| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2018/0159/З |
| Дугаар | 344 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 344
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Г
Хариуцагч: ОӨУБЕГ
Гуравдагч этгээд: К Б ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, О. Г г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрээр О.Г г тус орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас /хуучнаар/ Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус шийдвэрийн дагуу О.Г г дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох албан бичиг хүргүүлсэн боловч тус хэлтсээс ... уг орон сууц нь өмчлөгч Г.Отгонцэцэгээс Капитрон банк ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулан, барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тус банкны өмчлөлд бүртгэгдсэн тул гүйцэтгэх хуудасны дагуу О.Г гийн өмчлөлд бүртгэх боломжгүй... гэсэн хариу өгч бүртгэхээс татгалзсан байдаг.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болж гүйцэтгэх хуудсыг О.Г д буцаан өгсөн. Ингээд О.Г гийн өмчлөгч мөн гэдэг нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байхад түүнийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж буй нь эрхийг нь зөрчиж байна. Г.Отгонцэцэг нь тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч түүнийг шүүх хэрэгсэхгүй болгон О.Г г өмчлөгч мөн гэдгийг тогтоосон.
Шүүхийн шийдвэрийн дагуу О.Г гийн өмчлөх эрхтэй маргаан бүхий орон сууц нь Г.Отгонцэцэгийн өмчлөлд бүртгэгдэж, түүний дагуу зээлийн үүргийг хангуулж Капитрон банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. 2008 онд О.Г тус орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөр тооцоог хийн, орон сууц ашиглалтад орох үед О.Г нүүж орсон байдаг. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.Отгонцэцэг орон сууцны захиалгын гэрээг хийж, мөн өдрөө улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж, тухайн өдрөө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан үйлдэл нь байдаг. Энэ нь хууль бус болохыг шат шатны шүүхээс тогтоосон. Иймээс О.Г гийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа бөгөөд улсын бүртгэлтэй холбоотой маргаан үүсгэж, шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан болно.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар хэлэхэд О.Г гийн өмчлөх эрх зөрчигдсөнийг 102/ШШ2016/00357 тоот шүүхийн шийдвэр гарснаар мэдсэн. Ингээд өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Отгонцэцэг нь өмчлөгч биш гэдгийг шүүх тогтоосоор байхад Капитрон банк ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулсан буюу залилан хийсэн хүн юм. Учир нь Капитрон банк ХХК зээлийн судалгаа хийхэд Г.Отгонцэцэг нь маргаан бүхий орон сууцыг банкны ажилчдад үзүүлэлгүй хажуу талынх нь өөр орон сууцыг үзүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоот 42.6 м.кв талбайтай орон сууцыг бүртгэхдээ иргэн Г.Отгонцэцэг, Г.Байгалмаа нарын өргөдөл, Сандэй ХХК-ны төлбөр тооцоо дууссан албан бичиг болон тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээ, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын албан ёсны хаяг, план зураг, фото зураг зэрэг хавсаргасан нотлох баримтыг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Г.Отгонцэцэг /ТК50125621/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэн, 000282346 тоот гэрчилгээ олгосон байна.
2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 339 дугаартай нотариатын гэрчилсэн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Капитрон банк ХХК-руу шилжин бүртгэгдэн 000445284 тоот гэрчилгээ олгон бүртгэгдсэн байна.
2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээгээр тус орон сууц Капитрон банк ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэн О.Г гийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлд 14.1.5-д бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол гэж мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчөөгүй байх тул эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны /хуучнаар/ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан 3/3285 тоот албан бичигт О.Г г өмчлөгчөөр бүртгэн гэрчилгээ олгож хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна. Уг бичгийн хариуд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 339 дугаартай нотариатын гэрчилсэн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Капитрон банкруу шилжин бүртгэгдсэн байх тул О.Г гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй байна гэсэн хариуг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 276 тоот албан бичгээр явуулж байсан байна.
Иймд Капитрон банк ХХК-нд олгогдсон 000445284 тоот гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар бүртгэлийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул иргэн О.Г гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. " гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн Г.Отгонцэцэг нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, Капитрон банк ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50 сая төгрөгийн зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тус орон сууцыг барьцаалуулж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу барьцаалбар бүртгүүлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа зээлдэгч Г.Отгонцэцэг нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тухай бидэнд мэдэгдсэн. Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь 55,887,073 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Үүнийг Капитрон банк ХХК 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өмчлөлдөө бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Үүний дараа Г.Отгонцэцэг нь шилжүүлсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, О.Г г тус орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 102/ШШ2016/00357 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, О.Г г тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны /хуучнаар/ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3285 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр О.Г г бүртгэхийг даалгасан байдаг боловч тус орон сууц Капитрон банк ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байсан тул боломжгүй хэмээн хариу өгсөн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх бичгээ буцаан авсан буюу тус өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хариу албан бичгийг мэдсэн гэж үзэж байна. Тус хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. О.Г 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан марган бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гомдол гаргасан боловч тус газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/487 тоот албан бичгээр мөн өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна.
Дээрх шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна. Үүний дагуу эрх бүхий байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгчид байсаар атал хуулийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандаж буй тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэж байна. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд үүнийг шүүх бүхэлд нь хангасан. Үүнд нэг зүйлийг шүүх анхаарахыг хүсч байна. Капитрон банк ХХК болон Г.Отгонцэцэг нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд тус орон сууцны албан ёсны хаягийг ... Баянгол дүүрэг, 14 дүгээр хороолол, 4 дүгээр хороолол... гэж заасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрт албан ёсны хаягийг нь ... Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол... гэж заасан байдаг. Үүнээс үзвэл 2 өөр газар байрлах, өөр өөр үл хөдлөх хөрөнгийн талаар яригдаж буй нь харагдаж байна. Капитрон банк ХХК нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд дурдсан үл хөдлөх хөрөнгийг өмчилдөггүй юм. Капитрон банк ХХК-ийн өмчлөл бүхий үл хөдлөх хөрөнгийг О.Г гийн өмчлөл гэж тогтоосон шүүхийн шийдвэр огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг Г.Отгонцэцэгийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэж, түүнд мөн өдөр 00282346 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, улмаар зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13/173 дугаар гэрээгээр Г.Отгонцэцэгээс Капитрон банк ХХК-нд шилжүүлж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 000445284 дугаар гэрчилгээг Капитрон банк ХХК-нд олгожээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр[1] Г.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орсоогийн Г г Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Капитрон банк ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг Капитрон банк ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШТ2017/00422 дугаар тогтоолоор[2] хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар гуравдагч этгээд Капитрон банк ХХК-иас Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзулд холбогдуулж түүний 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 297 дугаар нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00661 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно, 7.4-д Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг дурьдсан ба мөн хуулийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно, 24 дүгээр зүйлийн 24.4-д Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана 24.8-д Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, хэргийн оролцогч нар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад хариуцагчаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.
Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг нэхэмжлэгч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц гэж, Г.Отгонцэцэг, Капитрон банк ХХК нарт олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц гэж зөрүүтэй /3,4/ бичигдсэн хэдий ч тухайн үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, мөн эрхийн бүртгэлийн Ү-2205051561, 16066 зэрэг нь дугаарууд давхцахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай захирамж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3285 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 661 тоот тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 422 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1277 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8-д заасныг тус тус баримтлан О.Г гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Оросоогийн Г г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ