| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0291/э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 287
2020/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.С
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ы Бт холбогдох 2012000000327 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Ааймгийн Т сумын Х багийн Д хорооллын ... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Оы Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ө сумын Б багийн нутаг дэвсгэр “Ш” нэртэй газраас тус аймгийн Т сумын Д хорооллын ... тоот хашаа руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19 ширхэг, 2.9532 м3 шоо метр хуурай шинэс модыг Портер маркийн 22-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 207.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000327 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Эгийн мэдүүлсэн: ...О.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Өсумын Б багийн Шгэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэж 07-02 тоот хашаа руу өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ойн санд 207.314 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар мөрдөгчөөс сонсож мэдлээ. Уг хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлаар оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газраас иргэд мод бэлтгэдэг. Хуш мод байхгүй ой байгаа юм. Манай суманд хуш ихтэй газар байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг сум орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Бийн мэдүүлсэн: ...22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл бол миний өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машинаа 2019 оны 10 дугаар сард Бт 7 сая төгрөгөөр зарсан боловч Б тээврийн хэрэгслийнхээ мөнгийг надад өгөөгүй. Тиймээс би тээврийн хэрэгслийнхээ өмчлөгчийн нэрийг шилжүүлж чадаагүй байж байгаад буцаад авсан юм. Б надад машиныг өгөхдөө моторыг нь цохиулсан байсан. Би одоо муу мотортой, муу машинаа унаад л явж байна. Анх Б надад машины үнэнд мал бодож өгнө гэсэн боловч мал өгөөгүй байгаа. Миний машин 3-4 сая төгрөгийн үнэтэй байгаа байх. Гэхдээ Монголд орж ирээд удаан эдэлсэн болохоор яг хэдэн төгрөгөөр үнэлэгдэх эсэхийг би мэдэхгүй байна. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд санал, хүсэлт байхгүй. Б энэ асуудлыг өөрөө шийдчихвэл би машинаа улсын орлого болгомооргүй байна. Би уг машинаар амьдралаа залгуулдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Аын мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын харьяат миний төрсөн дүү Дэмидсүрэнгийн нөхөр байсан О.Б гэх залуу өөрийн Тариат сумын Дэнж хорооллын 07-02 тоотод дүнз мод буулгаж хураасан байсан. Энэ модыг би Баас хаанаас, хэзээ бэлдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад миний урдаас уурлаад би мод бэлдэж байгаад гуанз барина, энэ мод эрхийн бичиггүй, миний юу хийх та нарт ямар ч хамаа байхгүй гэж урдаас уурлаад байсан. Тиймээс би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. О.Бын бэлтгэсэн мод дүнз мод байсан. Хэзээ бэлтгэсэн талаар нь би мэдэхгүй байна. Ямар төрлийн мод болохыг би мэдэхгүй байна. Хар мод байсан. Б бид хоёрын дунд өр авлага байхгүй. Б миний төрсөн дүүг зодож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Эхнэр нь нас барснаас хойш бага зэрэг таарамжгүй харилцаатай болсон. Өр авлага, өс хонзон байхгүй. О.Б урьд өмнө нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсан эсэх талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 03-04 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн А надад ирж гомдол, мэдээлэл өгсөн. А нь Б Тариат сумын төвд байх өөрийн хашаандаа мод буулгасан байна, энэ мод юун учиртай мод вэ гээд Баас асуутал Б чамд ямар хамаатай юм, надад хууль үйлчилдэггүй гээд байгаа учраас шалгаад өг гэсэн. Тиймээс би уг дуудлага, мэдээллийн дагуу Бтай уулзтал би энэ жил Тариат сумын Тэрхийн цагаан нууран дээр гуанз барих гэж байгаа юм, би энэ модыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхийн гүүр Шаварын эх гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн юм гэж надад хэлсэн. Нэгэнт зөвшөөрөлгүй бэлтгэсэн болохоор тээвэрлэхдээ мөн зөвшөөрөлгүй ачсан гэж хэлсэн. Би уг гомдол мэдээллийг аваад Бтай хамт Архангай аймгийн Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Шаварын эх газар руу явтал Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Бэлхи багийн гүүр хүртэл 54 км зайтай, уг гүүрнээс зүүн хойш Шаврын эх гэх газрын ой руу 13 км явтал Бын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх газар байсан. Уг газарт Б 10 ширхэг босоо модыг унагасан байсан. Уг модны хожуулууд 1 жил болсон байсан учир хуучирч хөхөрсөн, харласан байдалтай байсан. Б нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо сумаас сумын хооронд тээвэрлэсэн байсан. Би тухайн үед мөрдөгч биш байсан учир мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байсан болохоор мөрдөгч АБыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай суманд ирэхээр нь уг дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан шалгуулсан. О.Б нь надад хэлэхдээ ганцаараа цахилгаан хөрөө ашиглаж босоо модыг унагаасан, дараа нь өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлэж сум ороод гуанз барих гэж байсан гэж хэлсэн. О.Б надад ганцаараа мод бэлтгэсэн гэж хэлсэн. Б угаасаа ганцаараа амьдардаг хүн байгаа юм. Гэхдээ мод тээвэрлэхдээ архи ууж байсан хүмүүст архи авч өгөөд машин дээрээ ачуулсан гэсэн. Уг хүмүүсийг хаанахын хүмүүс байсан талаар нь мэдэхгүй байна лээ. Улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй. Иргэдийн байнга мод бэлтгэдэг газар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өийн мэдүүлсэн: ...Б мод бэлтгэж зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байна. Би өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Би О.Бтай 2016 оноос хойш хамтран амьдарч байна. Б даруу ,төлөв зантай, ажилсаг хичээнгүй, гарын дүйтэй, өөрийнхөө нэр дээр бог, бод нийлсэн 100 гаруй тооны малтай хүн байгаа юм. О.Б 22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Б гэх залуугаас авсан. Уг машин удаагүй мотор нь цохиод дахин буцааж өгөөд янзлуулж аваад 09 дүгээр сард мөнгийг нь өгч чадахгүй болохоороо машинаа авсан. Уг машин одоо эзэндээ байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Бын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй байна. Би ойлгож мэдлээ, сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Шаварт гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрхийн бичиг авалгүйгээр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн 07-02 тоотод байх өөрийн хашаандаа буулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-24 хуу
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 25-26,28 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09, 27 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 78 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 29-30 хуу/
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 хуу/
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Өсумын Ббагийн нутаг дэвсгэр “Ш” нэртэй газраас тус аймгийн Т сумын Дхорооллын ... тоот хашаа руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19 ширхэг, 2.9532 м3 шоо метр хуурай шинэс модыг Портер маркийн 22-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 207.314 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ааймгийн Ө сумын Ббагийн нутаг дэвсгэр “Ш” нэртэй газраас тус аймгийн Т сумын Д хорооллын ... тоот хашаа руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 19 ширхэг, 2.9532 м3 шоо метр хуурай шинэс модыг Портер маркийн 22-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 207.314 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Эгийн мэдүүлсэн “О.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Өсумын Б багийн Ш гэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэж 07-02 тоот хашаа руу өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж А аймгийн Ө сумын ойн санд 207.314 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар мөрдөгчөөс сонсож мэдлээ. Байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг сум орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Бийн мэдүүлсэн “22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл бол миний өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машинаа 2019 оны 10 дугаар сард Бт 7 сая төгрөгөөр зарсан боловч Б тээврийн хэрэгслийн мөнгийг надад өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Аын мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Тариат сумын харьяат миний төрсөн дүү Дэмидсүрэнгийн нөхөр байсан О.Б гэх залуу өөрийн Тариат сумын Дэнж хорооллын 07-02 тоотод дүнз мод буулгаж хураасан байсан. Энэ модыг би Баас хаанаас, хэзээ бэлдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад миний урдаас уурлаад би мод бэлдэж байгаад гуанз барина, энэ мод эрхийн бичиггүй, миний юу хийх та нарт ямар ч хамаа байхгүй гэж урдаас уурлаад байсан. Тиймээс би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. О.Бын бэлтгэсэн мод дүнз мод байсан. Хэзээ бэлтгэсэн талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн А надад ирж гомдол мэдээлэл өгсөн. А нь Б Тариат сумын төвд байх өөрийн хашаандаа мод буулгасан байна, энэ мод юун учиртай мод вэ гээд Баас асуутал Б чамд ямар хамаатай юм, надад хууль үйлчилдэггүй гээд байгаа учраас шалгаад өг гэсэн. Тиймээс би уг дуудлага мэдээллийн дагуу Бтай уулзтал би энэ жил Тариат сумын Тэрхийн цагаан нууран дээр гуанз барих гэж байгаа юм, би энэ модыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхийн гүүр Шаварын эх гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн юм гэж надад хэлсэн. Нэгэнт зөвшөөрөлгүй бэлтгэсэн болохоор тээвэрлэхдээ мөн зөвшөөрөлгүй ачсан гэж хэлсэн. Би уг гомдол мэдээллийг утгыг аваад Бтай хамт Архангай аймгийн Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Шаварын эх газар руу явтал Тариат сумын төвөөс Өндөр-Улаан сумын Бэлхи багийн гүүр хүртэл 54 км зайтай, уг гүүрнээс зүүн хойш Шаврын эх гэх газрын ой руу 13 км явтал Бын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх газар байсан. Уг газарт Б 10 ширхэг босоо модыг унагасан байсан. Уг модны хожуулууд 1 жил болсон байсан учир хуучирч хөхөрсөн, харласан байдалтай байсан. Б нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо сумаас сумын хооронд тээвэрлэсэн байсан. Би тухайн үед мөрдөгч биш байсан учир мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байсан болохоор мөрдөгч АБыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай суманд ирэхээр нь уг дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан шалгуулсан. О.Б нь надад хэлэхдээ ганцаараа цахилгаан хөрөө ашиглаж босоо модыг унагаасан, дараа нь өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлэж сум ороод гуанз барих гэж байсан гэж хэлсэн. О.Б надад ганцаараа мод бэлтгэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өийн мэдүүлсэн “Б мод бэлтгэж зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байна. О.Б 22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Б гэх залуугаас авсан. Уг машин удаагүй мотор нь цохиод дахин буцааж өгөөд янзлуулж аваад 09 дүгээр сард мөнгийг нь өгч чадахгүй болохоороо машинаа авсан. Уг машин одоо эзэндээ байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
мөрдөн байцаалтын шатанд О.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Шаварт гэх ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрхийн бичиг авалгүйгээр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн 07-02 тоотод байх өөрийн хашаандаа буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Х овогт Оы Быг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 621.942 /зургаан зуун хорин нэгэн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 78 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 19 ширхэг, 2.9532 м3 шоо метр хуурай шинэс мод, шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн М.Бийн өмчлөлийн автомашины үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.552.058 /нэг сая таван зуун тавин хоёр мянга тавин найм/ төгрөгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн Портер маркийн 22-91 АРХ улсын дугаартай автомашиныг өмчлөгч М.Бөд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашин нь М.Бийн эзэмшлийн машин болох нь нотлогдож байх тул түүний үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 120 тоот тогтоолоор яллагдагч О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч О.Б зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Оы Быг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 621.942 /зургаан зуун хорин нэгэн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 78 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 19 ширхэг, 2.9532 м3 шоо метр хуурай шинэс мод, шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 22-91 АРХ улсын дугаартай Портер маркийн М.Бийн өмчлөлийн автомашины үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.552.058 /нэг сая таван зуун тавин хоёр мянга тавин найм/ төгрөгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн Портер маркийн 22-91 АРХ улсын дугаартай автомашиныг өмчлөгч М.Бөд олгосугай.
7. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ