Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/06103

 

2016 оны 12 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2016/06103 Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байр, 33 тоот хаягт оршин суух, Буга хайрхан овогт Ганбатын Мөнхзул /РД:ЦГ86040468/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, MTI барилгын байранд байрлах, Глобал бридж ХХК /РД:5108411/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан хугацааны үлдэгдэл цалин, ээлжийн амралтын олговор, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж зэрэгт 3.794.054 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг албадан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Глобал бридж ХХК-д ажилд орон ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал компанийн маркетингийн албаны дарга Д.Энхчимэг болон Гадаад харилцааны менежер О.Мөнхбаатар нарт үүрэгт ажлаа зохих ёсоор нь хүлээлгэн өгч, санхүүгийн нэгжтэй тооцоо нийлж дуусгасан. Иймд ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, хуримтлагдсан барьцаа хөрөнгө, ажилгүйдлийн тэтгэмж зэрэгт нийт 3.794.054 төгрөгийг, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажил олгогч этгээдээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 3.794.054 төгрөгийн 2.294.054 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авахаар харилцан тохирч эвлэрч байна. Шүүхийн шиййдвэр гарсны дараа эвлэрлийн гэрээний дагуу 1.500.000 төгрөгийг Глобал бридж ХХК нь Г.Мөнхзулд гаргаж өгөхийг зөвшөөрөв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь хариуцагч Глобал бридж ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны үлдэгдэл цалин, ээлжийн амралтын олговор, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж зэрэгт 3.794.054 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг албадан гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2.294.054 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 1.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Глобал бридж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Мөнхзулын нэхэмжлэлтэй Глобал бридж ХХК-д холбогдох ажилласан хугацааны үлдэгдэл цалин, ээлжийн амралтын олговор, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж зэрэгт 3.794.054 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг албадан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2.294.054 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 1.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсны дараа төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Глобал бридж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ