Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 457

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С П  ХХК,

Хариуцагч: ГБХЗХГ ,

Гуравдагч этгээд: Х М П ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/206 тоот мэдэгдэл, мөн өдрийн 01/204 тоот мэдэгдэл, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мб , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , шүүх хуралдааны нарын бичгийн дарга З.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөх Монгол п******* ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан. С******* п******* ХХК-ийг 500 сая төгрөгийн зээлтэй тул санхүүгийн чадваргүй гэсэн үндэслэлээр манай тендерээс татгалзсан шийдвэр гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлийг оролцогч нарт хүргүүлсэн байдаг. Манай компани тендерийн материалд Голомт банкны Өр зээлгүй тухай, 500 сая төгрөгийн шугамын зээлтэй гэх 2 тодорхойлолтыг хавсаргасан. Шугамын зээл гэдэг нь С******* п******* ХХК-д 500 сая төрөгийн зээл олгох боломжтой буюу зээлийн дээд хязгаарыг тодорхойлсон баримт юм.

Тендерийн үнэлгээний хороо үнэлэхдээ тодорхойлолтыг буруу ойлгож, бүрэн ойлголгүйгээр татгалзсан байдаг. Үүний дараа 218,870,000 төгрөгийн үнийн санал гаргасан Хөх Монгол п******* ХХК-г шалгаруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас 3 удаагийн хариу тайлбар ирүүлсэн байдаг. Үүндээ 500 сая төгрөгийн зээлтэй гэсэн тайлбар огт байхгүй. Зээлгүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Сангийн яаманд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан ба 04 дүгээр сарын 12-ны өдөр тус яамнаас тендерийг дахин үнэлэх тухай хариу өгсөн байдаг. Тендерийг үнэлэх хүсэлтийг бид удаа дараа гаргаж байсан ба ... Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг гарын авлага хэвлүүлж, тендерийн багцад өөрчлөлт орсон тул бид дахин үнэлэхгүй гэсэн хариу өгсөн байсан. Тиймээс 218 сая төгрөгийн санал гаргасан манай компанийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-т заасны дагуу хамгийн сайн тендер байсан гэж үзэж байна. Иймд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр хууль бус, үндэслэлгүй, буруу ойлгосон шийдвэр гаргасан.

Түүнчлэн гэрээ байгуулах мэдэгдэл нь захиргааны акт мөн юм. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага бүрэн хангасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д гэрээ байгуулах эрх олгох гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг гэж заасан. Захиалагчийн шийдвэр нэгэнт гарч, түүнийг мэдэгдэж буй ажиллагаа нь гэрээ байгуулах эрх олгож буй захиргааны байгууллагын үйл ажиллагаа мөн гэж үзэж байна.

Хөх Монгол п******* ХХК-д хүргүүлсэн 1/204 тоот тухайн мэдэгдэл нь тендерээс татгалзаж буй шийдвэр нь зарчмын хувьд ижил учраас захиргааны акт гэж үзэж байна. Тендерт шалгарч, Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гарсны дараа, тухай албан бичгийг хүргүүлээгүй бол ялсан компани захиалагчтай гэрээ байгуулах ямар ч хууль зүйн боломж байхгүй юм. Иймд дээрх хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарсан 2 мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тендерийн үнэлгээний хугацаа 45 хоног, Сангийн яамнаас сунгасан 30 хоног, нийт 75 хоногийн хугацаа дууссан тул Тендерийг хүчингүй болгуулж, түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан. Тендерийн хүчинтэй байх хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдана гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулсан, тендерт оролцогчдын эрхийг сэргээх, маргах боломжийг хууль өөрөө нээж өгч, хуулийн агуулга зарчмаас харвал тендерийн хүчинтэй хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдах юм. Иймд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр хууль бус байна. Хэлбэр талаас тухайн шийдвэрийг харвал тендерийг түдгэлзүүлнэ, нэг бол хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байгаа. Үүнийгээ нэг ойлголт мэтээр ойлгож, тайлбарлаж, шийдвэрлэхдээ ... тендерийг хүчингүй болгож, бүх тендерийг түдгэлзэж байна гэсэн байдаг. Энэ нь тус тусдаа 2 өөр агуулга юм.

Тендерийн хүчинтэй байх хугацаатай холбоотой 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компанид мэдэгдэл ирсний дагуу тендерийг хүчингүй болгосон гэж ойлгосон. Тухайн албан бичигт ... Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан ба Сангийн яамнаас сунгасан хугацаа ч мөн дууссан. Танай компани шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болж бид ажлаа хийж чадсангүй... гэсэн агуулгатай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамнаас лавлагаа хүсэхэд ... хуулиар олгогдсон 30 хоногоор сунгаагүй, захиалагч байгууллага хүсэлт гаргаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. Тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болох хууль боломж байхгүй. Хариуцагчийн хэрэгжүүлсэн тендерийг хүчингүй болгох үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж байна. 

Сангийн яамнаас тендерийг дахиж үнэлэхийг даалгасны дагуу захиалагч, тендерийн үнэлгээний хороо ажиллаагүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байна. Иймд тендерийг дахин үнэлэх шаардлага гаргасан. Тендерийг дахиж хууль зүйн боломж байгаа гэж бид үзэж байна. Шүүхийн шийдвэр гарсан ч биелэх боломжгүй, захиалагчийн зүгээс тендерийг үнэлэхгүй байсаар дахин хүчинтэй хугацаа дуусах, дахин маргаан гарахаас сэргийлж шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан болно.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тендерийн үнэлгээний хороог байнгын бус ажиллагаатай гэж өөрсдийгөө зөвтгөж тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Тендерийн үнэлгээний хорооны ажил дуусаагүй байгаа. Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэж үзэж байгаа ч гэсэн Тендерийн үнэлгээний хороотой холбогдуулсан маргаан шүүхэд үүссэн байна. Энэ тохиолдолд өөрсдийн хийсэн үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагч болох ёстой. Иймээс татан буулгахгүй байх ёстой байсан гэж үзэж байна.

Тендерийн сонгон шалгаруулах ажиллагаа нь нэг талдаа төрийн байгууллагын эрх ашиг, нөгөө талд Монгол Улсын нийт татвар төлөгч нартай холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуульд заасан ... хэмнэлттэй, шуурхай байх... зарчмын хүрээнд худалдан авах ажиллагаа явагдах ёстой. Тендерт оролцогч нарын ялагч болохын тулд оролцдог. Гэтэл хууль бусаар өөр этгээдийг шалгаруулж байгаа тул бид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах эрхтэй. Мөн хэмнэлттэй, бага үнээр, багцын үнээр үйлчилгээ авах нь Улсын төсөвт, тухайн төрийн байгууллагад ашигтай. Иймд бид тулгамдсан асуудлыг зөв чиглэлд нь оруулах зорилгоор шүүхэд хандсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Дарга өөрийн хувийн мөнгөөр байгууллагадаа нийлүүлж буй ажиллагаа биш юм.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй шиг шүүхийг ашиглаж, тендерийн хугацаа саатуулсан зорилго байгаагүй юм. Тендерийн үнэлгээний хороо удаа дараа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас хэлж байсан. Хэвлэлийн ажлын тодорхой хэсэг нь гүйцэтгэгдсэн бол үлдсэн хэсэг дээр тохиролцож үргэлжлүүлэх боломжтой байгаа гэдгээ илэрхийлж байсан. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 06 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрүүдийг хууль бус гэдэг нь тогтоогдож байна.

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хуралд 5 гишүүнээс 3 гишүүн оролцсон байдаг. Үүний 2 гишүүн нь гарын үсэг зурсан байдаг. Иймд 3 дахь гишүүн оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. Үүнийг оролцоогүй гэж үзэж үндэслэлтэй. Хэлбэрийн хувьд зөрчилтэй.

Тухайн шийдвэрийг харвал түдгэлзүүлж байгаа эсхүл дуусгавар болгож буй нь тодорхойгүй байна. Мэдэгдлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан эрх олгож буй асуудал. Шийдвэр нэгэнт гарсан тул эрх олгох гэсэн тусдаа үйл ажиллагаа, тусдаа үр дагавар учруулдаг тул дээрх албан бичиг, мэдэгдлүүд нь захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна. Иймд тендерийг дахиж үнэлэх нь зүйтэй юм. Үүний үндсэн дээр шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагын тендерийг жижиглэж байгаа талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ, 8.4-т Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно, 8.5-д Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэж зааснаас үзвэл хууль бус үйл ажиллагаа явуулсан болох нь харагдаж байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно гэж заасан байна.

С******* п******* ХХК 500 сая төгрөгийн зээл авах чадвартай гэдгийг харуулж, үүнийг нотлох баримт ирүүлж байхад зээлтэй гэж үзсэн нь хууль бус байна. Мэдээж бид өөрт ашиггүй баримт гаргах өгөхгүй. Тендерийн үнэлгээний хороо санхүүгийн чадавхтай холбоотой мэдээллийг биднээс тодруулах үүрэгтэй. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т тендерийг богино хугацаанд үнэлэхийг заасан байдаг. Тендер 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээж, 29-ний өдөр хүртэл дүгнэлт гаргахад 7 хоногийн хугацаа байсан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Сангийн яамны дахин үнэлэх тухай шийдвэр ирснээс хойш хамгийн ихдээ 7 хоногийн хугацаанд үнэлэх ёстой байсан. Түүнчлэн тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3-д хамгийн сайн тендерийг юу гэж үзэх талаар заасан байна. С******* п******* ХХК хамгийн бага үнийн санал хүргүүлснээр хамгийн сайн тендер байх ёстой байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж үзвэл хариуцагчийн зүгээс тендерийн хугацааг сунгах боломжтой. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахад тендерийн хүчинтэй хугацаа хэвээр байсан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар олох ёстой байсан орлогоо захиргааны байгууллагаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018/01 дугаартай, 290 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий байгууллагын 2018 оны бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч шалгаруулах тендерийг нээлттэй зарласан. Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Хөх Монгол п******* ХХК-ийг шалгаруулсан. Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Энэ тухай Хөх Монгол п******* ХХК-д гэрээ байгуулах эрхийг хугацаагүйгээр хойшлуулах мэдэгдэл хүргүүлсэн. Сангийн яамны 6-1/1970 тоот Тендерийг дахин үнэлэх хариу ирсэн бөгөөд үүнийг бид тендерийн хугацааг сунгаж байна гэж ойлгосон. Үүний дагуу үнэлгээний хороо ажиллаж байтал Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан ажил тулсан тул Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гарын авлагыг хэвлүүлсэн. Ингээд тендерийн тоо, хэмжээнд өөрчилж орж, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн. Тендерийн үнэлгээний хорооны эцсийн дүгнэлт гараагүй, Хөх Монгол п******* ХХК-тай гэрээ байгуулаагүй байсан. Энэ хооронд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд тендерийн маргаан үүссэнээс хойш байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс зарлагдсан хэвлэлийн үйлчилгээнээс нэлээдийг хийсэн.

Анхны тендерийн 218 сая төгрөгийн санал болгосон үнэд өөрчлөлт орсон. Үүнд ахин тендерийн үнэлгээний хороо үнэлгээ хийх боломжгүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай... гэж заасан тул үүний дагуу татан буугдсан. Тендер хүчинтэй байх хугацаа хэвээр үргэлжилж байна гэсэн тайлбарт нэмж тайлбар хэлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй тул тендер хүчинтэй байх хугацаа үнэлгээний явцад хэвээр үргэлжилнэ гэж үзсэн.

Манай байгууллага анх худалдан авах ажиллагааны журмаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу сонгосон. Энэ тендер шалгаруулалт явагдаж байх хугацаанд аль болох богино хугацаанд явуулж, дууслаа гэж үзэж байтал нэхэмжлэгч компани Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдах, Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд эхнээсээ эхэлсэн зайлшгүй шаардлагын үндсэн дээр харьцуулалтын аргыг ашиглан энэхүү ажил хийгдсэн.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тендерийн Үнэлгээний хороо татан байгуудсан байгаа. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж цалгардуулсан гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах цаг хугацаа нь болоогүй байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч онолын тайлбар хийж байна. Хуульд заасан журмын дагуу бид маргах ёстой. Өөр хууль, өөр жишээ, сонгуулийн хороо гэх мэт хамааралгүй тайлбар хийж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд гомдлыг хэзээ шүүхэд гаргах гэх мэт бүх ажиллагааг тодорхой заасан. Гомдлоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар эсхүл Сангийн яаманд гаргаж, үүний дагуу шийдвэр гарсны дараа шүүхэд хандах ёстой. Гэтэл дээрх байдлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж, асуудлыг улам хүндрүүлсэн. Нэхэмжлэгч талд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд гэрээ байгуулаагүй байгаа. Гэрээ байгуулсан байсан бол шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан.

Нэхэмжлэгч тал энэхүү жижиглэн хийгдсэн ажлыг өөр компанийн нэр дээр аваад хийсэн байх магадлалтай гэж хардаж байна. Одоо шүүхийн шийдвэр гаргахад хэн нэг нь дараагийн шатны шүүхэд хандах, үүнтэй холбоотой шүүхийн ажиллагаанууд хийгдэж, хугацаа алдсаар энэ төсвийн жил дуусна. Ингэж маргаан үүсгээд өөрсдөө цаанаа энэхүү ажлыг жижиглээд авч байгаа үгүй мэдэхгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , Б.Мб  нараас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан тайлбарт ..Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд заасны дагуу үнэлгээний хороо нь байнгын бус ажиллагаатай байх тул татан буугдсан гэжээ.

Тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 4699 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тендерийн Үнэлгээний хорооны эрх залгамжлагчаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг тогтоож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ГБХЗХГ/ХО/2018/01 дугаар байгууллагын 2018 оны бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр[1] гуравдагч этгээд Х М П ХХК-ийг шалгаруулж, захиалагчид танилцуулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/204 тоот мэдэгдлээр[2] захиалагчтай гэрээ байгуулах эрх олгожээ.

Мөн тус газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/206 тоот мэдэгдлээр[3] нэхэмжлэгчид Голомт банкны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10/205 тоот албан бичгээр 500.000 сая төгрөгний шугамын зээлтэй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж байгааг мэдэгджээ.

Дээрх албан бичгүүд нь захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон, мөн тендерээс татгалзсан үндэслэлийг дурьдсан мэдэгдэл байх бөгөөд нь гадагш чигэлсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.

Улмаар нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1245 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянаад тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14 дүгээр зүйлийн 14.1-ийн Ж-ийн 6-д харилцагч банкны тодорхойлолт ирүүлэх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5 дугаар зүйлийн 5.3-ын Д-д түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон харилцагч банкнаас 50.0 сая төгрөгийн зээл авах боломжтой харилцагч банкны тодорхойлолт ирүүлэх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж тус тус дүгнэж тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 6-1/1970 тоот албан бичгээр мэдэгджээ[4].

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх албан бичгийн дагуу тендерийн үнэлгээний хороо хуралдсан, шалгаруулалтын үнэлгээг хийж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 01/262 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулахад хуралдсан боловч тэмдэглэл хөтлөөгүй, ямар нэгэн эрхийн акт гараагүй гэв.

Нөгөөтэйгүүр дээрх албан бичгийн утга нь тендерийн тоо хэмжээ, үнэд өөрчлөлт орсон, өөрчлөлтийг оруулж дахин зарлах хэрэгцээ шаардлага үүссэн учир танай байгууллага тус тендерт оролцоно уу гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 6-1/1970 тоот албан бичиг /мэдэгдэл/-ийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хийсэн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно, 55.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана гээд 55.3.3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заажээ.

Эрх бүхий байгууллагаас дээрх хуулийн дагуу гомдлыг хянаад тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг даалгасан байхад үнэлгээг дахин хийгээгүй нь хууль нийцээгүй байна.

Хэдийгээр хариуцагчаас тендерийн тоо хэмжээ, үнэд өөрчлөлт орсон, өөрчлөлтийг оруулж тендер дахин зарлах хэрэгцээ шаардлага үүссэн гэх боловч дахин тендер зарлаагүй, тухайн тендерт оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаан[5], 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 01/403, № 01/404 тоот албан бичгээр[6] хуульд заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаа дууссан үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 01/206 тоот мэдэгдэл, мөн өдрийн № 01/204 тоот мэдэгдэл, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн № 6/4456 тоот албан бичгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ГБХЗХГ/ХО/2018/01 дугаар тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах талаар хүсэлт тус яаманд ирүүлээгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.7, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С П  ХХК-ийн нэхэмжлэлтэй Гбхзхг т холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 01/206 тоот мэдэгдэл, мөн өдрийн № 01/204 тоот мэдэгдэл, Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, Сангийн яамны Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 6-1/1970 тоот албан бичиг /мэдэгдэл/-ийн дагуу тендерийг дахин үнэлээгүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ