Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00090

 

 

 

 

 

 

 

 

                               Голомт банкны нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 334 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнх-Отгонд холбогдох

“3.560.645,77 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Голомт банкны захирал О.Хаянхярваагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн, хариуцагч Б.Мөнх-Отгон, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнх-Отгон нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ4005015442 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 4 100 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй авсан болно. Б.Мөнх-Отгон нь Магнай Трейд ХХК-аас халагдсанаас цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ400501868 тоот зээл нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 406 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 2 841 787.11 төгрөг, хүү 702 387.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 417.35 төгрөг, нийт 3 560 645.77 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Б.Мөнх-Отгон нь цалингийн орлогогүй болсон ба гэр бүлийн хүн болох С.Отгонтөгс нь Бамбай-Уул ХХК-д харуул хамгаалалтын ажилтан хийдэг. Зээлдэгч энэхүү зээлээ гэр бүлийн хэрэглээнд зориулж авсан. Түүний нөхөр болох С.Отгонтөгс цалингийн орлоготой цалингийн орлогоосоо төлөх боломжтой боловч өнөөдрийг хүртэл зээл төлөхгүй байна. Иймд Б.Мөнх-Отгоны дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 3 560 645.77 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 71 920.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнх-Отгон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Баасангийн Мөнх-Отгон нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банкнаас 4 100 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, цалин дээрээсээ суутгуулан төлөхөөр тохиролцон гэрээ хийж авсан боловч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөр эрхлээгүй байсан ч 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг өөрийн боломжоор аль болох төлж иргэний хариуцлагаа ухамсарлаж байсан боловч тус банк нь үндсэн зээлээс бус хүүгийн хүү тооцож хасаж, үндсэн зээл нь хасагдахгүй эргэн төлөлт нэмэгдсээр байсан тул төлж дийлэхгүй хүүг нь зогсоох эсхүл төлөлтийг багасгаж өгөх хүсэлт гаргасан ч банк боломжгүй хэмээн хүүг нь өсгөсөөр байсан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 1 815 406 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 284 594 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү. Миний нөхөр болох С.Отгонтөгс нь хөдөлмөр эрхэлдэг боловч 6 ам бүлтэй, үндсэн цалин 320 000 төгрөгөөс шимтгэл, цалингийн зээл гэх мэт төлөгдөн сард 90 000 төгрөгнөөс дээш төгрөг авдаггүйг харгалзан үзнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 334 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнх-Отгоноос 3 269 086.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 291 559.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 930 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Отгоноос 71 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны захирал О.Хаянхярваа давж заалдсан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн ямар үндэслэлээр нэхэмжилсэн нийт 3,560,645.77 /Гурван сая таван зуун жаран мянга зургаан зуун дөчин таван төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг 3,269,086.11 /Гурван сая хоёр зуун жаран есөн мянга наян зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ болгон бууруулсан үндэслэлийг тодорхой заагаагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нь үнэн зөв байхад нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байх тул “Орхон аймаг дахь иргэний хэргийн шатны шүүхийн” 2017 оны 03 сарын 21-ны өдрийн 334 шийдвэрт зөрүү 291,559.66 төгрөгийг нэмж нийт 3,560,645,77 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу  үнэлж чадаагүйгээс  зээлийн хүүг буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар хариуцагч Б.Мөнх-Отгоноос үндсэн зээл 2.841.787 төгрөг, зээлийн хүү 702.387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.417 төгрөг бүгд 3.560.645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан ба хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Мөнх-Отгоны зээлийн төлбөрт 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тушаасан 250.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт 196.200 төгрөг, зээлийн хүүд 53.800 төгрөгийг тус тус хасч тооцсон байхад шүүх дээрх төлбөрийг “... хариуцагч 250.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хасч нийт 291.559 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү-702.387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.417 төгрөгийн талаарх тооцоололыг  гаргасан баримтыг ирүүлээгүй байх тул хэрэгт авагдсан хариуцагч Б.Мөнх-Отгоны тус банкны 4005101868 тоот зээлийн дансны хуулганд тооцоолсон үнийн дүнгээс зээлийн хүүг тооцоход хариуцагч 563490 төгрөгийг тус банкинд төлөхөөр байна./хх-ийн 12-13тал/

Хариуцагч Б.Мөнх-Отгоноос үндсэн зээл 2.841.787 төгрөг, зээлийн хүү 563490 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.417 төгрөг нийт 3.432.694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд тооцсон 127.951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч банкны гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулсан тул өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Хариуцагч Б.Мөнх-Отгон өрхийн орлогогүй, ажил эрхлэдэггүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх талаар тайлбарлаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс багасгах, чөлөөлөх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 334 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг

“...хариуцагч Б.Мөнх-Отгоноос 3.269 086,11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 291.559,66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг ““...хариуцагч Б.Мөнх-Отгоноос үндсэн зээл 2.841.787 төгрөг, зээлийн хүү 563.490 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.417 төгрөг нийт 3.432.694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 127.951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...71.930 төгрөг гэснийг 69.873 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.УРАНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                           Б.БАТТӨР

                                                                             Б.ОЮУНЦЭЦЭГ