Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 286

 

                                                                     

 

 

 

 

 

 

 

                                                       

Ц.Бд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Нямсүрэн,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох эрүүгийн 17110044101747 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Цэрэн-Очирын Б, 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс Мон” компанид борлуулагч ажилтай гэх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух, /РД:ХИ/,

 

Ц.Б нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод эхнэр Б.Х, хадам эх С.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2012 оноос 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хийг байнга зодсон, хадам эх С.Эийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэдсээр байж байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ц.Бд сонсгож ирүүлсэн ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Цэрэн-Очирын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэрч Ү.Цолмонцэцэг, эхнэр Х, мөн хадам ээж Эийн нарын мэдүүлгээс харахад гэрч Цолмонцэцэг худлаа мэдүүлж байгаа нь харагдаж байна. Манай эхнэр өмдөндөө шээгээгүй байсан, шээсэн бол тухайн үед газар дээр нь очсон хоёр цагдаа мөн эхнэр, хадам ээж нар мэдүүлэх байсан. Мөн гэрч Цолмонцэцэг нь “гэрээс гараад хашаан дээгүүр хартал” гэж мэдүүлсэн бөгөөд хашаан дээгүүр харах боломж байхгүй. Учир нь, хадамынх 33-507 тоотод байдаг ба Цолмонцэцэгийнх 33-504 тоот буюу 3 хашааны цаанаас харах боломжгүй. Эхнэр болон Эийн мэдүүлгээс харахад хутга, чулуу, суултуур зэргээр цохисон, үснээс нь зулгааж, савуулж унагасан, суултуураар толгой дээр нь цохиж унагаасан гэх мэдүүлгийг хоёр цагдаагийн мэдүүлэгтэй харьцуулж өгөхийг хүсч байна.

Хавтаст хэрэгт биедээ юм түрхэж байгаад авахуулсан зураг, эхнэр Хийн зураг, мөн тааз, шургуулганы зургийг хадам ээж өөрөө авч хийсэн. Намайг хутга барьсан, суултуураар цохисон бол тэр зургийг аваад хийх байсан. Мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэг хийгээгүй. Би хутга барьсан гэж мэдүүлсэн, байцаагч Отгонбаяр нь “эхнэр болон хадам ээж чинь чамайг хутга барьсан гэж хэлсэн чи хутга барьсан гэж хэлэхгүй бол эхнэр, ээж хоёр чинь худлаа мэдүүлэг өгсөн гээд асуудалд орно” гэж хэлэхээр нь би “хутга барьсан” гэж хэлсэн. Манай эхнэр бид хоёрыг хамт байж байхад байцаагч Отгонбаяр намайг хутга барьсан эхнэр, хадам ээж хоёрыг айлгах гэсэн юм гэж хэлээд үсдэх болон хутгалах үйлдэл хийгээгүй гэж бичээд гарын үсэг зуруулсан.

Анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэнийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эхнэр болон хадам ээжээс уучлалт гуйж байна. Энхэр Х нь 6-13 насны 3 хүүхэдтэйгээ үлдсэн. 

Иймд миний бие уг хэргийг болон мэдүүлгүүд ямар үндэслэлтэй, хадам ямар зантай, гэрч Цолмонцэцэг нь хадам талын хамаатан. Ер нь хадам талын хүмүүс хүргэндээ халгаатай болон ямар хүмүүс болох нь харагдах болов уу гэдэг үүднээс мэдүүлж байгаа бөгөөд хэргийг сайтар хянаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тэр дундаа ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э нь хэрэг маргаан болоход гол хохирогч байдаг. Гэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад маргааны эх үүсвэр нь гэр бүлийн харилцаа хамааралтай Ц.Б буюу түүний эхнэр Х нарын гэр бүлийн таарамжгүй харилцаанаас буюу гэр бүлээс гадуур харилцаа болон хардалтаас энэ маргаан үүссэн. Хохирогч Хийг ээжийнхээ гэрт байж байхад Ц.Б нь “гэртээ очооч” гэж хэлснээс болж хадам ээж Эийн гэрт тухайн хэргийн үйл явдал болсон. Ц.Б нь “3-16 насны 3 хүүхдийг аваад явъя. Сургууль соёл нь орох гэж байна. Хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бэлдэх ёстой. Гэртээ харьж амьдаръя...” гэхэд нь хадам ээж нь хэрүүл маргаантай, хүчирхийлэлтэй байна гэдгийг сонссон учир явуулахгүй гэх асуудал гарсан. Ц.Бгийн хувьд давж заалдах гомдолдоо дурдсан “хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй байна...” гэж мэдүүлж байгаа нь хэдийгээр хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд гол нотлох баримт болохгүй ч гэсэн тухайн хэргийн гэрч, хохирогч нар нь Ц.Бтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай. Мөн эдгээр хүмүүстэй таарамжгүй харилцаатай байдаг гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр өмгөөлөгч болон Ц.Бгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргээс харахад анхан шатны шүүх энэ байдлыг ойлгоогүй шүүх хуралдаан явуулсан харагддаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа энэ байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Энэ гэр бүлд Ц.Бг хоригдсоноос хойш 6 настай хүүхэд нь “аавыгаа санаад байна” гээд хичээлдээ явахгүй байдал үүссэн байна. Хэдий насанд хүрсэн хүмүүсийн хооронд тухайн асуудал нь болоод өнгөрсөн боловч ард нь эрх ашиг нь хохирч үйлдэж буй насанд хүрээгүй 3 хүүхэд байна. Тиймээс эдгээр байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Сая Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байгаа хэргийн талаар яригдсан. Бас Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр эхнэр Х нь гомдол гаргаад хэрэг бүртгэлийн шатанд хянан шалгагдаж байгаа. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмтлийн зэрэг гээд тогтоогдчихсон. Тэгэхээр энэ хэргүүдийг нэгтгэж шалгах нь Ц.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэвэл эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Мөн энэ талаар анхан шатны шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд дүгнэгдсэн “Хт хөнгөн гэмтэл байгаа нь шүүхийн шинжээчийн дүгнэлтээр нотлох баримтаар хэрэгт авагдсан” гэж байгаа учраас хэргийг нэгтэн шалгуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Б нь давж заалдах гомдолдоо “бага насны 3 хүүхэдтэй байдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдол гаргасан ба шүүгдэгчийн хувьд 2012 оноос 2018 оны хооронд 4 удаагийн гэм буруугийн үйлдлээр харилцаа хамаарал бүхий эхнэр, хадам ээж нарыгаа зодсон, харгис хэрцгий догшин авирласан, ахмад настай хүний эсрэг дээрх гэмт хэргийг үйлдсэн зэрэг гэм буруутай болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар шүүхийн тогтоол зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдаж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Үүнийг Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” хэмээн шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэхийг баталгаажуулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй байна. Уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог бөгөөд ингэснээр дээр дурдсан хуулийн заалт бүр хэрэгжих үндэс бүрдэх ёстой.

 

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ц.Бд оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

2. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Э /1-р хх-ийн 25, 2-р хх-ийн 176/, Б.Х /1-р хх-ийн 30-38, 2-р хх-ийн 174, 178/, гэрч Н.Энхтүвшин /1-р хх-ийн 50, Б.Балжин /1-р хх-ийн 51/, Ү.Цолмонцэцэг /1-р хх-ийн 57/ нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Бг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Х, С.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж мэдүүлжээ.

 

Прокуророос Ц.Бг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод эхнэр Б.Х, хадам эх С.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2012 оноос 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хийг байнга зодсон, хадам эх С.Эийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэдсээр байж байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт үйлдсэн гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй, хэт ерөнхий байдлаар дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянаагүй, уг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б 2012 оноос 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Х, С.Э нарыг хэдийд, хаана, хэрхэн зодсон цаг хугацаа, тэдний эрүүл мэндэд ямар хохирол учирсан зэргийг тогтоогоогүй болно. 

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын гэмт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, мөн 1.3 дахь заалтын “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг мөрдөн байцаалтын явцад шалгаж тодруулах шаардлагатай гэж үзнэ.

 

Үүнээс гадна Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1-р хх-ийн 85-86/-ыг хүчингүй болгож, уг үйлдлийг эрүүгийн 1711004410074 дугаартай хэрэгт нэгтгэж шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасантай нийцэх юм.

 

Ингэснээр Ц.Бгийн эхнэр Б.Хийг зодсон үйлдэл, хадам эх С.Эийг зодсон үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, заалтаар зүйлчлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, түүний үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалтыг зөв хэрэгжүүлэх учиртай.

Хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: