Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0934/З |
Дугаар | 485 |
Огноо | 2018-08-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 485
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.С ,
Хариуцагч: Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо,
Гуравдагч этгээд: Г.Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С тав давсан болохыг тогтоолгох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хүчит бөхийн барилдааны тавын даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж, аймгийн арслан Г.Г ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, Монгол Улсын аварга Ч.С 5 давсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 1811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Монгол Улсын аварга Ч.С аймгийн арслан Г.Г тай барилдахад Монгол Улсын аварга Ч.С давсан байхад Үндэсний бөхийн салбар хороо аймгийн арслан Г.Г ыг давсан мэтээр хууль бус шийдвэр гаргасан байх тул уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.
Үндэсний их баяр наадам нь бөхчүүдэд амьдралын гол зорилго, хүч хөдөлмөр нь байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Үндэсний их баяр, наадмыг зохион байгуулах дүрэм, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу энэ асуудлыг Үндэсний бөхийн салбар хороо шийдвэрлэх үүрэгтэй. Тус барилдааны явцад аймгийн арслан Г.Г ын баруун өвдөг түрүүлж газардсан. Гэтэл Монгол Улсын аварга Ч.С унасан гэсэн хууль бус шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Уг хууль бус шийдвэрийн улмаас Монгол Улсын аварга Ч.Санжаадамбын барилдааныг шударгаар шийдвэрлүүлэх болон даваагаа ахиулан барилдах эрхийг ноцтой зөрчигдсөн. Мөн бүтэн жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, бэлтгэл, сургуулилтад зарцуулсан хөрөнгө мөнгөөрөө хохирч байна. Уг нэхэмжлэлийг гаргаснаар Ч.Санжаадамбын зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой. Мөн Монгол Улсын Үндэсний бөхийн өв соёлд буруу жишиг тогтох ноцтой үр дагавар үүсэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь буруу. Арбитраар шийдвэрлүүлэх ёстой гэж маргаж байна. Монгол Улсын Үндэсний бөхийн барилдааныг Улсын баяр наадам зохион байгуулснаас бусад үед Монголын Үндэсний бөхийн холбооноос баталсан дүрмийн дагуу зохицуулна. Харин Үндэсний их баяр наадмыг төр зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталсан. Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т Бөхийн барилдаантай холбоотой асуудлыг салбар хороо шийдвэрлэнэ гэж заасан. Бид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн дотор Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд гомдол гаргасан. Тус хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид харьяалал зөрчөөгүй.
Хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбарт Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т Бөхийн барилдаантай холбоотой асуудлыг салбар хороо шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед засуул, Хөлийн цэцээр ажиллаж байсан 7 хүнийг хуралдуулж, Хөлийн цэцийн 1 хүн хайнцсан, бусад нь аймгийн арслан Г.Г давсан гэж мэдүүлсний дагуу манай хороо шийдвэрлэсэн гэж тайлбарласан байдаг. Давсан эсэхийг шударгаар шийдвэрлэхэд бичлэг үзэх нь ач холбогдолгүй. Шударгаар шийдвэрлэсэн эсэхийг бичлэгээс маш тодорхой харагдаж байгаа. Наадамчин олон ч гэсэн бүгд Ч.С аваргыг давсан гэж орилж байсан. Мөн тухайн үед Хөлийн цэцэд байсан хүмүүс Г.Г ын нутгийн хүмүүс байж таарсан. Төрийн байгууллагын шийдвэр хуульд үндэслэх ёстой. Хэн ч харсан ойлгомжтой асуудалд буруу шийдвэр гаргасан нь Ч.С аваргын барилдааныг шударгаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн.
Үндэсний их баяр наадмаас бусад асуудлыг Үндэсний бөхийн холбоо, Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл нь хариуцдаг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Г ыг унасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч байгууллагын шудрага бус шийдвэр гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Аливаа үйл баримтыг нотолгооны хэрэгслээр дамжуулж нотолдог. Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэдгийг хангалттай нотолсон. Үндэсний их баяр наадмаар барилдаж цолоо ахиулдаг. Энэ барилдаанаа шударгаар шийдвэрлүүлэхийг зорьж байна.
Мөн Үндэсний бөхийн салбар хороо тухайн үед шийдвэр гаргасан. Ингэхдээ хуралдаагүй шийдвэр гарсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тогтоогдлоо. Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр нь өөрөө хууль ёсны буюу хуульд үндэслэх ёстой. Мөн хариуцагч хэн нь унасан, хэн нь давсан эсэх асуудалд маргаагүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын аварга Ч.Санжаадамбын эрхийг сэргээж, хамгаалж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Үндэсний бөхийн салбар хороо Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн зохион байгуулалтын асуудлыг авч явдаг. Түүнээс биш барилдааны маргааныг шийдвэрлэдэггүй. Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан Монголын Үндэсний бөхийн дүрмээр энэ асуудлыг шийдвэрлэдэг. Ч.С аваргын цаашдын барилдаанд зөрчилдсөн зүйл байхгүй. Мөн Монгол Улсад 2017 оны 02 дугаар сард Олон Улсын Үндэсний спортын арбитр байгууллага байгуулагдсан. Гэтэл тухайн үед гаргасан шүүгч нарын шийдвэрийг бид Захиргааны журмаар шийдвэрлүүлээд зогсож байгаа нь хэр оновчтойг би гайхаж байна. Мөн энэ асуудлыг шүүх шийдвэрлээд аль ч талд шийдвэр гаргасан Би унаагүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь маш буруу жишиг тогтоно. Нэхэмжлэгчээс Үндэсний өв, соёл гэж тайлбарлаж байна. Үндэсний бөхийн дүрэмд заасны дагуу тухайн бөх Хөлийн цэцийн шийдвэр зөв, буруугийн аль нь ч байсан дагах ёстой. Энэ нь Монгол түмнээс уламжлагдаж ирсэн Үндэсний өв, соёл юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтуудыг дурдаж байна. Зохион байгуулалтын хувьд Үндэсний бөхийн салбар хороо баталгаажуулан гаргах ёстой. Аливаа уралдаан, тэмцээнд шударгаар ялагчаа тодруулах ёстой. Гэхдээ тухайн уралдаан, тэмцээний дүрэмд захирагдах ёстой. Үндэсний бөхийн барилдааны дүрэм, Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолд Тухайн барилдааныг дахин бичлэг үзэж, сэргээж шийдвэр гаргана гэсэн 1 ч үг, өгүүлбэр байхгүй. Мөн тухайн барилдаан дууссаны дараа Ч.С аварга бүсээ тайлах гээд явж байсан. Дараа нь ард нь бичлэг ухрааснаас болж маргаан үүссэн. Тухайн үед засуул, Хөлийн цэц шударгаар шийдвэрээ гаргасан. Монголын Үндэсний телевизийн бичлэгээс харахад аварга унасан харагддаг. Үүнийг харгалзаж үзнэ үү.
Монголын Үндэсний бөх олон талдаа 32 дүйз гарч барилддаг. Түүнийг дор хаяж 16 камер 2 хуваагдаад бичихэд нэг талаас бичиж чаддаггүй. Бид бүхэн орчин үеийн дэвшилтэд техник, технологи ашиглах ёстой. Тийм учраас 2017 оны Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт санал гаргасан. Хууль, эрх зүйн орчинд нь зохицуулагдаагүй асуудлаар бичлэг сэргээгээд асуудлыг дахин шийдвэрлэх нь учир дутагдалтай.
Монгол Улс нь Олон Улсын Олимпын хорооны гишүүн. Тийм учраас бид олон улсын нэгдэн гэрээ конвенцийн дагуу тухайн мэргэжлийн холбоодод нь хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ нь дэлхийн нийтийн жишиг юм.
Түүнчлэн хүн ажлаас халсан, хувь хүний эрх, ашгийг хөндсөн шийдвэр дээр ажиллаагүй. Урлаг, спортын асуудал яригдаж байна. Энэ асуудал нь дотоодын дүрэм журмаар шийдвэрлэгддэг. Бичлэгийг ухрааж үзээд, шийдвэрлэдэг асуудал байж болохгүй. Үүнээс үүдээд Ч.С аваргын барилдах эрх, эрэмбийг нь хязгаарласан зүйл байхгүй. Ч.С аваргын Монгол Улсын аварга цол хэвээрээ байгаа. Ардын хувьсгалын ойн Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, амжилт гаргасан.
Үндэсний бөхийн салбар хороо хуралдалгүйгээр шийдвэр гаргасан байна гэж нэхэмжлэгчээс маргаж байна. Хуралдалгүйгээр шийдвэр гаргаж болно. Үндэсний бөхийн салбар хороо нь Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолд заасан, засуулууд санал зөрөлдсөн, хөлийн цэц маргаантай тохиолдолд хуралдана. Тухайн үед хуралдах шаардлага байгаагүй. Хэрэв бид бичлэг үзээд, шийдвэр гаргасан бол магадгүй Г.Г Бичлэг ухрааж шийдвэр гаргалаа гээд нэхэмжлэл гаргаж болно. Энэ асуудал их онцлогтой, шийдвэрлэхэд төвөгтэй асуудал юм. Иймд хэргийг тал бүрээс нь харж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын 5-н даваанд Г.Г миний би Ч.С аваргад амлуулан барилдсан Зүүн давхар золгоод хүрч барилдааны явцад алсын сүвээний барьц алдаж /баруун талдаа/ баруун хөлийн ардуур хашин мордоход нь миний бие хөмөрч, дутуудахад нь хутгаад, дэгээ ороогоод унгасан. Би давчихлаа гээд л туг луу гүйсэн буцаж ирэхдээ засуулаасаа асуусан чинь чи давсан гэсэн.
Үндэсний бөхийн холбооны дүрэм журмын дагуу Үндэсний бөхийн салбар хороо, Хөлийн цэц засуулын шийдвэрээр намайг давуулсан. Үндэсний бөхийн холбоо камераар энэ жил барилдаан шийдвэрлэхгүй гэж зурагтаар Дэд тэргүүн Данзан гуайн ярилцлага гарч байсан.
Хөлийн цэц, засуулууд ахин дахин барилдуулна гэсэн бол барилдах л байсан. Аваргыг давсан гэсэн бол тахимаа өгөх л байсан. Үндэсний бөхийн холбооны дүрэм журмаараа л барилдсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үндэсний бөхийн салбар хороо нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5 даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г ыг давсанд тооцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-д хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараах ёсон, жаяг дэгийн баг /хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч/-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм, түүний хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална гэжээ.
Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-д хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно гэжээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол HD телевизийн дүрс бичлэг /CD/, фото зураг зэргээс 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5 даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны бичлэгээс дүгнэхэд аймгийн арслан Г.Г ын баруун тохой түрүүлж газарджээ.
Тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн маргаан бүхий барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, бичгийн хэлбэрээр захиргааны акт гаргаагүй, хуралдах шаардлагагүй гэж үзсэн гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Хэдийгээр тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, барилдааны дүрс бичлэгийг нягтлаагүй зэрэг зөрчил байгаа хэдий ч аймгийн арслан Г.Г ыг давсан шийдвэр гарсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлд хөлийн цэцийн үүргийг тусгасан бөгөөд 8.2-ийн В-д будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-д бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ, 8.5-д Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандана, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно гэж заасан байх бөгөөд хөлийн цэц болон салбар хороо нь дээрх дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр тухайн шүүх нь үйл баримтыг тогтоохгүй бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм зэрэгт маргаантай барилдааныг дүрс бичлэгийн тусламжтай шүүх, хөлийн цэц, салбар хорооны шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар зохицуулалт тусгагдаагүй байна.
Дээрхээс дүгнэвэл салбар хорооны шийдвэр эцсийнх байх бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хууль 12 дугаар зүйлийн 12.4.1-д улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх гэж заасны дагуу аймгийн арслан Г.Г ыг 5 давсанд тооцож улсын цол олгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадмын тухай хууль 12 дугаар зүйлийн 12.4.1-д заасныг баримтлан Ч.Санжаадамбын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороод холбогдох Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5 даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С тав давсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ