| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08061/И |
| Дугаар | 223 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 223
| 2017 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/00223 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, C1-611 тоотод оршин суух, 1967 онд төрсөн 50 настай, Олхонууд маам овогт Дамбын Мөнхжаргал /РД:АЭ67102009/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар байр, 202 тоотод оршин суух, 1982 онд төрсөн 35 настай, Чонс овогт Лхагвын Эрдэнэбулган /РД:ХЗ82031875/
12.275.760 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаяр, Р.Энхтүвшин, хариуцагч Л.Эрдэнэбулган, түүний өмгөөлөгч С.Одгариг, гэрч Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаяр, Р.Энхтүвшин нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л.Эрдэнэбулган Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн 1000 Чингэлтэйн гудамжны 3-1 тоотод байрлах Булган дэн буудлын объектын подвалыг мужааны газар ажиллуулах зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 700.000 төгрөг төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Мужааны газар ажиллуулж байхдаа эхний 7 сарын түрээсийн төлбөр 4.900.000 төгрөгийг дансаар төлсөн. Түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан. Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т түрээслэгч түрээсийн төлбөрийг 33 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиролдолд түрээслүүлэгч гэрээг цуцлах эрхтэй боловч гэрээг цуцлаагүй. Харин түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-т зааснаар гэрээ дуусгавар болмогц хэвийн элэгдэл хорогдолыг тооцож эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцааж өгнө гэж заасан. Л.Эрдэнэбулган түрээсийн байрыг 2016 оны 04 дүгээр сар хүртэл ашиглаж мужааны цехээ ажиллуулж байсан. Тэрээр 2016 оны 01 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрийг 400.000 төгрөг болгож өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Түрээслэж байсан подвал нь буудлын нэг хэсэг байсан тул тусгайлан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан. Хариуцагч байрыг ашиглаж байх хугацаандаа гэрээг цуцлах саналыг огт гаргаж байгаагүй. Л.Эрдэнэбулган нэхэмжлэгчийн ажиллуулдаг Ангара зочид буудлаар үйлчлүүлсний төлбөр 375.760 төгрөгийг төлөөгүй боловч энэ шаардлагаас бид татгалзаж байна. Иймд хариуцагч Л.Эрдэнэбулганаас 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөр 11.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Эрдэнэбулган шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн 1000 Чингэлтэйн гудамжны 3-1 тоотод байрлах Дэн буудлын объектын подвалыг мужааны газар ажиллуулах зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 700.000 төгрөг төлөхөөр тохиролцож Д.Мөнхжаргалтай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрт 4.900.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Д.Мөнхжаргалтай байгуулсан түрээсийн гэрээг цуцалсан тул шалтгаангүй түрээсийн төлбөр нэхэмжилж байна. Түрээсийн гэрээний 6.3-т түрээсийн төлбөрийг 33 хоногоос дээш өдрөөр хожимдуулсан бол түрээслэгч гэрээг цуцалж, өөрт учирсан хохиролыг шаардах эрхтэй. Тиймээс би эхний 7 сараас хойших төлбөрийг төлөөгүй тул гэрээ цуцлагдсан. 2014 оны 05 дугаар сарын сүүлээр Д.Мөнхжаргалын хамаатны хүн Оргио буюу Отгонбатад ажлын байрны түлхүүрийг өгсөн. Д.Мөнхжаргал бид хоёрын дунд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс ажлын байрыг 340.000 төгрөгөөр хямдруулж түрээслүүлнэ гэж ярьж байсан болохоос энэ нь ажил болоогүй. Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэхүү гэрээний хавсралт болон тодорхойлолтод заагдсан эд хөрөнгийг түр хугацаагаар ашиглуулхаар түрээслэгчид шилжүүлэх гэж заасан. Гэтэл гэрээний хавсралтад Чингэлтэй дүүрэг 3-01 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг хавсаргасан. Гэрээнд ямар объектыг түрээслэсэн талаар баримт байхгүй. Газар түрээслэх тохиролцоо хийгээгүй тул гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Барилгын подвалыг түрээслэсэн учир бүртгүүлэх шаардлагагүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ. Би Ангара зочид буудалд нь ажиллаж, сэлбэг энэ тэр авахдаа текнээс нь мөнгө төгрөг авч харьцаж байсан болохоос өөрөөр үйлчилгээ аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч Л.Эрдэнэбулганд холбогдуулан 12.275.760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдаанд Ангара зочид буудлаар үйлчлүүсний төлбөр 375.760 төгрөгийн шаардлагаас татгалзаж, түрээсийн төлбөрт 11.900.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Л.Эрдэнэбулган нь нэхэмжлэгч Д.Мөнхжаргалтай Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 1000, Чингэлтэйн гудамжны 3-1 тоотод байрлах Булган дэн буудлын объектын подвалыг мужаан цехийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 700.000 төгрөг төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн төлбөр 700.000 төгрөгийг 1 сараар, төлбөрийг Хаан банкны 5015030590 тоот дансаар төлөхөөр тохиролцож, хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 7 сарын төлбөр 4.900.000 төгрөгийг төлсөн болох нь тэдний тайлбар, Д.Мөнхжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудаар тогтоогджээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь “түрээсийн гэрээний 6.3-т зааснаар гэрээ цуцлагдсан, байрны түлхүүрийг 2014 оны 05 дугаар сард хүлээлгэж өгсөн, түрээсийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3 дугаар гудамжны 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 605 мкв газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Мөнхжаргал, уг газарт буудлын барилга баригдаж үйл ажиллагаа явуулж, буудлын подвалыг хариуцагч Л.Эрдэнэбулган мужаан цехийн зориулалтаар түрээслэсэн болох нь зохигчийн тайлбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшиж өмчилж байгаа газрын кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, газрын байршлын зураглал гэсэн баримтуудаар тогтоогдсон эдгээр баримтад талууд маргаагүй байна.
Хариуцагч тухайн объектыг бүхэлд нь бус байрны подвалийн хэсгийг мужаан цехийн үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлэн авсан тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй, хариуцагч нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасан эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, 2014 оны 05 дугаар сард гэрээнээс татгалзаж подвалийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.
Тэрээр гэрээний хугацаанд подвалийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн түрээсийн төлбөрийг багасгаж, үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.
Иймд хариуцагч Л.Эрдэнэбулганаас 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөр 11.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр н.Эрдэнэпүрэвийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Л.Эрдэнэбулганаас 11.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.360 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбулганаас 205.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр н.Эрдэнэпүрэвийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА