Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 30

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Увс аймгийн Улаангом сумын 4-р багт оршин суух Шангас овогт Оршихын Тунгалагийн  нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух Их шарнууд овогт Манжийн Далантай, Шарнууд овогт Оршихын Цэцэгмаа  нарт  холбогдох гутлын үнэ 1570000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 4-р багт оршин суух  О.Тунгалаг  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь М.Далантай, О.Цэцэгмаа нарыг эртнээс таньдаг. Учир нь бид худ ургын холбоотой  хүмүүс юм. М.Далантай, О.Цэцэгмаа нар нь  2015 онд  гутал зээлээр аваад зарж,  борлуулж өгсөн.  Дараа нь  дахиад 2015 оны 11 сарын 24-нд   2370000 / хоёр сая гурван зуун далан мянган /  төгрөгний  гутлыг борлуулж өгнө гэж аваад  2016 оны 03 сарын 15-нд гуталны үнэ  800000 / найман зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулсан. Одоо   гуталны үлдэгдэл үнэ 1570000 / нэг сая  таван  зуун далан мянган / төгрөгийг авах талаар удаа дараа утсаар  залгаж ярьсан боловч өгнө гэсэн боловч өгөөгүй байна.  Иймд шүүхэд хандаж өр төлбөрөө барагдуулах аргагүй байдалд хүрсэн тул М.Далантай, О.Цэцэгмаа нараас гутлын үнэ 1570000 / нэг сая  таван  зуун далан мянган/  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

          Хариуцагч  М.Далантай, О.Цэцэгмаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Тунгалагын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2015 онд  О.Тунгалагаас гутал зээлээр авсан нь үнэн. Гутлыг  зарж борлуулаад хагас мөнгийг нь өгсөн. Одоо гуталны үлдэгдэл үнэ 1570000 / нэг сая  таван  зуун далан мянган / төгрөгийг   2017 оны 07 сарын 01-нд гэхэд төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч О.Тунгалаг нь  гутлын үнэ 1570000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Далантай, О.Цэцэгмаа нар  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй,  хууль  зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч О.Тунгалагын  нэхэмжлэлийн шаардлага  гуталны үнэ 1570000 / нэг сая  таван  зуун далан мянган / төгрөгийг хариуцагч М.Далантай, О.Цэцэгмаа нар  төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Тунгалагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40070 төгрөгийн 20070 төгрөгийг  Ховд аймгийн Булган сумын  төрийн сангийн 160200941тоот данснаас, 20070 төгрөгийг  хариуцагч  М.Далантай, О.Цэцэгмаа нараас  тус тус гаргуулж  нэхэмжлэгч О.Тунгалагт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.