагдахаас өмнө /2012 онд/ улсын хилээр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгийг Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д зааснаар ангийн зориулалтаар бүртгүүлэх гэж, хариуцагчаас дээрх хуулийн заалт нэхэмжлэгчид хамааралгүй, мөн дээрх 93 ширхэг галт зэвсэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасанд хамаарахгүй тул ангийн зориулалтаар бүртгэх боломжгүй гэж тус тус маргаажээ.
Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн № 5097[1], 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 504[2] дугаар лавлагаануудаар дээрх галт зэвсгүүд нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтанд заасан /ажиллагааны хувьд гараар цэнэглэх/ гэсэн ойлголтод хамаарахгүй гэжээ.
Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар иргэний зориулалттай галт зэвсэг, сумны жагсаалтыг баталсан ба хүснэгтийн 1.1-д ан агнах гэж Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх, хүхээгтээ арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн галт зэвсгүүд, /Мосин-нагант, маузер болон түүнтэй ижил төстэй замагны түгжилттэй галт зэвсгүүдийг ойлгоно./ 1.2-т спорт-сургалтын гэж хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсгүүдийг ойлгоно. /Автоматаар буудах гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахыг ойлгоно./ гэж тус тус заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны № А/07 дугаар тушаалаар байгуулсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар[3] 93 ширхэг галт зэвсгийг ан агнах зориулалтаар бүртгэх боломжгүй, ан агнахаас бусад спорт-сургалтын зориулалтаар худалдах санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн 2012 онд оруулж ирсэн гэх 93 ширхэг галт зэвсэг нь иргэний зориулалттай галт зэвсгийн төрөлд хамаарах боловч ан агнах гэсэн ангилалд хамаарахгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул ан агнахаас бусад спорт-сургалтын зориулалтаар бүртгэх зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь хууль батлагдахаас өмнө эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, өмчилж, гэрчилгээ авсан галт зэвсэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө улсын хилээр оруулж ирсэн хэдий ч ан агнах зориулалтаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй байх тул Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасан зохицуулалт хамаарахааргүй байна.
Нөгөөтэйгүүр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй бөгөөд харин ч нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болгохоор байна.
Учир нь нэхэмжлэгчээс 93 ширхэг галт зэвсгийг ан агнах зориулалтаар бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гараагүй бөгөөд тухайн хурлын шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид олгосон Спорт-сургалтын зориулалтаар бүртгэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчингүй болж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах сөрөг үр дагавартай байна.
Иймд нэхэмжлэгчийн Галт зэвсгийн тухай хууль/ шинэ/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг /одоо спорт-сургалтын зориулалтаар борлуулж байгаа/ ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. ОХУ-ын Молот-Оружие үйлдвэртэй 2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан №496/60615883/е0242 тоот гэрээг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон Вепрь загварын галт зэвсгүүдийг улсын хилээр оруулах лицензийг шинэчлэн 2017 оны квотын Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг импортлох лицензийг нөхөн авах тодруулсан шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 2/25, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №2/30, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн № 1/26, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 1/35, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 01/05 тоот албан бичгүүдээр лиценз хүссэн ба Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 1-4/1529, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн № 1-1/502, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 1-4/2073, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 1-4/1011 тоот албан бичгүүдээр галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэжээ
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны № А/07 дугаар тушаалаар байгуулсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Галт зэвсгийн тухай 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн /хүчингүй болсон/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хуулийн этгээд нь нийтэд худалдах зорилгоор галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулахдаа үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгайлан зөвшөөрөл авсан байх бөгөөд түүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулалтын журмыг хууль зүйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэжээ.
Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № А/251, 304 дүгээр тушаалаар баталсан Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.5-д Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана, 2.7-д Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ, 2.8-д Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам-ын 2.6, 2.7-д заасан маягт, хугацаа, хэлбэрээр олгоно гэж тус тус заажээ.
Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 219 тогтоолоор баталсан Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам-ийн 2 дугаар зүйлийн 2.7-д Лицензийг 1 жил хүртэл хугацаагаар олгоно. Лицензийг нэг эх хувь, хоёр хуулбар /дубликат/ хувь үйлдэнэ. Лицензид нэр заасан барааны хадгалах, борлуулах хугацааны шаардлага болон тээвэрлэлт, хамгаалалт, чанар, стандартын нөхцөлийг хангасан байх үүргийг лиценз эзэмшигч өөрөө хариуцна гэжээ.
Дээрхээс дүгнэвэл Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон лицензийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нөхөн олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид олгосон лицензийн[4] хугацаа 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байх бөгөөд нэгэнт хүчинтэй байх хугацаа нь дууссан лицензийг өөр төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан нөхөн олгох боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгчээс лицензийн хүчинтэй байх хугацаанд Галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдана гэсэн шалтгаанаар эрх бүхий байгууллагаас лиценз олгоогүй, хариуцагчаас дээрх нөхцөл байдал байсан гэх боловч нэгэнт хугацаа зааж олгосон лиценз нь тухайн хугацаандаа хүчин төгөлдөр байх бөгөөд хугацаа нь дууссанаар үйлчлэл нь мөн зогсох учиртай.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Асе трэвел ХХК-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 1-4/1011 тоот албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 01 дүгээр хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуулийн дагуу захиргааны акт /лиценз/ гаргахыг даалгахыг /1. Галт зэвсгийн тухай хууль/ шинэ/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг /одоо спорт-сургалтын зориулалтаар борлуулж байгаа/ ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. ОХУ-ын Молот-Оружие үйлдвэртэй 2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан №496/60615883/е0242 тоот гэрээг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон Вепрь загварын галт зэвсгүүдийг улсын хилээр оруулах лицензийг шинэчлэн 2017 оны квотын Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг импортлох лицензийг нөхөн авах/ хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ