| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07701/И |
| Дугаар | 243 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 243
| 2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00243 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 8 байр, 00 тоотод байрлах, “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 17 байр, 17 тоотод оршин суух, Захад овогт Батнасангийн Нандин-Эрдэнэ /РД:ЧМ74051514/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 242.400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэмүүлэл” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 6, 8, 17 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн болон цахилгааны шугамыг хамгаалж шинэчлэн солих, эвдэрсэн эд зүйлийг хугацаа алдалгүй засварлах, орц хонгил, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг орц, орчны 50 м зайн цэвэрлэгээг тогтмол хийж, сууц өмчлөгчдийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж үйл ажиллагаа явуулж ирсэн. 17 байрны 17 тоотод оршин суугч Б.Нандин-Эрдэнэ нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гарсан төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэдэг. Оршин суугч Б.Нандин-Эрдэнэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх зардал 242400 төгрөгийг төлөөгүй. Иймд Б.Нандин-Эрдэнээс 242.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ж.Чойндон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 242.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг график гарган төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Нандин-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Нандин-Эрдэнэ миний бие “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 242.400 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сард 30.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 70.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 70.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 72.400 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Нандин-Эрдэнэд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 242.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 242.400 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сард 30.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 70.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 70.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 72.400 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Нандин-Эрдэнийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Нандин-Эрдэнээс 3965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 242.400 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сард 30.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 70.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 70.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 72.400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 7930 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3965 төгрөг, хариуцагч Б.Нандин-Эрдэнээс 3965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА