Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/00032

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/00032

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/3 дугаар байр, 1501 тоот хаягт байрлах, Жугамт Өргөө ХХК /РД:5122317/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр, 104 тоот хаягт байрлах, Элит Харш ХХК /РД:5438705/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 150.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Болдбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чинзориг, хариуцагчийн төлөөлөгч Б.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд Худалдан Авах Ажиллагааны Газраас зарласан тендер шалгаруулалтанд оролцон Шивээхүрэн боомт дахь гаалийн ажилчдын 32 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарч гэрээ байгуулсан. Тус барилгын ажилд Элит Харш ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх 01/13 дугаартай гэрээг байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн боловч барилгыг царцаагдсан барилгын тоонд оруулснаар ажил бүрэн зогссон. Б.Баянмөнхөд санхүүжилтээс бэлнээр 150.000.000 төгрөг өгсөн. Иймд Элит Харш ХХК-ийн захирал Б.Баянмөнхөөс 150.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 60.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 90.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жугамт өргөө ХХК нь хариуцагч Элит харш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 150.000.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 60.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Элит харш ХХК-ийн захирал Б.Баянмөнх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 607.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жугамт өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Элит харш ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 150.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 60.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Элит харш ХХК-ийн захирал Б.Баянмөнх нь 90.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Элит харш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 607.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ