Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 32

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1967 оны 06 сарын 24-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, Мөст сумын  Улаантолгой багт оршин суух, /РВ: ПИ67062401/ Хожоо овогт  Алтаны  Зандангийн  хүсэлттэй,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  А.Зандан  шүүхэд гаргасан хүсэлтдээ : “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би 1987 оны 02 дугаар сараас Ховд аймгийн Мөст сумын   Ахуй үйлчилгээний төвд анх ажилд орж улмаар 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал гуталчин, оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан юм.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж  байсан байдлыг  тогтоож  өгнө үү”  гэжээ.    

           Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Хосбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “А.Зандан нь  1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчин, оёдолчоор ажиллаж байсан. Ахуй үйлчилгээ нь 1994 оны 12 сарын 31-нд тарсан бөгөөд хүсэлт гаргагч нь 1994 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Иймд А.Занданг Ахуй үйлчилгээний төвд оёдолчин, гуталчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

           Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

              А.Зандан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

               А.Зандангийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

           Хүсэлт гаргагч  А.Зандан  нь  1987 оны 02 дугаар сарын 15-наас 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал гуталчнаар  ажиллаж  байсан болох нь

           - Түүний шүүхэд гаргасан хүсэлт

           - Хүсэлт гаргагч А.Занданд Ховд аймгийн Мөст сумын Ахйун үйлчилгээний төвөөс 1987 оны 05 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын  1987 оны 02 сарын 14-ны өдрийн 03 тоот тушаалаар “Ховд аймгийн Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар  авч  ажиллуулав ” гэж тэмдэглэгдсэн,

           - Ховд аймгийн Мөст сумын Нийгмийн даатгалын байцаагчийн “Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож № 279121 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэх тэмдэглэл,  

  -Гэрч  О.Мөнхцэцэг шүүхэд гэрчээр өгсөн: А.Зандан  нь 1987 оноос 1994 он хүртэл Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд  гуталчнаар ажиллаж байсан. Би 1986 оноос Ахуй үйлчилгээний төвд  оёдолчноор   ажиллаж байсан  гэх мэдүүлэг,

    -Гэрч  В.Оюунцэцэг  шүүхэд гэрчээр өгсөн: А.Зандан  нь 1987 оноос 1994 он хүртэл Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд  гуталчнаар ажиллаж байсан. Би 1984 оноос Ахуй үйлчилгээний төвд  оёдолчноор   ажиллаж байсан  болно. Би  А.Зандантай  1987 оноос хойш Ахуй үйлчилгээ тарах хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Хожоо овогт  Алтаны  Зандангийн 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн  Мөст сумын  Ахуй үйлчилгээний төвд   гуталчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг   улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.