| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00219/И |
| Дугаар | 234 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 234
| 2017 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/00234 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 21-В1 хаягт байрлах, “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 23 байр, 34 тоотод оршин суух, Нэрэн овогт Туулын Пүрэв-Очир /РД:НЭ84013013/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 894.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Гурван өргөө-2” сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гурван Өргөө СӨХ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос өргөө 2 хотхоны оршин суугчдын 100 хувийн санал, шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөлийн тогтоол, бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг 21, 22, 23 дугаар байрнуудын оршин суугч нар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлдөггүй, төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна. 23 байрны 34 тоотод оршин суугч Т.Пүрэв-Очир нь 2013 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр нийт 894.400 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, 149.2 дахь хэсэгт заасны дагуу Т.Пүрэв-Очироос 2013 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр нийт 894.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.Пүрэв-Очир нь нэхэмжлэлийн шаардлага 894.400 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Пүрэв-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Пүрэв-Очир миний бие “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 894.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 894.400 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Т.Пүрэв-Очирт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 894.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Пүрэв-Очир нь “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 894.400 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Т.Пүрэв-Очирын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Т.Пүрэв-Очироос 13025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Пүрэв-Очир нь “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 894.400 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 26050 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13025 төгрөг, хариуцагч Т.Пүрэв-Очироос 13025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА