Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2020/0220/Э |
Дугаар | 256 |
Огноо | 2020-10-08 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 256
2020/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Хохирогч: М.Э
Шүүгдэгч: Ч.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт ЧЧд холбогдох 2012002090178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын .. -ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агро техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн ТОСК-ийн байрны 42-15 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Товогт Ч-ын Ч /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Этүүний нөхөр Ж.Ц арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, тэднээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: Би “Суман гүн” ХХК-нд өгөхөөр найз Эгаасаа зөөхий авсан. Би өөрөө 500 төгрөг харж аваачиж өгүүлсэн. Тухайн үед “Суман гүн” ХХК нь өөрөө эрсдэлд орсон байсан учраас удаад, 2019 оны өмнөхөн зөөхий авъя гээд над руу мөнгө хийсэн. Тэгээд Э мөнгөний хэрэг болоод байна, би малчны зээл авлаа, чи дараа нь хийгээрэй гэхээр нь би тэгье чи авчих, найз нь дараа нь аргалаад хийнэ гэж хэлсэн. 6 сая төгрөгийг суутгаад, манайхаас худалдаж авсан дугуй засварын 2 төгрөг, 10 сая төгрөгийн үлдэгдэл 3.700.000 төгрөг, 300.000 төгрөг нь шимтгэл гэж хэлсэн. Би Эзалилсан гэж бодохгүй байна. Эрүүгийн хэрэг үүснэ гэж огт бодохгүй байна, зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би төлбөрийг авч төлнө. Тухайн үед үйлдвэр нь эрсдэлд ороод зөндөө удаад цагаан сарын дараа л над руу мөнгө хийсэн гэв.
Шүүх хуралдаанд хохирогч М.Э мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 02 дугаар сард Чд 670 кг зөөхий өгсөн бөгөөд тэрнээс хойш байнга л мөнгөө нэхээд энэ хоёрын хооронд яваад байсан. Тэрээр заримдаа утсаа авахгүй, заримдаа өөр юм ярьж явсаар байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сард эмнэлэгт хэвтээд нөхөртэйгээ тэднийд орсон. Би өмнө нь малчны зээл аваад тэрнээс зөөхийнийхөө мөнгийг авъя гэж хэлж байсан. Тэгээд би нөхөртэйгээ хөдөө очоод энэ хүн бол угаасаа бүтэхгүй юм байна, өмнөхөө авч чадаагүй байгаа юм чинь сүүлийнх нь мөнгийг бүр авч чадахгүй болох байх гээд больчихоод байж байтал энэ хүн над руу зогсоо зайгүй утасдаад байхаар нь би ламаас ч гэсэн асуусан чинь болохгүй гэж байна гэсэн чинь юун лам бэ, надад эргэлтийн 3 сая төгрөг байгаа, чи зөөхийнийхөө мөнгөнөөс 6 сая төгрөг өгчих, хамгийн гол нь малчны зээлээ урт хугацаатай авч өгөөрэй, тэрийгээ би эргэлдүүлээд сар сард нь төлөлтөө хийгээд байя гэхээр нь энэ хүнийг өмнө нь наймаа хийгээд байдаг байсан болохоор нь мөнгөө эргэлдүүлээд өгчих байх гэж итгээд нөхрөө ятгаж байгаад 1 жилээр авах малчны зээлээ 1 жил 6 сарын хугацаатай авч өгсөн. Тэгээд эднийх нэг шинэ блокны машин байгаа гээд байсан. Малчны зээлээс 4 сая төгрөг авч үлдээд, блокны машинд 2 сая төгрөгийг нь өгчихдөг юм уу гэж ярьсан. Манай нөхөр ирээд тэр машиныг нь ачаад явсан чинь 2-3 жанам нь байхгүй, ганцхан жанамтай эвдэрхий машин байсан бөгөөд зунжин эдний нөхөр рүү залгаад энийгээ гүйцээгээд өгчих гээд гуйсан боловч янзалж өгөхгүй нөгөө машин нь жил гаруй манай гадаа байсан. Мөн малчны зээл авахуулсан мөнгөө ч хийхгүй байсан бөгөөд бид хоёр ч хулхидуулсан байна гэж бодоод 07 дугаар сарын 20-ны үеэр блокны машиныг нь авчирч өгсөн. Эднийд хүн байгаа, байхгүй нь ч мэдэгдэхгүй, үүд хаалгаа ч онгойлгож өгөхгүй байхаар нь Аы дүү рүү нь холбогдоод энэ хоёрыг Хоршоололд байгаа гэхээр нь холбогдоод доод хашаанд буулгачих гэхээр нь тэнд нь аваачаад буулгасан гэсэн. Тэр машин бол энэ мөнгөнд ямар ч хамаагүй. Би малчны зээл 10 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг зөөхийний мөнгөнд аваад, 300.000 төгрөг нь суутгал гэж авдаг юм байна лээ, тэрэнд нь өгөөд 5.700.000 төгрөгийг нь Чд шилжүүлсэн. Би малчны зээл авах гэсэн чинь малаа индексжүүлсэн даатгалд даатгуул гээд байна яах уу гээд Чд хэлсэн чинь тэр эрсдэл хамаагүй, би юмыг нь даана, чи аваад өгчих гээд авахуулсан. Миний хохирол 11.400.000 төгрөг орчим төгрөг болж байгаа бөгөөд хүүтэйгээ 14 сая төгрөг нэхэмжилж байна. Сар болгон ядаж 100.000 төгрөг ч хийхгүй байсан. Төлөлтөө хийх болоход мөнгөө хийхгүй манай гэрээр нэг хэрүүл болоод бид нар өөрсдөө малчны зээлээ төлж дуусгасан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012002090178 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас нөхөр Цийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод багийн найз Ч руу утсаар залгаад их хэмжээний зөөхий байна авах газар байна уу гэж асуухад Ч би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зараад өгье, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай, Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Бхоёрт 14 цагийн үед аваачиж өгсөн. Би зөөхийгөө өгөхдөө дансаа А бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш зөөхийний мөнгийг маань Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард нөхөр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийний 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Чд итгээд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Б данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг нөхөр Цийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй, нөхөр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй, нөхөр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч утсаа авахаа больсон. Намайг мессеж бичихээр хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограммыг нь 9000 төгрөгөөр бодож, нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай нөхөр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Бхоёрт аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар мөн манай нөхөр Ц, Ч, түүний нөхөр А, түүний хүү Бнар мэдэж байгаа. Манай өөрийн хураасан 200 гаруй килограмм зөөхий байсан. Бусад зөөхийг хүмүүсээс худалдаж авсан зөөхий байсан. Би гомдолтой байна. Ч нь намайг 2 удаа залилж байгаа. Чд өгсөн нийт мөнгө болон зөөхийнийхөө хохирлыг нөхөн төлүүлчихвэл надад өөр гомдол санал байхгүй. Ч нь надад зөөхийний үлдэгдэл мөнгө 2.000.000 төгрөгтөө блокны машиныг нь авчих гэхээр нь 2019 оны хавар авсан. Чаас авсан блокны машин нь зарим эд зүйл нь дутуу, хөндий рам ачуулсан байсан. Би тэр машиныг нь буцааж өгнө шүү, манайх авахгүй гэж Чын нөхөр А хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн дахин мэдүүлсэн: ...Би Чаас зөөхийний мөнгө нийт 6.000.000 төгрөг авах байснаас 4.000.000 төгрөгийг нь авсан бөгөөд 2.000.000 төгрөгийн оронд блокны машин авахаар тохиролцоод блокны машиныг нь 2019 оны 05 дугаар сард нөхөр бид 2 авсан. Бид хоёр хэвлэгч машиныг нь модон тавиуруудтай нь авсан. Бид хоёрыг авахад хэвлэгч машины нэг жанам нь дутуу байсан бөгөөд нийт блокны 80 гаруй модон тавиур авсан. Чын нөхөр нь дутуу юмнуудыг нь аваад би чам дээр өөрөө очиж ажиллуулж өгнө гэж хэлсэн. Би тэр машиныг нь ажилладаггүй учир авахгүй буцааж өгнө гэж хэлсэн байгаа. Тийм болохоор зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Мөн 2019 оны 04 дүгээр сард банкнаас мөнгө зээлээд Чд өгсөн. Банкнаас зээлсэн 10.000.000 төгрөгийг маань хугацаанд нь төлж өгөхгүй болохоор нь би банкны зээлээ бүгдийг нь төлж барагдуулсан. Нийт зээлсэн 10.000.000 төгрөгийн банкны хүү нь 1.900.000 төгрөг болсон байсан. Манайх банкны мөнгөө хүүтэй нь нийлээд 11.900.000 төгрөг төлсөн. Мөн банкнаас хямд хүүтэй зээл авахын тулд малын индексжүүлсэн даатгалд 250.000 төгрөг төлж хамрагдсан бөгөөд тэр мөнгийг Ч төлнө гэж хэлээд надаар банкнаас зээл авахуулсан. Би Чд нийтдээ 11.900.000 төгрөг зээлсэн. Надад зээлсэн мөнгөнөөсөө огт мөнгө төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод цагаан идээ борлуулах гэж ороод Ч.Ч руу залгаад зөөхийнөөс бусад нь зарагдчихаад байна, зөөхий их хэмжээгээр авах газар байгаа болов уу гэж асуусан чинь хэсэг хугацааны дараа над руу залгаад би “Суман гүн”-д шахаад өгье, мөнгө нь битүүний урд өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд би зөөхийгөө аваачиж өгсөн юм. Тэрнээс хойш надад нэг төгрөг ч өгөхгүй жил тойрсон. Тэгээд жил гаруй хугацааны дараа 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн төв рүү орж ирээд Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК байранд байх гэрт нь очиж уулзсан. Тэгсэн чинь чи надад малчны зээл аваад өг, тэрнээсээ 4.000.000 төгрөгийг нь аваад үлдчих, 2.000.000 төгрөгийг нь сүүлд боломжоороо өгчихье гэсэн. Тэр өдөр манайд нэг блокны машин, гагнуурын аппарат энэ тэр байна, танай тэрүүгээр авах хүн байна уу гээд хуучилж байсан юм. Нөхөр бид 2 гэртээ очоод ярьж байгаад 2.000.000 төгрөгтөө блокны машиныг нь авчихъя, малчны зээл аваад өгчихье гэж шийдээд Чулуут сумын “Хаан” банкнаас малчны зээл авч өгсөн. Бид 2 гэртээ очоод ярилцаад хэд хоносон. Энэ хугацаанд над руу байнга залгаад зээл аваад өгчих гээд гуйгаад байсан. Манай нөхөр “өмнөхөө худлаа яриад өгөөгүй байгаа хүн дахиад худлаа ярих байлгүй, би дахиад зээл авч өгвөл нотариатаар орно гэж хэлсэн чинь юу гэж тийм юм байх юм, хамгийн гол нь та 2 урт хугацаатай аваад өгчихөө, би сар сард нь бараггүй хийгээд байна гэж хэлээд гуйгаад байсан. Бид хоёр зөөхийнийхөө мөнгийг салгаад авчих юм байна, урт хугацаатай хуваариар төлөх юм чинь төлчих байх гэж бодоод зээл авч өгсөн. Бид хоёр найман жилийн сургуульд нэг ангид 8 жил сурсан дотно найз нөхөд байсан болохоор итгээд зээл гаргаж өгсөн. Тухайн үедээ блокны машиныг нь бид өөрсдөө ирж авахад зуурагч нь дутуу байсан бөгөөд тэрийгээ янзлаад араас өөрсдөө авчирч өгнө гэж хэлээд авчирч өгөлгүй жил гаруй болчихсон болохоор дутуу юмаар яах вэ гэж бодоод саяхан буцаагаад авчраад өгсөн. Намайг мөнгөө нэхэхээр “Суман гүн”-ээс мөнгө орж ирээгүй байна, зөөхий авсан хүн ажлаар гадаад гараад явчихсан байна гээд байдаг байснаа сүүлдээ утсаа авахаа байсан. Би өөрөө тэр хүнтэй чинь уулзъя гэхээр та нарыг оруулахгүй, тэр чинь үүдэндээ харуул хамгаалалтай байдаг энэ тэр гээд байдаг байсан. Би одоо зөөхийний үлдэгдэл 2.000.000 төгрөг, банкны зээл хүүтэйгээ нийлээд нийт 14.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цийн мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас эхнэр М.Эгийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод манай эхнэр багийн найз Ч руугаа утсаар залгаад их хэмжээний зөөхий байна, авах газар байна уу гэж асуухад Ч нь би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зарна, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Бхоёрт нь 14 цагийн үед аваачиж өгсөн. Бид хоёр зөөхийгөө өгөхдөө дансаа А бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш манай зөөхийний мөнгийг Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард эхнэр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийнийхөө 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Чд итгээд миний нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Б данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данснаас телефон банкаар шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй эхнэр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй эхнэр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь манай эхнэрийг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр нь хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограммыг нь 9000 төгрөгөөр бодож, нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай эхнэр бид хоёр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Бхоёрт нь аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар манай эхнэр М.Э, найз Ч нь, түүний нөхөр А, хүү Бнар нь мэдэж байгаа. Манай өөрийн хураасан 200 гаруй килограмм зөөхий байсан. Бусад зөөхийг хүмүүсээс худалдаж авсан зөөхий байсан. Эхнэр бид хоёр зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгт Чаас блокны машин авсан. Тэр авсан машин нь эд зүйл хамаг юм нь дутуу ажиллах боломжгүй машин байсан. Тэгээд эхнэр бид хоёр Чын нөхөр А блокны машиныг нь буцааж өгнө шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн: ...Намайг 2018 онд Улаанбаатар хотод байхад манай ээжийн найз М.Э гэдэг эгч ирээд би тэр хүний машинаас зөөхий зөөж аав Аы машин руу ачиж өгсөн санагдаж байна. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Дараа нь 2019 оны 04 сард миний данс руу 3.000.000 төгрөг, 2.700.000 төгрөгөөр мөнгө шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг манай ээж Ч надаас авсан. Тухайн үед манай ээжийн банкны данс нь хаагдчихсан байсан болохоор миний дансаар хүнээс мөнгө шилжүүлж авсан. Би өөр нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Би ямар хүнээс шилжүүлснийг сайн мэдэхгүй байна. Ч.Ч, М.Э нар нь ямар харилцаатай хүмүүс гэдгийг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөөхий зарж өгөөч гэсэн хүсэлтийг анх М.Э өөрөө гаргасан. Мөн банкнаас зээл авч өгье, зээлийг чи өөрөө төлөөрэй гэдэг санаачлагыг Э өөрөө надад хэлж гаргасан. Ийм учраас би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын дахин мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сард намайг Архангай аймагт гэртээ байхад Э над руу залгаад зөөхийний ханш унасан байна, чи үйлдвэрээсээ асуугаад өгөөч хаана өгдөг юм билээ гээд ярихаар нь би “Суман гүн” рүү ярьсан чинь одоогоор мөнгө байхгүй шүү, битүүний өдөр тооцоо хийе гэж хэлсэн. Тэгээд “Суман гүн”-д Эгийн зөөхийг өгсөн. Би тухайн үед “Суман гүн” зөөхийг нь 8.500 төгрөгөөр зээлээр авъя гэж байна гэж хэлээд Э зөвшөөрөөд зөөхийг манай нөхөр аваачиж өгсөн. “Суман гүн” ХХК-тай би гэрээ хийгээд жил болгон зөөхий нийлүүлдэг. Би Эгаас авсан зөөхийн дээрээ 500 төгрөг нэмээд 9000 төгрөгөөр “Суман гүн” ХХК-д зөөхийг нь өгч байсан. Би угаасаа олон хүнээс зөөхий авч нийлүүлсэн байсан. Суман гүн зөөхийнийхөө үнийг цагаан сарын дараагаас эхлээд цөөхөн цөөхнөөр нь цувуулж өгч байгаад 2019 оны цагаан сарын өмнө тооцоо бүрэн дууссан. 2019 оны 04 дүгээр сарын дундуур Э над руу залгаад манайд мөнгөний хэрэг болоод байна, манайх малчны зээл аваад зөөхийнийхөө мөнгийг авъя, чи сар, сард нь төлөөд яв гэсэн. Тэр үед надад мөнгөний шаардлага байсан учраас нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тухайн үед Э манайхаас 2.000.000 төгрөгөөр блокны машин авсан. Тэгээд Э нь тухайн 10.000.000 төгрөгөөс зөөхийнийхөө үнийг авч үлдээд бусдыг нь шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөнд нь блокны машин худалдан авсан 2.000.000 төгрөг орж байсан. Би Эгаас 3.700.000 төгрөг зээлж авсан. Би тухайн үед Эд санхүүгийн байдал хүнд байгаа талаараа хэлж ярьж байсан. Би “Суман гүн” ХХК-нд олон жил зөөхий нийлүүлж байгаа. “Суман гүн” ХХК нь цувуулж увуулаад ерөнхийд нь тооцоо хийгээд явдаг байсан. Би Эд эдийн засгийн байдал хүнд байгаа талаараа үнэнээ хэлээд мөнгө зээлж авсан. Би өөрийнхөө бодит байдлыг нууж хаасан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 139-142 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05, 110-117 хуу/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 08-21, 53-60 хуу/
“Хас Үнэлгээ/ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 454 дугаартай хохирлын үнэлгээ/ хх-ийн 48 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/
“Суман гүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/А032 тоот албан бичиг /хх-ийн 85 хуу/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Этүүний нөхөр Ж.Ц арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, тэднээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ч нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Этүүний нөхөр Ж.Ц арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, тэднээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эгийн мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас нөхөр Цийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод багийн найз Ч руу утсаар залгаад их хэмжээний зөөхий байна, авах газар байна уу гэж асуухад Ч би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зараад өгье, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай, Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Бхоёрт 14 цагийн үед аваачиж өгсөн. Би зөөхийгөө өгөхдөө дансаа А бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш зөөхийний мөнгийг маань Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард нөхөр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийний 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Чд итгээд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Б данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг нөхөр Цийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй, нөхөр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй, нөхөр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь утсаа авахаа больсон. Намайг мессеж бичихээр хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограмм нь 9000 төгрөгөөр бодож, нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай нөхөр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Бхоёрт аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар мөн манай нөхөр Ц, Ч, түүний нөхөр А, түүний хүү Бнар мэдэж байгаа. Ч нь намайг 2 удаа залилж байгаа”, “Би Чаас зөөхийний мөнгө нийт 6.000.000 төгрөг авах байснаас 4.000.000 төгрөгийг нь авсан бөгөөд 2.000.000 төгрөгийн оронд блокны машин авахаар тохиролцоод блокны машиныг нь 2019 оны 05 дугаар сард нөхөр бид 2 авсан. Тэр машин нь ажилладаггүй блокны машин байсан. Чын нөхөр нь дутуу юмнуудыг нь аваад би чам дээр өөрөө очиж ажиллуулж өгнө гэж хэлсэн. Би тэр машиныг нь ажилладаггүй учир авахгүй буцааж өгнө гэж хэлсэн байгаа. Тийм болохоор зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Мөн 2019 оны 04 дүгээр сард банкнаас зээлээд Чд өгсөн. Банкнаас зээлсэн 10.000.000 төгрөгийг маань хугацаанд нь төлж өгөхгүй болохоор нь би банкны зээлээ бүгдийг нь төлж барагдуулсан. Нийт зээлсэн 10.000.000 төгрөгийн банкны хүү нь 1.900.000 төгрөг болсон байсан. Манайх банкны мөнгөө хүүтэй нь нийлээд 11.900.000 төгрөг төлсөн”, “Одоо нийт 14 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 29-30, 31-33/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цийн мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас эхнэр М.Эгийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод манай эхнэр багийн найз Ч руугаа утсаар залгаад их хэмжээний зөөхий байна авах газар байна уу гэж асуухад Ч нь би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зарна, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Бхоёрт нь 14 цагийн үед аваачиж өгсөн. Бид хоёр зөөхийгөө өгөхдөө дансаа А бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш манай зөөхийний мөнгийг Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард эхнэр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийнийхөө 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Чд итгээд миний нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Б данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данснаас телефон банкаар шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй, эхнэр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй эхнэр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь манай эхнэрийг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр нь хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограммыг нь 9000 төгрөгөөр бодож нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай эхнэр бид хоёр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Бхоёрт нь аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар манай эхнэр М.Э, найз Ч нь, түүний нөхөр А, хүү Бнар нь мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б мэдүүлсэн “Намайг 2018 онд Улаанбаатар хотод байхад манай ээжийн найз М.Э гэдэг эгч ирээд би тэр хүний машинаас зөөхий зөөж аав Аы машин руу ачиж өгсөн санагдаж байна. Дараа нь 2019 оны 04 сард миний данс руу 3.000.000 төгрөг, 2.700.000 төгрөгөөр мөнгө шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг манай ээж Ч надаас авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын мэдүүлсэн “Зөөхий зарж өгөөч гэсэн хүсэлтийг анх М.Э өөрөө гаргасан. Мөн банкнаас зээл авч өгье, зээлийг чи өөрөө төлөөрэй гэдэг санаачилгыг Э өөрөө надад хэлж гаргасан”, “2018 оны 02 дугаар сард намайг Архангай аймагт гэртээ байхад Э над руу залгаад зөөхийний ханш унасан байна, чи үйлдвэрээсээ асуугаад өгөөч хаана өгдөг юм билээ гээд ярихаар нь би “Суман гүн” рүү ярьсан чинь одоогоор мөнгө байхгүй шүү, битүүний өдөр тооцоо хийе гэж хэлсэн. Тэгээд “Суман гүн”-д Эгийн зөөхийг өгсөн. Би тухайн үед “Суман гүн” зөөхийг нь 8.500 төгрөгөөр зээлээр авъя гэж байна гэж хэлээд Э зөвшөөрөөд зөөхийг манай нөхөр аваачиж өгсөн. Би Эгаас авсан зөөхийн дээрээ 500 төгрөг нэмээд 9000 төгрөгөөр “Суман гүн” ХХК-д зөөхийг нь өгч байсан. “Суман гүн” ХХК зөөхийнийхөө үнийг цагаан сарын дараагаас эхлээд цөөхөн цөөхнөөр нь цувуулж өгч байгаад 2019 оны цагаан сарын өмнө тооцоо бүрэн дууссан. 2019 оны 04 дүгээр сарын дундуур Э над руу залгаад манайд мөнгөний хэрэг болоод байна, манайх малчны зээл аваад зөөхийнийхөө мөнгийг авъя, чи сар, сард нь төлөөд яв гэсэн. Тэр үед надад мөнгөний шаардлага байсан учраас нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тэгээд Э нь тухайн 10.000.000 төгрөгөөс зөөхийнийхөө үнийг авч үлдээд бусдыг нь шилжүүлсэн. Би тухайн үед Эд санхүүгийн байдал хүнд байгаа талаараа хэлж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76, 139-142/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-12, 15-22/, “Суман гүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/А032 тоот албан бичиг /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Товогт ЧЧыг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ч.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байгаа, түүний эрүүл мэндийн болон нас, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг тус тус оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэх боломжтой гэж дүгнэв.
Хохирогч М.Э нь гэм хорын хохиролд зөөхийний үнэ 5.703.000 /таван сая долоон зуун гурван мянга/ төгрөг, банкнаас зээл авахуулсан 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг, банкны зээлийн хүү, алдангид 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөг, нийт 11.403.500 /арван нэгэн сая дөрвөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Эд олгуулах үндэслэлтэй, харин банкнаас зээл авсан 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөс 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөгийн хүү, алданги төлсөн баримт ирүүлээгүй байх тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Чд торгуулийн ял оногдуулсан болон түүний хувийн байдлыг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товогт ЧЧыг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж, нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чаас 11.403.500 /арван нэгэн сая дөрвөн зуун гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Амарбулаг гэх газар оршин суух Магаа овогт Мягмарын Э /РД:АП68052761/-д олгож, хохирогч М.Эгийн нэхэмжилсэн 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ