Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 183

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00183

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хаягт байрлах Геологийн төв лаборатори ТӨҮГ /РД:2120755/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, МҮЭСТОрдон, 305 тоот хаягт байрлах, Тэргүүн ресурс ХХК /РД:5453577/

Шинжилгээний ажлын үнэ 48.055.214,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал, хариуцагч Тэргүүн ресурс ХХК-ийн захирал Х.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Геологийн төв лаборатори нь Тэргүүн ресурс ХХК-ийн захиалгаар эрдсийн шинжилгээний ажил гүйцэтгэсэн бөгөөд захиалагч Тэргүүн ресурс ХХК шинжилгээний үнийн дүн 48,055,214.50 төгрөгийг нь төлөөгүй болно. Захиалагч Тэргүүн ресурс ХХК-ийг үйлчлүүлэгч захиалагч гэдгээр хүндэтгэн үзэж, шинжилгээний үр дүнг урьдчилан олгож, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан 48.055.214,50 төгрөгийн төлбөрийг төлөх хуваарь тохирсон. Гэсэн ч Тэргүүн ресурс ХХК нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байх тул 48.055.214,50 төгрөгийг Тэргүүн ресурс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манайд 2017 оны 1 дүгээр улиралд багтаан өр, авлагаа барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Уг нь төлбөр барагдуулах гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн хүү тооцохоор заасан ч бид алдангийг нэхэмжлээгүй. Хариуцагч Тэргүүн ресурс ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 48.055.214.50 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч Тэргүүн ресурс ХХК, захирал Х.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 48.055.214.50 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Тэргүүн ресурс ХХК нь нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шинжилгээний ажлын үнэ 48,055,214.50 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ нь хариуцагч Тэргүүн ресурс ХХК-д холбогдуулан 48.055.214,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, хариуцагч Тэргүүн ресурс ХХК нь нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шинжилгээний ажлын үнэ 48,055,214.50 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ, хариуцагч Тэргүүн ресурс ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Тэргүүн ресурс ХХК нь нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шинжилгээний ажлын үнэ 48,055,214.50 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.250 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Тэргүүн ресурс ХХК-иас 398.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА