Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

  

    2020            12           14                                      2020/ШЦТ/769                                 

                                                                                                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Т-ын Б-т холбогдох эрүүгийн 20100 0000 1008 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ зохиогч мэргэжилтэй, Монгол банкинд мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 46а байрны 54 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 75 дугаар сургуулийн урд зам дээр машинтай явж байхдаа эхнэр Н.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь “...хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Тухайн үед эхнэр бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдаад, би уураа барьж дийлэлгүй эхнэртээ гар хүрсэн. Одоо эхнэрийн биеийн байдал хэвийн байгаа. Бид хоёр хамт амьдарч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0000 1008 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 21-ний 18 цаг 30 минутын үед байх нөхөр Б автомашинаа жолоодон би хажуу талын суудал дээр суугаад хамт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн урьд төв зам дээр баруун тийшээ явж байхдаа нөхөр Бтай гэр бүлийн асуудлаар маргалдаж, гарт болон уутан дотор байсан нүдний шилээрээ толгой руу нь цохисон.

Тэгэхэд нөхөр Б уурлаад гараараа миний хамар луу нэг удаа цохиход хамарнаас цус гараад, хамарны баруун талын хэсэг овойж хавдаад мурийсан. Гэрийнхээ гадаа ирээд нөхөр Б автомашинаа гараашинд байрлуулж тавиад, цагдаагийн газарт хамт ирсэн. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12286 дугаартай:

1. Н.А-гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19-20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бын яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр Н.А- 13-37 УНК улсын дугаартай Toyota Vanguard маркийн автомашиныг унаад 18:10 цагийн үед манай ажил дээр ирсэн. Тэндээс би өөрөө машинаа унаад гэрлүүгээ хамт явсан. Тэгээд 18:20 минутын үед Энхтайваны гүүрний доод талд Петровис ШТС-аас бензин авч байхдаа гэр бүлийн буюу мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдаад, 120 мянгатын автобусны буудал хүртэл маргалдсан. Над руу хашгирч, гараараа цохиод яваад байхаар дуугүй явж байгаад 75 дугаар сургуулийн урд талд түгжрэл дунд байхад эхнэр Амарбаясгалан хоолны жижиг шилэн саваар дух хэсэг рүү цохихоор нь машин барьж явсан байсан болохоор хэсэг манараад хажуу тийшээ далжийсэн. Тэгээд уурлаад “аваар хийлгэлээ ш дээ гээд зүүн гараа атгаж байгаад эхнэрийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Эхнэрийн хамарнаас цус гарсан ба дахин орилоод хашгирч эхэлсэн. “Цагдаа руу явна” гэхээр нь автомашинаа гэрийнхээ гадаа байрлуулж тавиад, цагдаагийн газарт хамт ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 38х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 39х/, Бын Хулан, Бын Хүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 43-44х/, шүүгдэгч Т.Баас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 52х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Н.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 52-53х/ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Т.Бт холбогдох эрүүгийн 20100 0000 1008 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 75 дугаар сургуулийн урд зам дээр машинтай явж байхдаа эхнэр Н.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь “...хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Н.А-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний 18 цаг 30 минутын үед байх нөхөр Б автомашинаа жолоодон би хажуу талын суудал дээр суугаад хамт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн урьд төв зам дээр баруун тийшээ явж байхдаа нөхөр Бтай гэр бүлийн асуудлаар маргалдаж, гарт болон уутан дотор байсан нүдний шилээрээ толгой руу нь цохисон. Тэгэхэд нөхөр Б уурлаад гаараараа миний хамар луу нэг удаа цохиход хамарнаас цус гараад, хамарны баруун талын хэсэг овойж хавдаад мурийсан. Гэрийнхээ гадаа ирээд нөхөр Б автомашинаа гараашинд байрлуулж тавиад, цагдаагийн газарт хамт ирсэн. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

- “...Н.А-гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12286 дугаартай дүгнэлт /хэргийн 19-20х/ болон шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 29-30х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.А-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Б нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Т.Бын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.А-гийн биед учирсан “...хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Н.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 53х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 31х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, хохирогч Н.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД