Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00064

 

 

2016 оны 12 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2017/00064 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, 106 дугаар байр, 39 тоот хаягт оршин суух, Гүнгэр овогт Уранчимэгийн Ундармаа /РД:ХД77022268/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Их үүсгэл ХХК-ийн байранд байрлах Их Монгол Майнинг ХХК /РД: 5014131/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны болон ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Их Монгол Майнинг ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халагдсан. Ажлаас чөлөөлөх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.16 заалтыг үндэслэж халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасны дагуу эрүүл мэнд, ур чадвараар тэнцэхгүй гэх нотолсон байдал байхгүй. Улсын Дээд Шүүхийн тайлбараар ур чадвараар тэнцэхгүй байхыг тогтоосон комиссын шийдвэр байхгүй байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Хариуцагч нь 30 хоногийн өмнө надад бичгээр мэдэгдээгүй, гарын үсэг зуруулаагүй. 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгохоор заасан байдаг. Ажиллаж байсан хугацааны цалин өгөөгүй. Нэг сая төгрөг өгье гэж тулган шаардаж, барьцаалсан маягаар эвлэрэх санал тавьсан. Ажлаас чөлөөлсөн хүний тушаалд гарын үсэг зурсан Ц.Лхагвасүрэн нь Их монгол майнинг ХХК-ийн 95 хувийг эзэмшдэг хүн. Дүрэмд зааснаас өөрөөр буюу тушаалыг хувьцаа эзэмшигч гаргасан байдаг. Хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирал Т.Батхуяг хийсэн байгаа. Т.Батхуяг нь 5 хувийг эзэмшдэг хүн. Ажлаас халахдаа гүйцэтгэх захирал Т.Батхуяг биш хувьцаа эзэмшигч Ц.Лхагвасүрэн халсан. Ц.Мянганбаяр нь энэ ХХК-ийн үүсгэн байгуулагч нь. Ц.Лхагвасүрэн нь түүний төрсөн дүү. Гүйцэтгэх захирал гэх Ц.Лхагвасүрэнг нэг ч удаа харж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд Т.Батхуяг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Их Монгол Группын 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Их Монгол Майнинг ХХК-ийн захирлаар Б.Сүхбатыг томилсон байдаг. Намайг ажиллаж байхад Т.Батхуяг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажлаас халсан тушаал хууль бус байна. Ажлаас гарахдаа цалингийн тооцоолол бодоод өгөөч гэсэн бодож өгөөгүй. 8 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт ажлын 96 хоног ажилгүй байсан. 6 сард ажлын 20 хоног байсан. Нэг өдрийн дундаж цалин 77.821 төгрөг гарсан. 96 хоногт үржүүлэхэд 7.470.816 төгрөг гаргуулах, ажиллаж байх хугацааны дутуу авсан цалинг хариуцагчийн тооцсон 1.889.265 төгрөгөөр тооцоход татгалзахгүй. Энэ дүн дээр маргаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулиар хоногийн 0.3 хувийн алданги тооцох үндэслэлтэй. Ажилдаа эгүүлэн орох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалинд 1.889.265 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин 1.889.000 төгрөг, нийт 3.889.000 төгрөгийг хариуцагч Их Монгол Майнинг ХХК нь 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкин дахь 5011348711 тоот У.Ундармаагийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 2.889.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ундармаа нь хариуцагч Их Монгол Майнинг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны болон ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин 1.889.000 төгрөг, нийт 3.889.000 төгрөгийг хариуцагч Их Монгол Майнинг ХХК төлөхийг зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкин дахь 5011348711 тоот У.Ундармаагийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 2.889.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Их монгол Майнинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 77.174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. У.Ундармаагийн нэхэмжлэлтэй Их Монгол Майнинг ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин 1.889.000 төгрөг, нийт 3.889.000 төгрөгийг хариуцагч Их Монгол Майнинг ХХК төлөхийг зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкин дахь 5011348711 тоот У.Ундармаагийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 2.889.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77.174 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ