| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07851/И |
| Дугаар | 102/ШШ2017/00027 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00027
2017 оны 12 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2017/00027 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Канад улсын иргэн Кэлвин Каукинэн /Kelvin Kaukinen HG655110/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун, 101 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, Баасайтан овогт Нэрэндоржийн Болормаа /РД: ШЕ73090406/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Уран ган байгууламжид байрлах Трансвест Монголиа ХХК /РД:5320763/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Трансвест Монголиа ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 161024/171 тоот тушаалаар ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Ажлаас халах мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халах тушаал өгсөн. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу нэг удаагийн тэтгэмжид 175.000 канад долларыг шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кэлвин Каукинэн нь Трансвест Монголиа ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж 175.000 Канад долларыг өгөхөөр харилцан тохирч, эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Кэлвин Каукинэний нэхэмжлэлтэй Трансвест Монголиа ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмжид 175.000 Канад долларыг шүүгчийн захирамжийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохирч, эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ