Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 035

 

М.Бахытжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэртэй, М.Бахытжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, орчуулагч А.Еркегүл, нэхэмжлэгч М.Бахытжан, К.Тилеубек, түүний өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч К.Салтанат, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч М.Бахытжан нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрныбагшийн ажилд эгүүлэн тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 20994 090 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай, нэхэмжлэгч К.Тилеубек нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.Бахытжан нэхэмжлэлийн агуулга: Миний бие Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр 1990 оноос одоо хүртэл хориод жил ажиллаж байгаа юм. Гэтэл Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 49 дугаартай тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тушаалд хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6.4.10, хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн тул гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм.

Намайг сургуулийн захирал 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тушаал гаргаж дотуур байрныхүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тушаал нь агуулгын хувьд буруу болж дахиж намайг ажилд авсан юм. Би сургуулийн үдийн цайна хөтөлбөрийг гэрээ хийж авч хариуцаж байтал захирал 2013 оны 5 дугаар сарын 01-нд эргүүлэн авч өөр хүнд хариуцуулсан юм. Би сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилтай холбоотой зөрчил гаргаагүй байхад өөр холбогдолгүй зүйлийг үндэслэж гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн хуулийн 131.1.3-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Учир нь намайг үдийн цайны хөтөлбөртэй холбоотой зөрчил гаргасан гэж энэхүү ажлыг авчхаад дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд ямар ч холбогдолгүй зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн явдалд нь хөдөлмөрийн хуулийн агуулгатай зөрчилдсөн гэж үзнэ. Иймд Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байсан тул хуучин ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч К.Тилеубекийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2011 оноос Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуульд дуу хөгжмийн багш, бага ангийн багш, дотуур байрны багшаар идэвх зүтгэл гарган ямар нэгэн дутагдал, доголдол гаргалгүй сайн ажиллаж байсан билээ. Энэ оны 8-р сард хуучин захирал ажлаасаа чөлөөлөгдөн оронд урьд нь сургуулийн өмч хөрөнгийг хүргэн ах нь болох М.Бахытжантай бүлэглэн идэж ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн газар шалгагдаж байсан К.Салтанат томилогдсон юм.

Шинэ захирал ажилдаа ормогц 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, 2013 оны 3-р сард байгуулсан миний хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 57 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлан миний оронд өөрийн төрсөн хүргэн ах нь болох М.Бахытжаныг авч ажиллуулж байна. Бахытжан бол ямар ч мэргэжилгүй хүн байгаа юм.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тодорхой үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах учиртай юм. Миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тийм үндэслэл огт байхгүй юм. Миний хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэсэн хэсэгт сургуулийн захирал Ш.Молданияз 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэл хийсэн байгаа.

Би бол түр ажилтан биш надад анх хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал Ш.Молданияз байгуулахдаа эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа Бахытжаныг эргэн ирэх хүртэл ажиллана гэж хугацааг буруу бичсэн байсан юм. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай долоон заалт дотор эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа хүнийг эргэн ирэх хүртэл ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалт байхгүй юм. Тийм учраас хамаатны хүнээ багшийн ажилд эргүүлэн авахын тулд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч К.Тилеубекийн ажиллаж байгаа орон тоо нь тус сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тоо юм. Тухайн орон тоонд анх М.Бахатжан гэдэг хүн ажиллаж байсан юм. М.Бахатжаныг тус сургуулийн үдийн цай хөтөлбөрөөс 12506800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон тул тус сургуулийн захирлын тушаалаар сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тооны ажлаас чөлөөлсөн юм. М.Бахытжаныг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Тилеубектэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуулийн дотуур байрны багшаар томилсон юм. М.Бахатжан нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай эрүүгийн хэрэг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгасан юм.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл гарган, иргэний нэхэмжлэгч давж заалдсан гомдол гаргасан юм. Улсын яллагчийн эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 4 дугаартай магадлал гаргасан юм. Давж заалдах шатны шүүхийн 4 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт ...Анхан шатны шүүх М.Бахытжан, К.Салтанат нар нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект биш байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай магадлал нь хуулийн хүчин төгөлдөр байна, дээд шатны шүүхээс хүчингүй болгоогүй байна. Нэгэнт М.Бахатжаныг анх үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сургуулийн үдийн цай" хөтөлбөрөөс 12506800 төгрөг хувьдаа завшсан гэдэг эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн учраас М.Бахатжаны хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон юм. Нэхэмжлэгч Х.Тилеубектэй анх ажил олгогчоос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа /хугацаатай, хугацаагүй/, /доогуур нь зурах орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж тусгасан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан Х.Тилеубек зөвшөөрч тухайн үед гарын үсэг зурж байжээ. Энэ нь Х.Тилеубекийг өмнө ажиллаж байсан М.Бахатжаны асуудал шийдвэрлэх хүртэл хугацаагаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Тус сургуулийн дотуур байрны багшаар олон ажил ажиллаж байсан М.Бахатжаныг буруутгасан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул ажил олгогчийн төлөөлөл миний бие ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч К.Тилеубекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-ыг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, мөн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 1327312 /нэг сая гурван зуун хорин долоон мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ожых овогт Машайвын Бахытжанд олгож, илүү нэхэмжилсэн 19666778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БК88011879 Жантекей харажан овогт Карменханы Тилеубекийг Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ожых овогт Машайвын Бахытжаны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, мөн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захиралд даалгасугай. 3.Нэхэмжлэгч М.Бахытжан нь Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагаас татгалзсаныг дурдсугай. 4.Нэхэмжлэгч М.Бахытжан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 3891.1, 390 дугаар зүйлийн 390.1.1-нд заасны дагуу иргэний хэрэг түдгэлзүүлсэн хугацаанд авах байсан цалин болон бусад хохирлоо тусдаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирал К.Салтанат би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Т.Бахытжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлтэй Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь зөв үнэлж чадаагүй, хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.Бахатжаны ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 20994090 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг хэрэгсэхгүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагчид хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. М.Бахатжанд холбогдох эрүүгийн хэрэг буюу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдээгүй болох цагаатгасан талаар шүүхээс эцсийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд анх М.Бахатжаныг ажлаас чөлөөлөх болсон эрүүгийн хэрэг түүнд ашигтайгаар шийдвэрлэгдэж гэм буруугүй болохыг шүүхээс эцэслэн тогтоосон тул тэрээр өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн орох эрхтэй юм. Хариуцагчаас нэхэмжлэгч М.Бахатжаны энэхүү бодит байдлыг зөвшөөрч түүнийг өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Нэхэмжлэгч К.Тилеубек нь өмнө тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Бахатжан нь өмнөх ажилд эргэн томилогдсон тул хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх ёстой. Нэхэмжлэгч К.Тилеубектэй анх ажил олгогчоос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний Нэгдүгээр зүйлийн 1.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа \хугацаатай, хугацаагүй\, \доогуур нь зурах\ Орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж тусгасан байна.

Энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан К.Тилеубек зөвшөөрч тухайн үед гарын үсгээ зурж байсан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан нөхцөл байдал нь К.Тилеубекийг өмнө тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Бахатжан нь хуучин ажилдаа эргэн ирэх орох хүртэл тухайн ажилд түр хугацаагаар томилогдсон болохыг нотолж байна. Ингээд М.Бахатжаныг буруутгасан ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Үдийн цайны хөтөлбөрөөс хүүхдийн тоог илүү бичиж хувьдаа мөнгө ашигласан гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон юм. Гэтэл анхан шатны шүүх ...Ажил олгогч 02-ны өдөр хэлэлцсэн тохиролцсоноор сүүлийн хуудсанд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэж бичсэн нь гэрээг хэзээ \хэдэн онд\ байгуулсан нь эргэлзээтэй байна. Мөн энэ хөдөлмөрийн гэрээний 1.3-т орон дахь хүн эргэн ирэх хүртэл гэж хугацаатай гэрээ байгуулсан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон эсэх нь эргэлзээтэй ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тус тус тодорхой бичээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар энэ хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байх нь зүйтэй байна гэжээ дүгнэжээ. Гэтэл энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан К.Тилеубек тухайн үед зөвшөөрч гарын үсгээ зурж, 2015 оны 3 дугаар сарын 02-наас 2016 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэл 1 жил 9 сар буюу 21 сарын турш ердийн нөхцөл ажиллаж, цалин хөлсөө авч ирсэн байна.

Хэрвээ энэхүү хөдөлмөрийн гэрээг эргэлзээтэй гэж үзвэл түүнд нөгөө нэхэмжлэгч М.Бахатжан яагаад буруутай болдог вэ. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчоос ажилтан К.Тилеубектэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Бахатжан нь анх шүүхэд 2013 оны 9 дүгээр сард, К.Тилеубек 2016 оны 9 дүгээр сард тус шүүхэд тус тусдаа биеэ даасан шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Гэтэл анхан шатны шүүх М.Бахатжаны 3 жилийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэнийг хэргийг 3 жилийн дараа У.Тилеубекээс гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй нэгтгэсэн байна.

Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хэргийг нэгтгэх тухай 2573 дугаар шүүгчийн захирамж гарсан байна. Хариуцагч болох Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирал К.Салтанат би М.Бахатжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэгтгэх тухай хүсэлт гаргаагүй юм. Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Хэргийг нэгтгэх тухай 2573 дугаар шүүгчийн захирамжтай танилцаад тухайн шатны шүүхэд гомдол гаргая гэхэд захирамжийн Тогтоох хэсгийн 2-т энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай гэсэн учраас гомдол гаргах эрхийг хаасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх М.Бахатжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд иргэний хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын утга агуулгыг бодитой судлаагүй, зөвхөн нэхэмжлэгч К.Тилеубекийн эрх, түүнийг ажилд авсан Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирал асан Ш.Молданиязын эргэлзээтэй, К.Тилеубект ашигтай шийдвэр гаргах үүднээс урьдчилан бэлтгэсэн мэдүүлгийг үндэслэсэн явдалд гомдолтой байна. Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирал К.Тилеубекийг хамгаалахын тулд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хугацаатай гэрээг М.Бахатжаны асуудал хуулийн байгууллагаар эцсийн шийдвэр гараагүй байхад хугацаагүй гэрээ болгон өөрчилсөн нь анхан шатны шүүхийг төөрөгдүүлж хууль ёсны бус шийдвэр гаргах эх сурвалжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч М.Бахатжаны 20994090 төгрөгийн цалин хөлс нэхэмжилсэн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч К.Тилеубекийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Тус байгууллага улсын төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Салтанат, өмгөөлөгч Я.Сьезд нар заавал оролцох юм гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие Карменхан овогтой Тилеубек Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12-р сарын 01-ний өдөр авч хэлэлцээд 727 тоот шийдвэрээр надыг Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Гэтэл хариуцагч сургуулийн захирал К.Салтанат нь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг буруу тайлбарлан, буруу хэрэглэн шийдвэр гаргалаа гэж давж заалдсан байна. Нэхэмжлэгч би түүний давж заалдах гомдолтой уншин танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Дотуур байрны багш К.Тилеубек анх ажилдаа орохдоо орны хүн эргэж иртэл гэж гэрээ байгуулагдсан бөгөөд багш Бахытжан ирэхээр нь түүнийг би ажлаас халсан нь зүйд нийцнэ гэх маягийн зүйл бичжээ.

Тэр гэрээ бол анхны 2015 оны 3-р сард хийсэн түр гэрээ байсан юм. 2015 оны 9-р сарын 01-ний өдөр би бүр тушаалаар орж гэрээний нэмэлт өөрчлөлт дээр 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж бичин тэмдэглэгдсэн болно. Бахытжан нь багшийн мэргэжилгүй бөгөөд эрүүгийн гэмт хэргийн учир Цагдаагийн байгууллагаар 2013 оноос эхлэн шалгагдаж байгаад 2016 онд эрүүгийн хуулийн 166-р зүйлийн 166.2-оор шүүхээр 5 жил 1 сарын хорих ял сонсоод өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлсэн нэгэн билээ. Мөн хариуцагч захирал Салтанатын Бахытжан нь хүргэн ах нь байгааг онцгой анхаарна уу? Хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах гэтэл гомдол гаргах эрхгүй гэж эрхийг минь хаалаа гэсэн нь бас үндэслэлгүй асуудал шүү дээ. Хуульд тодорхой заасан юмыг зөрчиж болохгүй биздээ.

Шүүх сургуулийн захирал асан Ш.Молданиязын эргэлзээтэй, Тилеубект ашигтай шийдвэр гаргах үүднээс урьдчилан бэлтгэсэн мэдүүлгийг үндэслэлээ гэж ор үндэсгүй зүйл бичжээ. Тийм зүйл огт байхгүй, бүх зүйл хуулийн хүрээнд зөв хийгдсэн юм. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727дугаар шийдвэр хууль зүйн бүрэн үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч М.Бахытжан нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 20994090 төгрөг гаргуулан, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч ажил эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн хоёр, гурав дахь шаардлага болох 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 20994090 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байна. Учир нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Бахытжаны хоёр дахь шаардлагын ажилгүй байсан хугацааны олговорт 1327312 төгрөг хангаж, 19666778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Бахытжан нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан учраас шүүх түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гаргаагүй тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул М.Бахытжаны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч К.Тилеубекийг Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 57 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн орон дахь хүн нь эргэн ирсэн тул дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн нэхэмжлэгч К.Тилеубекийг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэн байх учиртай боловч ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

 

Ажил олгогч ажилтан К.Тилеубкийг ажлаас чөлөөлөхдөө орон дахь хүн нь эргэж ирсэн гэж тушаалын үндэслэлээ тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байна гэж дүгнэж К.Тилеубекийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Бахытжаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч К.Тилеубекийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бахытжаны хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуульд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 5 дахь заалтын 106387 /нэг зуун зургаан мянга гурван зуун наян долоон/ төгрөгийг гэснийг 70200 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ