| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03925/И |
| Дугаар | 102/ШШ2016/06085 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2016/06085
2016 оны 12 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2016/06085
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 12б байр, 63 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сайнбаярын Баасансүрэн /РД:ЧР84033060/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах Үүр тээл ХХК /РД: 2703548/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 12.040.180 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг /ШТҮД: 0744/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.Сандагдоржийн жолоодож явсан Үүр тээл ХХК-ийн эзэмшлийн 83-71 УНД улсын дугаартай автомашинд мөргүүлснээс үүдэн өөрийн өмчлөлийн Тоёота королла маркийн 23-36 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлах, ашиглахад гарсан зардал 9.024.000 төгрөг, биедээ хөнгөн гэмтэл авсны улмаас эмчлүүлэхэд гарсан зардал 2.069.080 төгрөГ, бусад зардал 937.100 төгрөг, нийт 12.040.180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Үүр тээл ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 12.040.180 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв. Хариуцагч Үүр тээл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 10.550.080 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал 1.490.100 төгрөгөөс татгалзсан болно. Уг төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2.000.000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баасансүрэн нь хариуцагч Үүр тээл ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 12.040.180 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.490.100 төгрөгөөр багасгаж, хариуцагч 10.550.080 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2.000.000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.325 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Үүр тээл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 183.751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Үүр тээл ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 12.040.180 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.490.100 төгрөгөөр багасгаж, хариуцагч Үүр тээл ХХК нь 10.550.080 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2.000.000 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.325 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Үүр тээл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 183.751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
М.МӨНХТӨР