Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0041/З |
Дугаар | 221/МА2022/0493 |
Огноо | 2022-07-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0493
2022 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2022/0493
| Улаанбаатар хот
|
“Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Д г” ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гуравдагч этгээд Улсын дээд шүүхийн Тамгын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0041/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Д г” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр шийдвэрээр:
2.1.“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглаж байсан газартай дүйцүүлж газар олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/74 дүгээр тушаал “Газар ашиглах эрх цуцалж, эрх олгох тухай” тушаалын талаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй /ямар хууль бус эс үйлдэхүй гаргасан гэдгийг шийдвэрийн тогтоох хэсэгтээ тусгаагүй/ хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглаж байсан газартай дүйцүүлж газар олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
3.2.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2016 оны А/74 дүгээр тушаалтай маргаагүй бөгөөд анх уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчилж “дүйцүүлэн газар ашиглах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүйцүүлэн газар ашиглах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1, 39.1.2, 39.1.4, 39.1.5..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл “Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх”-ийг хуульчилсан бөгөөд 40.1, 40.2, 40.2.2... гэж заасан байх бөгөөд бодит байдал дээр авч үзвэл дээрх хоёр хуулийн аль нь ч бүрдээгүй байхад хариуцагч нэхэмжлэгчийн газрыг шууд дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
3.3.Анхан шатны шүүх тус хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасны дагуу шийдвэрлэсэнгүй. Учир нь:
3.3.1“...“Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор” төслийг боловсруулан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн, түүнчлэн “Аялал жуулчлал, үйлчилгээний цогцолбор”-ын барилгын эскиз зураг, барилгын ажлын зургуудыг хийж гүйцэтгүүлэх зэрэг ажлуудыг хийж нийт 3.831.400.000 /гурван тэрбум найман зуун гучин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулсан болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно” гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 3.831.400.000 төгрөгийг зарцуулсан гэх баримт авагдаагүй байхад “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасантай нийцэхгүй, өөрөөр хэлбэл нотлох баримт нь нотолгооны хэрэгслээр тогтоогдох шаардлагатай, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь чухам ямар нотлох баримтаар тогтоогдоод байгаа нь хэрэгт авагдаагүй байхад шүүхээс дээрх үйл баримтад үндэслэл муутай тайлбарыг хийсэн байна.
3.3.2.Анхан шатын шүүх “...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Улсын дээд шүүхийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр давталгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болгосон ...нотлогдож байна" гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан 2016 оны Улсын дээд шүүхийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт “Д г” ХХК гуравдагч этгээдээр татагдсан, “Д г” ХХК-иас Н.Лид итгэмжлэл олгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтад /хүсэлт танилцуулах/ гарын үсэг зуруулсан байна. Гэтэл анхан шатны шүүх “гуравдагч этгээдээр татагдаагүй” хэмээн хэргийг үнэн, зөв талаас нь бодитой шийдвэрлэж чадаагүй.
3.3.3.Мөн анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчөөгүй байхад хариуцагчаас дүйцүүлэн газар олгоно гэж амлалт өгч бусдын газар эзэмших эрхийг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлгүй байх бөгөөд...” гэж дүгнэжээ.
Гэвч хэн, хэзээ, хуулийн ямар үндэслэлээр дүйцүүлэн газар ашиглах эрх олгох тухай амлалт өгснийг хэн ч нотлоогүй, эсхүл нотлогдоогүй байхад шүүхээс “амлалт өгч” хэмээн дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй юм. Тусгай хамгаалалттай газрыг дүйцүүлж олгох зохицуулалт Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аль ч хуульд заагаагүй бөгөөд тусгай хамгаалалттай газар ашиглах шийдвэр гаргахад тодорхой журмыг баримталж газар ашиглуулах шийдвэр гардаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох” түр журмын дагуу шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч компани нь ямар газарт, ямар солбицол бүхий талбайд, хэдий хэмжээний газрыг ямар зориулалтаар ашиглаж, өөрөөр хэлбэл ямар төсөл хэрэгжүүлэх нь тодорхойгүй, хуулийн шаардлагад нийцсэн хүсэлт ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хуульд заасан журмын дагуу газар ашиглуулах хүсэлт ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь 2020 оноос 2021 оны 10 сар хүртэлх хугацаанд А/74 дүгээр тушаалтай маргаж байсан тул газар ашиглуулах шийдвэрийг гаргах үндэслэлгүй юм.
3.3.4.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримталсан, түүнчлэн нэхэмжлэгч нь дүйцүүлж газар олгохыг даалгах тухай маргаж байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд “Д г” ХХК-ийн хаана, ямар координаттай газар ашиглахыг дэмжсэн, утгаа Хамгаалалтын захиргааны саналгүй байхад дээрх зохицуулалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
1.“…Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдож, танай ашиглаж буй газрыг зайлшгүй шаардлагын улмаас улсын хэрэгцээнд авах боллоо, иймд өөр газар нөхөн олгоё гэж мэдэгдсэн…” гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон “Д г” ХХК-ийн захирал А.Бөөс тодруулахад “…манай өмнөх өмгөөлөгч хариуцагч талтай энэ талаар ярьсан гэдэг…” гэхээс өөрөөр нотлох баримтыг нэр заан тайлбарлаагүй, гэтэл шүүхийн шийдвэрт “…танай ашиглаж буй газрыг зайлшгүй шаардлагын улмаас улсын тусгай хэрэгцээнд авах боллоо, харин өөр газрыг Та бүхэнд нөхөн олгож зохицуулья…” гэж мэдэгдсэн, “…дүйцэх газар олгоно гэж амлалт өгсөн…” гэх зэргээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ч шүүгчээс дүйцүүлэх боломжтой гэсэн ярилцлага хаана болсон бэ гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “…2016 оны 10 дугаар сард Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн удирдлагын газрын даргатай ярилцсан…” гэснээс өөр зүйл тусгагдаагүй байна.
2.Маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд огт аваагүй, харин уг газрын өмнөх ашиглагч болох Улсын Дээд шүүхийн гаргасан нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар Улсын Дээд шүүхийн 0.65 га газар ашиглах эрхийг сэргээсэнтэй холбогдуулан сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын “Д г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 7883 дугаар захирамжаар одоогийн нэхэмжлэгч “Д г” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан, тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Х.Б 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улсын Дээд шүүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Лийг томилсон, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус хэрэгт өмгөөлөгч Б.Бг оролцуулах хүсэлт гаргаж, түүнтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн гэрээг ирүүлсэн байхад “…гуравдагч этгээдээр таталгүйгээр хэргийг шийдвэрлэсэн…” мэтээр;
-мөн “…газар ашиглах эрх олгосноос хойш байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гаргах, аялал жуулчлалын цогцолборын төслийг боловсруулах, барилгын эскиз зураг, барилгын ажлын зургуудыг хийж гүйцэтгүүлэх зэрэгт нийтдээ 3.8 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан…” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох санхүүгийн анхан шатны ямар ч баримтгүй байхад “…энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байна…”, “…бодитой зардал гаргасан байна…” гэх зэргээр шүүхийн шийдвэрт ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5-д “Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана”, 39 дүгээр зүйлийн 2-т “Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно” гэж тус тус зааснаас гадна маргаан бүхий газрын өмнөх ашиглагчийн эрхийг сэргээх зорилгоор гарсан сайдын 2016 оны А/74 дүгээр тушаалтай маргаагүй, тодруулбал хуульд заасны дагуу шаардаж эрх үүсээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчид өмнө ашиглах эрх олгосон газартай нь дүйцэх хэмжээний газар ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/28 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж “…2016/216 тоот гэрчилгээний дагуу ашиглаж байсан газартай дүйцэх газар нөхөж олгохыг хүсье…” гэсэн хүсэлтээ гаргасан, сайдын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/4497 дугаар албан бичгээр “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй…” гэсэн хариу өгсөн байгаагаас үзэхэд ч хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэтэл шүүх хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг тайлбарлах байдлаар буюу дээрх хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад дуусгавар болгосон” гэж дүгнэснийг хууль хэрэглээний хувьд зөвтгөх боломжгүй.
4.Процессийн тухайд анх захиргааны хэрэг үүсгэсэн сайдын 2016 оны А/74 дүгээр тушаалын “Д г” ХХК-д холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй, харин “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дүйцүүлэн газар олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай, учир нь нэгэнт үүссэн хэргийн хүрээнд шаардлагаа хэрхэн өөрчилснөөс үл хамаарч нэхэмжлэл гаргах хугацаа тоологдохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Цаг хугацааны хувьд Улсын Дээд шүүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 832 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэнээс хойш 4 жил гаруйн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус компаниас нэхэмжлэл гаргасан, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэлээ өөрчилж буй энэ тохиолдолд хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Гэвч захиргааны хэрэг үүсгэснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн, “Д г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага солигдсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 532 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон зэргийг харгалзан үзэж маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар “Д г” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон байхад тус компаниас газар ашиглах хүсэлтээ мөн оны 5 дугаар сарын 17-ны өдөр буюу тушаал гарснаас хойш гаргасан байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 5, 39 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан “Д г” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанид хууль ёсоор ашиглаж байсан газартай нь дүйцэх газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН