Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0459

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0951/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С т” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан “С т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

3.1. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журам зөрчсөн:

Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх явцад хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүхийн зүгээс уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлэхэд “хүсэлт шийдвэрлэх үе шат дууссан” гэж хэлээд уг хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

3.2. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилмөөр байна” гэх үед хүсэлт шийдвэрлэх шат бүрэн дуусаагүй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрч асуулгах, төлбөрийн баримт гаргуулах зэрэг өөр хүсэлт гаргаж тухайн асуудлаар талууд мэтгэлцэж байсан үе юм. Гэтэл шүүхийн зүгээс хүсэлт шийдвэрлэх үе шатыг дууссанд тооцож хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхиод зогсохгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг мөн огт хэлэлцэхгүй орхигдуулсан.

3.3. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, хариуцагчтай эвлэрэх эрх нь шүүх хуралдааны аль ч үе шатанд хэрэгжих боломжтой хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Учир нь Захиргааны эрх зүйн аливаа маргаан нь нэг талд нь өөрийн шийдвэрийг биелүүлэхийн тулд албадлага хэрэглэх боломжтой төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нөгөө талд нь төрийн захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдож буй иргэн байдаг тэгш бус харилцааны явцад талуудын хооронд үүссэн маргаан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албадлагыг ардаа агуулсан шийдвэрт гомдож буй жирийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлт нь магадгүй буруу тодорхойлогдох, буруу ойлгогдох боломжтой бөгөөд агуулгын хувьд заавал бүрэн дүүрэн хэлбэржиж төрийн байгууллагаас гарч буй шийдвэрт тавигдах шаардлагатай ижил хэмжээний хуулийн заалтыг яг таг баримталсан, төгс ойлгомжтой байх боломжгүй юм.

3.4. Иймд нэхэмжлэгч нь аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх багасгах, бүр татгалзах, хариуцагчтай эвлэрэх боломжтой байх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үндсэн зарчим болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцнэ.

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй нь тухайн захиргааны байгууллагын өөрийн гаргасан зөрчил бөгөөд энэ талаар арга хэмжээ авах албан шаардлага хүлээн авсан гэдгийг зөвхөн хариуцагчийн хариу тайлбараас олж мэдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад л тухайн аудитын дүгнэлтийг анх удаа харсан юм.

3.6. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага төрийн аудитын хуульд заасны дагуу аудитын зөрчлөө арилгах шаардлага гарсан гэдгийг тухайн хэрэг хянан хэлэлцэх явцад л анх удаа мэдсэн учир шүүх хуралдаан эхлэх үед л “бидэнд тэр дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломж олговол эвлэрэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь “надад ийм эрх байхгүй” гэх үндэслэлээр эвлэрэх гээд байгаа эсэхээ ч тодорхой хэлээгүй юм. Зүй нь шүүхийн зүгээс талуудын эвлэрэн хэлэлцэх боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулж тухайн эвлэрэх эрхтэй этгээдэд хүсэлт гаргах боломжийг олгох нь зүйтэй байсан билээ. Гэтэл шүүх уг хүсэлтийг огтхон ч хэлэлцээгүй бөгөөд эвлэрэх боломжтой эсэх талаар хариулт авч чадахгүй байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг.

3.7. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

Гомдол гаргаж буй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “илт хууль бус акт нь хэн ч харсан (хуульч бус хүн ч харсан) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно” гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь заалтуудыг тайлбарлаж хэрэглэжээ.

3.8. Гэтэл нэхэмжлэгчийн гомдол гаргаж буй “илт хууль бусад тооцуулах” үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуулийн үндэслэл байгаагүй гэх үндэслэл нь энгийн иргэн битгий хэл хуульч хүн шууд хараад тодорхойлох боломжгүй үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн уг захиргааны хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж байгаа юм. Хуульд тухайн актыг гаргах хуулийн үндэслэл байгаа эсэхийг хуульч хүмүүс ч шууд хараад тодорхойлох боломжгүй нь ойлгомжтой байхад маргаан бүхий захиргааны актыг нэг хараад л тухайн актыг гаргах хуулийн үндэслэл байгаа эсэхийг тогтоох боломжтой гэж үзэн хуулийг илтэд мушгин буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.9. Нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл нь актыг гаргасан этгээд тодорхой бус ч гэдэг юм уу, эсхүл гарын үсэг зурагдаагүй байна гэж маргаагүй бөгөөд тухайн акт нь өөрөө заавал хуульд үндэслэж гарах ёстой атал огт сонсох ажиллагаа явуулаагүй төлбөр төлөөгүй гэх үндэслэл, газар эзэмшигч нь хууль зөрчсөн гэх огт утгагүй үндэслэлийг ишилсэн нь тухайн актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхэд хүргэж байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон билээ.

3.10. Сонсох ажиллагаа огт явуулаагүй “төлбөр төлөгдөөгүй тухай асуудал” нь тухайн актын үндэслэл байх болохгүй бөгөөд хэрэв ингэж болдог бол захиргаа нь ямар ч хамаагүй үндэслэлээр сонсох ажиллагаа явуулсан болж дүр эсгээд яг цуцлахдаа огт өөр зүйлийг үндэслэл болгон иргэн хуулийн этгээдийн эрхэнд халдах жишиг бий болох аюултай юм.

3.11. Мөн уг актын хоёрдугаар үндэслэл болох газар эзэмшигч нь хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл нь мөн тухайн актын үндэслэл байх боломжгүй заалт юм.

Учир нь захиргааны байгууллагаас явуулсан сонсох ажиллагааны утга болон хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтаас үзэхэд дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь төрийн байгууллагын өөрийн илтэд буруутай үйлдэл бөгөөд энэ талаар аудитын байгууллага ч тухайн захиргааны байгууллагад албан шаардлага хүргүүлснээс харагддаг. Гэтэл захиргааны байгууллага нь өөрөө дуудлага худалдааны үнийг авах үүргээ биелүүлээгүй зөрчлөө арилгахдаа газрын хууль заасан үндэслэл болох газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй үндэслэлийг хуулийн үндэслэл болгосон нь тухайн актыг илт хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон билээ.

3.12. Түүнчлэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь өмнө дурдагдсан тэгш бус оролцогчдын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх үйл явц тул иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх ажиллагаа шиг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлаж хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай юм.

3.13. Гэтэл шүүхийн зүгээс “нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгнө” гэх тайлбар нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчим болох шүүх нотлох зарчимтай илт зөрчилдөж байна.

Тодруулбал, тухайн актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөн өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй байхад “та энэ талаар нэхэмжлэл гаргаагүй учир таны хохь” гэж дүгнэж байгаагаас огт ялгаагүй хэрэг бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн зарчимтай хольж хутган буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.

3.14. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий захиргааны актыг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан” гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлд захиргааны байгууллага өөрөө үүргээ биелүүлээгүй үндэслэл мөн хамаарна гэж тайлбарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага дуудлага худалдаа явуулах, эсхүл үнийг төлүүлэх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хамаарна гэж үзжээ.

3.15. Гэтэл уг заалт нь ямар ч агуулгаар (шүүхийн өөрийн хэлснээр “хууль бус хүн ч харсан ойлгомжтой”) зөвхөн тухайн газрыг эзэмшиж буй иргэн хуулийн этгээд үүргээ зөрчих асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэр илтэд үндэслэл муутай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1- заасан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл 121.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “С т” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/247 захирамжийн хавсралтын 9 дэх заалтаар “С м” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон барматын урд байрлах 23 000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/617 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь заалтаар “С м” ХХК-иас “С т” ХХК-д шилжүүлэн газар эзэмших эрх олгосон байна.

2.3. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/815 дугаар захирамжаар “газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр “С т” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 23 000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

2.5. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/189 ҮАГ-НАГ-2019/07/НА дугаар албан шаардлагын[1] хоёрдугаар хавсралтын 115-д зааснаас үзэхэд дээрх хуульд заасны дагуу дуудлага худалдааны анхны үнэ болох 404 800 000 төгрөгийг огт төлөөгүй болох нь тогтоогдож байна.

2.6. Хариуцагчаас дээрх албан шаардлагын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03-09/2424 дугаар[2] албан бичгээр нэхэмжлэгч компанид дуудлага худалдааны анхны үнэ болох 404 800 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах талаар мэдэгджээ.

Ийнхүү хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-09/5107 дугаар[3] албан бичгээр дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй учир 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар дахин мэдэгджээ.

2.7. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020220169 тоот[4] актаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 7 488 506 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “С т” ХХК-иас дээрх газрын төлбөрийн үлдэгдэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.8. Дээрхээс дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий А/815 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг тус тус баримталсан нь үндэслэлтэй байна.

Энэ талаар анхан шатны шүүх “...хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх болон газрын төлбөрийг хугацаанд нь төлүүлэх талаарх хууль тогтоомжийг биелүүлэх үндэслэлээр акт гаргасан байх тул ... илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрх байх ба нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй болохгүй.

2.10. Мөн эвлэрэн хэлэлцэх боломж олгоогүй гэх гомдлын тухайд хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-д (эвлэрэхээс бусад) эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцох итгэмжлэл олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад мөн “надад эвлэрэх эрх олгогдоогүй” гэсэн байхад шүүхээс хэргийн оролцогч нарын эрхэд халдаж хүчээр эвлэрүүлэх боломжгүй юм.

2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь өмнө дурдагдсан тэгш бус оролцогчдын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх үйл явц тул иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх ажиллагаа шиг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлаж хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. ... шүүхийн зүгээс “нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгнө” гэх тайлбар нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчим болох шүүх нотлох зарчимтай илт зөрчилдөж байна” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

2.12. Иймд анхан шатны шүүх маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 96 дугаар талд,

[2] Хавтаст хэргийн 108 дугаар талд,

[3] Хавтаст хэргийн 109 дүгээр талд,

[4] Хавтаст хэргийн 110 дугаар талд,