Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 287

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

    Б.Пид холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн өмгөөлөгч Ж.Гантулга,  

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Пид холбогдох эрүүгийн 1711000000096 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаат овогт Бадарчингийн П, 1976 оны 12 дугаар сарын 02-нд Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт тоотод оршин суух,

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзан,

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, /РД:СГ/,

Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувсгалчдын Г-11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Оюунболдын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атэй маргалдаж улмаар түүнийг 4 удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн цагдан хоригдсон нийт 118 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Поос гэм хорын хохирол 6.820.316 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн цэцэгтэй хутгыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.П гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж мэдүүлэг өгч гэм буруугаа ухамсарлаж байна. Иймд миний ар гэрийн байдал ээж Ц.Маналсүрэн 63 настай, хоёр нүд хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй мөн миний хүү П.Билэгдэмбэрэл одоо 6 настай цэцэрлэгт явдаг. Би энэ хэрэгт орохоосоо өмнө ээж болон хүү хоёроо асран халамжилж байсан. Манай суманд надад ажил олдохгүй байсан тул би хотод ажил олох гэж ирээд ийм харамсалтай хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Би ажил хийх биш гэмт хэрэгт холбогдож ойр дотны хүмүүст болон талийгаачийн ар гэрийг сэтгэлийн зовлонд унагасанд харамсаад барахгүй байна. Манай ар гэр талийгаачийн хохирлыг барагдуулах боломжгүй учир би өөрийн биеэр ажил хийж хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.

Иймд миний ялаас хөнгөлж, ажил хийх боломжтой нээлттэй хорих байгууллагад  ял эдлүүлж өгөхийг хүсч байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Та бүхэн миний хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц хэрцгий аргаар хүнийг алсан хэрэгт 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Б.П нь 6 настай хүү Билэгдэмбэрэл, өрх толгойлсон эцэг хүн бөгөөд эх Маналсүрэн нь 63 настай хоёр нүд хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй ба тэднийг асран хамгаалдаг, хохирлын мөнгө өгөхөө илэрхийлдэг тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч Б.П миний дүү Б.Аг 4 удаа хутгалж биед нь олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан баримт нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.П миний дүүг онц харгис аргаар алсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох оршуулгын зардал 6.820.316 төгрөгийг төлж барагдуулаагүй зэрэг шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх 16 жилийн хөнгөн ял шийтгэлийг Б.Пид оногдуулсанд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Пид оногдуулах ялыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ОХУ-ын Улаан-Үүд хотод хүүгээ эмчлүүлж байгаа. Анхан шатны шүүх Б.Пид холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл гээд бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “Хөнгөрүүлэх нөхцөл байдал” бол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн хүсэлтийг дэмжиж оролцож байна...” гэв.

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бадарчингийн Пийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхээр түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.П нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувсгалчдын Г-11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Оюунболдын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атэй маргалдаж улмаар түүнийг 4 удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Пийн: “...Эргэж орж ирээд талийгаач гэнэтхэн намайг “чи яасан том биетэй юм, би “Шонхор” биеийн тамирын дээд сургууль төгссөн”, энэ тэр гээд намайг “босоод хүрээд ир” гээд хажуудаа суулгаад “гараа урдаа ав, яасан том гартай юм хоёулаа үзэх үү” гээд би “тийм юм байхгүй” гэхэд “тэгвэл архиа хий” гэсэн. Тэгээд шивээс хийж байсан гэдэг хоёр залуу гараад явахад гэрийн эзэн шивээс хийж өгөхөд “яасан үнэтэй юм, зөндөө юм авч өглөө” энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би “та нар хоорондоо муудалцаж болохгүй шүү би та нарыг хоорондоо найзууд юм байх, надтай цуг ажиллах юм байх гэж бодоод байгаа” гэхэд “үгүй ээ би та нартай ажилладаг хүн биш ганцхан гэрийн эзэн л чамтай хамт ажиллана” гэсэн. Тэгээд тэр дөрвөн хүн дөрөвүүлээ архи хийж өгсөн. Тэрнээс хойш би юм мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд талийгаач миний дээр гарчихсан намайг нүдэж байсан. Тэгээд ноцолдож байсан. Дараа нь нэг мэдэхэд би өөрөө гадаа гүйж явсан...”,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн: “...Би бол дүүтэйгээ хамт амьдардаггүй байсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр орж ирчихээд “манай найзууд нийлээд ажил хийх гээд хүн цуглуулах гэж байна, хоол хийж идчихээд хүрээд ирье” гээд тогоогоо аваад гэрээс гарсан гэсэн. Маргааш өглөө нь цагдаагаас утасдаад “дүү чинь ийм болчихлоо” гэсэн. Ээж, аавдаа ч хэлээгүй. Ээж, аав минь тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа. Цагдаа дээр очоод “яасан бэ” гэхэд ийм учиртай хүмүүс байж байгаад амь насаа алдсан байна гэж хэлсэн. Архи уучихаад хүний амь насыг хохироосон байж ар гэр лүү нь ярьж болох байсан гэтэл яриагүй. Хөдөөнөөс ирчихээд хүний амь насыг хохироосон тул их гомдолтой байна. Одоо оршуулганд гарсан зардал болох 5.570.000 төгрөгийн баримт байгаа үүнийг нэхэмжилж байна. Мөн миний дүү гадаадаас ирсэн тул тийзний мөнгийг нэмээд нийт 6.820.316 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаачийн хүүхдүүд насанд хүрээгүй хүүхэд байгаа. Иймээс цаашид тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна, хууль ёсны дагуу арга хэмжээг нь авч өгнө үү...” /2-р хх-ийн 45-47, 48-49/,

 

гэрч Б.Отгонжаргалын: “...Мөөгийг аваад Дарь-Эх рүү хүргэж өгсөн. Мөөгийг хүргэж өгчихөөд ангийн найз Алтанбурхтайг хүргэж өгөхөөр ангийн найз Мөнхтулгатай гуравуулаа явж байтал 02 цаг 42 минутад П өөрийн 80414252 гэсэн дугаараас над руу залгаад “найз чинь над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг нь булааж аваад өөрийг нь хутгалчихлаа” гэсэн. Би “ямар найзыг, одоо хаана явж байгаа юм” гэсэн чинь “харанхуй газар явж байна, хаана явж байгаагаа хэлж мэдэхгүй байна” гэж хэлээд П утсаа тасалсан. Би утас тасрангуут нь Оюунболд руу залгаад “юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь Оюунболд “нөгөө хөдөөнөөс ирсэн залуу А ахыг хутгалчихаад гараад зугтчихлаа” гэсэн...” /2-р хх-ийн 53-55/,

 

гэрч С.Энхболдын: “..сүүлдээ хамаагүй болоод бүгдээрээ дундаа орж архи ууцгаасан. П миний баруун гар талд сууж байхдаа бие дээрх шивээснүүдийг хараад “чи урьд нь шоронд сууж байсан юм уу” гэж хэлээд толгойны ар дагзны хэсэгт байх шивээс дээр гараараа алгадаад “толгой дээр шивээс хийхэд өвдөх үү” гэж надаас асуусан. Зүүн гар талд сууж байсан А П руу “чи миний найзын толгой руу яагаад цохиод байгаа юм бэ” гэж намайг өмгөөлж хэлээд гарыг нь бариад цааш нь түлхсэн. Тэгсэн чинь П зүүн гараараа миний хүзүүгээр ороож намайг доош нь дараад чихэнд “одоо үеийн хүүхдүүд 90-ээд оны үед шоронд байсан бол амьд гарч ирэхгүй дээ, би чинь бас Хэнтийн сайхан хэнэггүй буриад залуу шүү дээ, ямар ч эр хүнтэй үзвэл үзчихнэ” гэж хэлсэн. ...Ингээд би архиндаа согтоод ухаан балартаж хэсэг хугацаанд унтсан байсан. Ухаан ороход Мөөгий намайг татаад “явъя, Халзаа ахаа хоёулаа өөр газар очиж шивээс хийх ёстой шүү дээ” гэж байсан. Би архиндаа согтоод босож чадахгүй дахиад хэсэг хугацаанд унтчихсан байсан. Баяржаргал намайг татсаар байгаад сэрээгээд “юу болсон юм бэ, яагаад цагдаа сэргийлэх болчихсон юм бэ” гээд байсан...” /2-р хх-ийн 56-58/,

 

гэрч Д.Оюунболдын: “...архи ууж сууж байхдаа Хэнтийгээс ирсэн залуутай танилцахад өөрийгөө “П” гэж танилцуулж байсан. А, Халзанхүү, П бид 4 үлдээд архи ууж байхад А, П 2 хоёулаа шорон орон яриад маргалдаад байсан. Гэнэт л хутга, шөвөг дээрээ тулаад манай гэрийн том өрөөнд П нь хутга бариад л хутгалсан. Гэтэл А ахаас цус гарсан. Тэгтэл А жижиг өрөөний орон дээр дээш хараад хэвтсэн. Тэр үед П хаалгаар гараад явчихсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /2-р хх-ийн 60-61/,

 

гэрч П.Гантулгын: “...Оюунболдтой уулзаж “хэн хутгалж гэмтэл учруулсан, хутгалсан этгээд хаана байгаа” талаар асуухад “өнөөдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас ирсэн Баярбаатар гэх залуу хутгалчихаад хутгаа бариад гараад зугтаасан” гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй гэж хэлсэн. Оюунболдоос дээрх хүний гадаад дүр төрх, содон шинж тэмдэг, өмсөж явсан хувцас зэргийг тодруулж, Хайрхан 10-т зарлан мэдүүлсэн. Үүнээс удалгүй Хайрхан 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан 2 албан хаагч Оюунболдын яриад байсан хүнийг Зурагтын шинэ эцсийн орчим зам дагуу алхаж явахад нь саатуулж авч ирсэн. Оюунболд тэр хүнийг хараад талийгаачийг хутгалж гэмтээсэн хүн мөн болохыг хэлсэн...” /2-р хх-ийн 73-74/,

 

гэрч Ю.Цолмонбаатарын: “...Зурагтын шинэ эцсийн болон Засварын буудал орчмоор эрэн сурвалжлахад Зурагтын эцэст Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “Синчи ойл” шатахуун түгээх станцаас доошоо уруудаад “Тайхар” авто засварын үүдэнд эрэн сурвалжилж байгаа сэжигтний мэдээлэлтэй төстэй иргэнийг шалгахад өмднийх нь баруун гуя тэр чигтээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Овог нэрийг нь тодруулахад өөрийгөө “Бадарчингийн П” гэж танилцуулсан ба нилээн согтсон байсан. Би “хаанаас, хаа хүрэх гэж яваа юм” гэж асуухад “хэрэг гарсан зүг рүү заагаад би дээрээс айлаас ирж байна, одоо эгчийнх рүүгээ явж байна, манай эгчийнх Зүүн салаанд байдаг” гэж хэлж байсан. Уг этгээдийг машиндаа суулгаад хэргийн газарт очиж дуудлага өгсөн Оюунболд гэгч залууд харуулахад “манай ахыг хутгалсан хүн мөн байна” гэж заасан тул жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” /2-р хх-ийн 75-76/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаачийн биед цээжний зүүн хэсгээр суганы арын шугамаар 6-7 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндий нэвтэрч цээжний гялтан хальс, зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн зүүнээс баруун тийш чиглэлтэй 9 см урттай хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны зүүн хэсэгт 4-р нугалмын түвшинд нугалмын хажуугийн шугамаар байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны зүүн хэсэгт 7-8-р хавирганы завсар далны шугамаар байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн цавьны нугалааснаас дээш 5 см зайд байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалга шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх шарх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хэрэг учрал болох үед үүссэн болно. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цогцост хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 14-нд 06 цаг 35 минутын анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ. Талийгаач нь дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтанд орж нас барсан” болохыг тогтоосон 1880 тоот дүгнэлт /1-р хх-ийн 148-149/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.П нь сэтгэцийн өвчингүй байна. Б.П нь өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийг удирдан хянах чадвартай байна. Б.П нь хэргийн талаар үнэн бодитой мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.П нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоосон шинжээчийн 926 тоот дүгнэлт /1-р хх-ийн 160-161/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-7-10, 11-17/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-19/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл;зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-23, 24/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Пийн “...ялаас хөнгөлж, ажил хийх боломжтой нээлттэй хорих байгууллагад  ял эдлүүлж өгөхийг хүсч байна...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн “... хөнгөн ял шийтгэлийг Б.Пид оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөх боломжгүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Пид оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар” гэж хуулийн хэсэг, заалтыг бичвэрийн хувьд буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулийн бичвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: