Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00041

 

 

 

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00041

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Цэлмэг хотхон, Чингисийн өргөн чөлөө гудамж, 147 дугаар байр, 145 тоот хаягт оршин суух, эмэгтэй, 37 настай, регистрийн дугаар ИД79101000, Сартуул овогт Мөнх-Очирын Болормаагийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 3-2 байр, 10 тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, регистрийн дугаар ИД78120719, Жонон овогт Баянжаргалын Батзаяад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Болормаа, хариуцагч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батзаяатай 1998 онд танилцаж, 13 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон учраас цаашид цугтаа амьдрах боломжгүй болсон. Хамтран амьдарч байх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй. 2012 оноос хойш бид тусдаа амьдарч байна. Бидний дундаас 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр том охин Б.Өлзийхишиг, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бага охин Б.Өлзийжаргал төрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хуульд заасан журмын дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хариуцагчийн тавьсан хүүхдийн тэтгэлэг төлөх саналыг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

Хариуцагч Б.Батзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би хавар 4 дүгээр сараас намар 10 дугаар сарын хооронд барилгын ажил хийдэг учраас энэ хугацаанд хүүхдийн тэтгэлгийг төлөх хүсэлтэй байна. Хүүхдүүдийнхээ Хас банкны хадгаламжийн дансанд сард 2 хүүхдэд тус бүр 150.000 төгрөгийг хийж байх саналтай байна. Энэ мөнгөнөөс жилдээ 1.800.000 төгрөгийг 2 хүүхдийнхээ хадгаламжийн дансанд хувааж хийж, үлдэх 1.800.000 төгрөгийг жилд 3 хувааж буюу 4, 6, 8 дугаар сард бэлнээр төлөхөөр эвлэрэх саналтай байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Болормаа нь хариуцагч Б.Батзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Болормаа, хариуцагч Б.Батзаяа нар 1998 онд танилцаж, 2001 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд 1050 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.Өлзийхишиг нь 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болох нь 0000279135 44 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.Өлзийжаргал нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь 0000279134 5422 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч хариуцагч нь 2 охиноо эх М.Болормаагийн асрамжид үлдээхээр зөвшөөрсөн, хүүхдийн гаргасан санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Өлзийхишиг, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Өлзийжаргал нарыг эх М.Болормаагийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч М.Болормаа, хариуцагч Б.Батзаяа нар нь эцэг, эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзуулахад саад болохгүй байхыг дурдаж байна.

Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар 18 нас хүртэл нь сар бүр нэг хүүхдэд 150.000 төгрөгөөр тооцон жилдээ 2 хүүхдийн 3.600.000 төгрөгийн талыг буюу 1.800.000 төгрөгийг 2 хүүхдийнхээ Хас банк дахь Ирээдүйн саятан хадгаламжийн дансанд хуваан хийж, үлдэх 1.800.000 төгрөгийг 3 хувааж 4, 6, 8 дугаар сард бэлнээр төлөхөөр эвлэрсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Сартуул овогт Мөнх-Очирын Болормаа /РД: ИД79101000/, хариуцагч Жонон овогт Баянжаргалын Батзаяа /РД: ИД78120719/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Өлзийхишиг, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Өлзийжаргал нарыг эх М.Болормаагийн асрамжид үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хүүхдийн тэтгэлгийн талаар 18 нас хүртэл нь сар бүр нэг хүүхдэд 150.000 төгрөгөөр тооцон жилдээ 2 хүүхдийн 3.600.000 төгрөгийн талыг буюу 1.800.000 төгрөгийг 2 хүүхдийнхээ Хас банк дахь Ирээдүйн саятан хадгаламжийн дансанд хуваан хийж, үлдэх 1.800.000 төгрөгийг 3 хувааж 4, 6, 8 дугаар сард бэлнээр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ