| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07134/И |
| Дугаар | 102/ШШ2017/00040 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/00040
| 2016 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/00040
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 23 дугаар байр, 64 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ЖЯ55051074, 61 настай, эрэгтэй, Боржигин овогт Зундуйчойдорын Бадиагийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Бадиа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Бадиа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хүнсний комбинатын харъяа Үйлдвэр дундын авто гараажид газ 51, зил 105 самосвал маркийн автомашины жолоочоор хуваарилагдаж очоод, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус байгууллагад ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал байгаа боловч тушаал нь одохгүй, тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд намайг Дорнод аймгийн Хүнсний комбинатын харъяа Үйлдвэр дундын Авто гараажид 1977 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Бадиа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал нь архивт байхгүй байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч З.Бадиа нь 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын Үйлдвэр дундын авто гараажид жолоочоор ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Дорнод аймгийн Мах Комбинатаас 1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын даргын 1985 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай шагнах тухай тушаал, Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын даргын 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаартай шагнах тухай тушаал, Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай шагнах тухай тушаал, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн алдар мөнгөн медаль, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүний 105135 тоот Бат Илэрхийлэх, гэрч И.Сумъяагийн Би 1977 онд Хүнсний Комбинатйн харъяа Үйлдвэр дундын Авто гараажид жолоочоор ажилд ороход З.Бадиа нь жолоочоор ажиллаж байсан. Тэгэхэд З.Бадиа 30 самосвал барьдаг байсан. Тэгээд З.Бадиа нь 1984-1985 оны үед отряд руу шилжлээ гээд ажлаасаа гарсан гэсэн мэдүүлэг, гэрч О.Гансүхийн Би 1977 оны 7 сард Хүнсний Комбинатын харъяа Үйлдвэр дундын авто гараажид ажилд ороход З.Бадиа нь жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1984 онд застав руу шилжлээ гээд ажлаасаа гарсан. З.Бадиа бид хоёр 7-8 жил хамт ажилласан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Бадиаг 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын Үйлдвэр дундын авто гараажид жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Зундуйчойдорын Бадиаг 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний Комбинатын Үйлдвэр дундын авто гараажид жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ