Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00221

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 31 байр, 23 тоотод оршин суух, Боржигин овогт Болдын Мөнхзул /РД:ЧМ66022101/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бихар овогт Вангүржавын Энхсайхан /РД:ХГ72051008/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Мөнхзул, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Мөнхзул болон охин Б.Саран нар нь Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 31 байр, 23 тоот байрыг иргэн Вангүржавын Энхсайханд 2015 оны 9 сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, төлбөрийг сар сард нь төлж байхаар сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлж, түрээслэх хугацаандаа ус, цахилгаан, дулаан, СӨХ, кабелын зардлаа төлж байхаар тохирч гэрээ байгуулсан. Гэвч он гарсаар түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөгүй, 4 сарын 25-нд гэрээ дуусгавар болж байраа суллаж өгөлгүй байсаар 5 сарын 15-ны өдөр гарсан. В.Энхсайхан нь өнөөг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй бөгөөд тодорхой оршин суух хаяггүй. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бихар овогт Вангүржавын Энхсайхан /РД:ХГ72051008/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Мөнхзул нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бихар овогт Вангүржавын Энхсайхан /РД:ХГ72051008/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/21558 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Мөнхзул, Б.Саран нарын нэхэмжлэлтэй В.Энхсайханд холбогдох түрээсийн төлбөрт 2.158.076 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бихар овогт Вангүржавын Энхсайхан /РД:ХГ72051008/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Энхсайханыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч Б.Мөнхзултай холбоо барих утас: 99890306 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Мөнхзулын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бихар овогт Вангүржавын Энхсайхан /РД:ХГ72051008/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Мөнхзул нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Мөнхзултай

холбоо барих утас: 99890306 болно.

                           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА