Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01551

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1189 дүгээр магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Мнарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 153.270.842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг даалгах, Х ХХК-ийг 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай хариуцагч М.Мөнхбаатарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-иш, хариуцагч М.Мөнхбаатар, өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мнар нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ОСЗГ/343 тоот Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулан 120.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авахаар зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд М.Мөнхбаатарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027593 тоот дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Нарны зам, 406 байрны 63 тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 9.833.057 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75.662.546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 441.978 төгрөг нийт 85.937.581 төгрөгийг төлсөн. М.Мнар гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зөрчсөн тул зээлдэгчид 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдэгдэж үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Өмнө нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 110.166.942 төгрөг, зээлийн хүүд 41.347.303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.756.596 төгрөг, нийт 153.270.842 төгрөгийг нотариатын үйлчилгээний төлбөрт 10.000 төгрөгийн хамт нийт 153.270.842 төгрөг гаргуулах, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч М.Мнар шүүхэд гаргасан тайлбартаа: Х ХХК-тай ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ-г 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 180 сарын хугацаатай буюу 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, 15 жилийн хугацаатай байгуулагдсан болно. Нэхэмжлэгчийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06893 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Гэтэл зээлдэгчийн зүгээс удаа дараа гэрээнд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мнар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х ХХК-нд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг шударга ёсны зарчимд нийцүүлэн дахин тодорхойлж өгөхийг үүрэг гүйцэтгэгчийн зүгээс 2015 оны 9 дүгээр сараас хойш хүсэлт тавьж байгаа боловч Х ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээг нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт оруулахаас зайлсхийж байсан тул Х ХХК-тай байгуулсан №ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүрэг гүйцэтгэгч миний үүргээ гүйцэтгэх боломжийг нээж өгөх үүргийг Х ХХК-нд шүүхийн журмаар даалгаж өгнө үү.

-2011.09.11-ний өдрийн ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний 3.1.4 дэхь хэсэгт Зээлийн хүү: Хувьсах хүү байна. Жилийн 15.6% /Арван тав арваны зургаа/ хувь байна гэж, 3.1.4.1 дэх хэсэгт Хувьсах хүүгийн хэмжээг Банк нь өөрийн санаачлагаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ний өдөр шинэчлэн тогтоож байна 3.1.4.2 дахь хэсэгт Хувьсах хүүгийн хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг банк зээлдэгчид хувьсах хүүний хэмжээ өөрчлөгдөхөөс 2 сарын өмнө түүний гэрээнд заасан албан ёсны хаягаар /хаяг, цахим шуудан, утас/ хүргүүлж мэдэгдэнэ гэж заасны дагуу 2012.04.16-ны хүүгийн өөрчлөлтийн мэдэгдэлд 2012.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 16,8% болно гэж заасан нь 2013.07.01-ний өдрөөр дуусгавар болж 15,6% болж, 2015.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 17,4% болно гэж заасан нь алдаатай байсан гэж үзэж байгаа тул 2015.07.01-ний өдрөөс нэг жил буюу 365 хоногийн хугацаанд жилийн 16.2% болох байсан бөгөөд энэ нь 2016.07.01-ний өдрөөр дуусгавар болж өнөөдөр мөрдөж байгаа жилийн хүү 15,6% болсон гэж үзэж байгаа тул үүнийг тогтоож өгнө үү.

-2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Х ХХК-тай № ОСЗГ/343 дугаартай Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/343 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 15 жилийн хугацаатайгаар 120.000.000 төгрөгийн зээлийг гэр бүлээрээ амьдрах зориулалтаар орон сууц худалдан авах зорилгоор авсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл зээл болон зээлийн хүүд нийт 86.000.000 орчим төгрөгийг төлсөн болно. Үүрэг гүйцэтгүүлэгч Х ХХК-нд хандсан өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан бодит боломжоо ашиглан зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгэх хүсэлтээ удаа дараа тавьж байсан хэдий ч үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүргээ гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийгээ хийгээгүй гэж үзэх үндэслэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн үйлдэл мөн гэж үзэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хугацаа хэтрүүлсэн үйлдлийн үр дагаварт үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, алданги тооцох эрхгүй гэж үзэж байгаа болно.

Иймд Х ХХК-ийн тооцон нэхэмжилж байгаа 43.104.000 төгрөгийн хүүг Х ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийн хүрээнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхгүй болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлдэгч банкнаас авсан зээлийн хөрөнгөөр тодорхой төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, орлого олсны үндсэн дээр түүнийгээ зээлийн төлбөртөө буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагчийн тайлбарлаад байгаа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл үүсч магадгүй. Гэтэл амьдран суух зориулалтаар авсан орон сууцны зээлийн гэрээнд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийг хамааруулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Мөн №ОСЗГ/343 тоот орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь болохыг тогтоолгох, 43.104.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү авахгүй болохыг тогтоолгох зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нь анхнаасаа зээлдэгчтэй гэрээгээр тохиролцсон асуудал байхад тухайн үед хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь буруу тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч М.Мнараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 110.166.942 төгрөг, хүүд 36.520.335 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 146.697.277 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.573.565 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.Мөнхбаатарын ОСЗГ/343 тоот гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг Х ХХК-нд шүүхийн журмаар даалгуулах, Х ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор 43.104.000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт авах эрхгүй болохыг тогтоолгох, ОСЗГ/343 тоот хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээний хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар М.Мнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Мөнхбаатарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027593 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байр, 63 тоот хаягт байршилтай, 000159895 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 118.44 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Мнараас улсын тэмдэгтийн хураамжид 961.636 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994.554 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 513.870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1189 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 961.637 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00829 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1189 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие 2015 оны 9 дүгээр сараас өөрөөс үл хамаарах нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлээ төлөх боломжгүйд хүрсэн. Ийнхүү “Х” ХХК зээлийн гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүргийн зөрчилд “Х” буюу үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутайг мөн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс би үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нь үүргийг ялимгүй зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06893 дугаар шийдвэрээр тогтоож, Хны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл надад зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож. шаардаж нэг ч холбогдоогүй, нэгч мэдэгдэл ирүүлээгүй. Энэ бүх хугацаанд миний бие Хинд удаа дараа хандаж, хүсэлт гаргаж явсан. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06893 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоосон 2015 гэрээ цуцлах мэдэгдэл, Хнаас үүрэг зөрчсөн үйл баримтын талаар шүүх үнэлэлт, дүгнэлт дахин өгч өмнөх шүүхийн шийдвэрт хамаарах үйл баримт буюу 2015 онд надад хүргүүлж байсан мэдэгдлээр 2018 онд дахин нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй. Миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг эрэлхийлэн, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, орон сууцаа түрээслэх зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг Хны эдийн засагч, болон хуулийн ажилтнууд улмаар удирдлагад нь хүртэл удаа дараа гаргаж, банкны эрх бүхий албан тушаалтнуудтай олон удаа уулзсан ч “эргээд хариу өгье" гэж хэлдэг боловч огт хариу өгөөгүй. Хны зүгээс зээлийн хүүг удаа дараа үндэслэлгүй нэмэгдүүлж, анх гэрээгээр сар бүр 1,730,000 төгрөг төлдөг байхаар тохирсон бол эхний удаад буюу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1,730,000 төгрөгийг 1,830,000 төгрөг болгож нэмэгдүүлж дараагийн удаад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1.830.000 төгрөгийг 1,867,000 төгрөг хүртэл өсгөн авч байлаа. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр нэг шаардлага нь гэрээний хугацаанд 2 удаа үндэслэлгүйгээр зээлийн хүүг өсгөн тооцож зээлийн эргэн төлөлтийг ихэсгэж илүү төлбөр тооцон авч байсан явдал юм. Өөрөөр хэлбэл миний бие гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй боловч ингэснээр байраа алдаж орон гэргүй болохоос гадна өмнөх хугацаанд зээлийн хүүнд төлсөн 85,000,000 төгрөгөөр хохироод үлдэх байсан юм. Тиймээс гэрээг үргэлжлүүлэх, графикийг хэвийн болгох үүднээс 2017 оны 12 дугаар сард 10.400.000 төгрөгийг Хинд төлсөн боловч Хувьсах хүүгээр тооцсон хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган авах талаар надад мэдэгдсэн учир мөнгийг буцаан авахаас өөр аргагүй байсан юм. Миний бие зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, энэхүү зөрчил нь Хны буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс шууд хамааралтай тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах, цуцлах эрхгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Х нь хариуцагч М.Мнарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 153.270.842 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.  Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах үүргээ хэрэгжүүлэхийг даалгах,  43.104.000 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй болохыг, зээлийн хүү 15.6 хувь байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зээлдэгч нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 406 дугаар байрны 63 тоотын 4 өрөө орон сууцыг  барьцаалан Хнаас 2011 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 120.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаагаар зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулж, зээлийг хүлээн авсан нь хэргийн баримтаар  тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Талууд зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, банкнаас  зээл олгох  гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлэн зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас зээлийн төлбөрт 146.697.277 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00829 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1189 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 961.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ