| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07255/И |
| Дугаар | 102/ШШ2016/06098 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2016/06098
2016 оны 12 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2016/06098
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47/3 байр, 6 тоот хаягт оршин суух, Дайр бор овогт Авирмэдийн Оюунгэрэл /РД: ЧА63122209/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 5а байр, 110 тоот хаягт оршин суух, Тавьнайх овогт Намсрайн Буянжаргал /РД: ЦЖ82080774/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Оюунгэрэл, хариуцагч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Г.Сувданчимэг нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н.Буянжаргалын хүсэлтээр 1.730.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлээ эргэн төлөөгүй. Ийм учир Н.Буянжаргалаас үндсэн зээлийн төлбөр 1.730.000 төгрөг, зээлийн хүү 1.770.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөс багасгаж, хариуцагч Н.Буянжаргал нь 2.5000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сард 1.730.000 төгрөг, үлдэх мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунгэрэл нь хариуцагч Н.Буянжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн болох 3.500.000 төгрөгийг 1.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан дүн 2.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сард 1.730.000 төгрөг, үлдэх мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 2.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сард 1.730.000 төгрөг, үлдэх мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ