| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0204/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/197 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 09 сарын 13-ны орой 20 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.тай маргалдан улмаар түүний толгой хэсэгт гараараа цохин “тархи доргилт” гэх хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн...Би 2020 оны 09 сарын 13-ны өдөр гэдэг ахын гэрийг бариад өг гэхээр нь Д.*******тай хамт очоод гэрийг нь барилцаж өгсөн. Тэгээд ах дэлгүүр яваад нэг шил архи авч ирж задалсан. Тэр архийг , Д.******* бид 3 хамт ууцгаасан. Архиа ууж дууссаны дараа Д.******* бид 2 маргалдаад Д.******* нь надад уурлаад миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл манай эгч болох ирээд салгасан. Тэр зодооныг манай дүү болох өөрийнхөө утсаар бичлэг хийсэн байсан. Тэгээд бид нар тараад явцгаасан. Би гэртээ харьсан. Намайг 2019 оны 11 сарын 20-ны өдөр бас маргалдаад Д.******* намайг түлхээд унагаасан. Би унахдаа орны өнцөг цээжээрээ мөргөөд миний зүүн талын 1 хавирга гэмтсэн байсан. Тэгээд тухайн үедээ эмчилгээ хийлгээд зүгээр эдгэрсэн. Би 2019 оны 11 сарын 20-ны өдөр Д.*******аар цохиулах үед 5-6 сартай жирэмсэн байсан. Би сумынхаа эмнэлэгт жирэмсэний хяналтанд орсон байсан. Д.******* намайг 2019 оны 11 сарын 20-ны өдөр цохисноос 3 хоногийн дараа үр зулбасан. Тухайн үед эмч нар их ядарсан , хөдөлгөөн ихтэй байснаас болж үр зулбасан байна гэж хэлж байсан. Би тухайн үед сургуулийн үйлчлэгч хийж байсан ба нилээн ядарсан байсан юм. Д.*******ыг цохисноос болж үр зулбаагүй. Харин орны толгой мөргөж унахад миний 1 хавиргыг гэмтсэж байсан. Тухайн үед өвдөж байгаад зүгээр болчихсон юм. Надад нэхэмжлэх зүйл алга. Бид 2 хоорондоо учир зүйгээ олсон учраас гомдол байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 32-34 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ы гэрчээр өгсөн...Миний бие Улаанбаатар хотод амьдардаг ба ******* суманд 2020 оны 07 сарын 31-ний өдөр ирээд охин Н.гийн хашаанд гэр барьж намаржаад байж байна. Тэгтэл 2020 оны 09 сарын 13-ны өдөр миний охин Н.г *******ын ******* нь миний хүргэн дүү Ганаагийн гэр барьж байхад нь зодоход Ганаагийн охин бичлэг хийж надад өгсөнөөр цагдаагийн байгууллагад хандах болсон. Охин Н. нь өрх толгойлсон эмэгтэй. Д.******* өөрийн гэсэн эхнэр хүүхэдтэй хүн Н.тай нийлээд архи ууж дарамтанд оруулж байна. Н.гийн хүүхэд нь ******* ах манайд ирэхээрээ хүмүүс дагуулж ирээд архи ууж намайг зоддог гэж хэлж байсан. Тэгээд Улаанбаатар хотруу Гантулгыг шилжүүлж авсан. Миний бие Д.*******д хэлж ойлгуулах гээд олон удаа хэлсэн боловч миний үгийг аваагүй ба 2019 оны 11 сард 7 сартай жирэмсэн хүнийг цохиж дутуу төрүүлж байсан. Н. нь маш их дарамтанд байгаа ба цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагатай байна. Би гомдолтой байна. Н. нь 700000 төгрөгөөр томографид харуулсан эмчилгээ хийлгэсэн. Д.*******д хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү?...гэх мэдүүлэг /хэргийн 8-9, 36-37 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 811 дугаартай...
Н.гийн биед тархи доргилт, зүүн талын 8-р хавирганы бороолсон хугарал гэх гэмтлүүд тогтоогдлоо.
Н.гийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн талын 8-р хавирганы бороолсон хугарал гэмтэл нь хуучин байна.
Н.гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хэргийн 17-18-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Н.тай найз нөхдийн холбоотой сайн найзууд юм. 2020 оны 09 сарын 13-ны өдөр Н. нь надад хоёулаа очиж ахын гэр барилцаад өгье хамт явцгаая гэхээр нь би Н.тай хамт ахын гэрийг барилцсан. Тэгээд гэрийг нь барьчихаад байж байтал Гөнтөмөр ах гэр барилцаж тус боллоо гээд нэг шил Ерөөл архи авч ирэхээр нь бид нар хувааж ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байтал Н. нь надтай маргалдаад над руу дайраад байхаар нь энгэр хэсгээс нь татаж унагаад толгой хацар хэсэгт нь 3 удаа алгадсан. Тэгээд би тэр гэрээс гараад явсан. 2019 оны 11 сард байх Н. архи уучихаад над руу дайраад намайг цохиод байхаар нь би санаандгүй өөрөөсөө холдуулаад түлхчихсэн чинь модон орны бондгор толгойг цээж хэсгээрээ мөргөөд нэг хавиргыг нь гэмтээчихсэн. Тухайн үед цагдаа шүүх болоогүй өнгөрсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин Н.тай холбогдохгүй байж чадна...гэх мэдүүлэг
Камерийн бичлэг хийсэн...Ягаан өнгийн ууттай СД байв. Уг СД-г өөрийн эзэмшлийн албаны комьпютерт хийж бичлэгийг үзлээ нийт 53 секундын бичлэг бичигдсэн байх ба уг бичлэг нь хөдөлгөөнтэй байдлаар хийгдсэн Монгол эсгий гэрийн дотор хэсэгт болсон дүрсийг харуулсан байв. Бичлэгийн дүрсэнд Саарал өнгийн цамцтай саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй гуталтай толгой нүцгэн зүүн гарандаа 0,5 граммын архины шил хар өнгийн малгай зэргийг давхарлаж барьсан 40-45 орчим насны эрэгтэй хүн, улаан өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, цайвар ягаан өнгийн ноосон цамцтай, толгой нүцгэн 30-40 насны эмэгтэй хүн тус тус бичлэгт бичигдсэн байна. Уг бичлэгийн 3 дахь секундэд эрэгтэй хүн нь эмэгтэйгийн толгойн тус газар баруун гараараа 1 удаа 14 дэх секундэд эрэгтэй хүн нь гэрийн хоймор хэсэгт эмэгтэйгийн хөлний ар шилбэ хэсэгрүү өшиглөж баруун гараараа толгой цээж хэсэгт түлхэж газарт нуруугаар нь унагааж байгаа бичлэг байна. Эмэгтэй нь унахдаа толгойгоороо газар савсан байдалтай унасан. Мөн бичлэгийн 24 дэх секундэд эрэгтэй хүн нь эмэгтэйгийн толгойн тус газарт баруун гараараа дахин нэг удаа цохиж үснээс нь татаж байгаа бичлэг бичигдсэн байна...гэх тэмдэглэл / хх-ийн -рт/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 09 сарын 13-ны орой 20 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэгчийн гэрийг Н.гийн хамт барилцаж өгөөд, ийн авчирж өгсөн нэг шил архийг гурвуулаа хувааж ууцгааж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.тай маргалдан улмаар түүний толгой хэсэгт гараараа цохин тархи доргилт гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.тай маргалдаж, түүний толгой нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд “ тархи доргилт “ гэх хөнгөн гэмтэлийг зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ын Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.тай маргалдан улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж, тархи доргилт гэх хөнгөн гэмтэл учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.
Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н. нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 53-р / тогтоогдож байна
Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Ж.Мөнгөнхүүгийн өгсөн... Хүнд тусархуу, ямар нэгэн илүү дутуу зангүй, хүн чанартай залуу байгаа юм гэх мэдүүлэг, гэрч М.Соёлмаагийн өгсөн...Хүнд тусархуу, ямар нэгэн илүү дутуу зангүй, өрөвч сэтгэлтэй хүнд тусархаг, нийтэч хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хэргийн 60-61 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг бусдад төлөх хохиролгүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхжлээгүйг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, 600000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлнө...гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 600000 төгрөгний торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг 06 / зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА