| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07324/И |
| Дугаар | 102/ШШ2017/00068 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/00068
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/00068
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж, 08 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Нямдоржийн Цогтсайхан /РД: ЙР62041770/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, К-107 дугаар байр, 1 давхарт байрлах Хаус констракшн ХХК /РД:2710544/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, 2004-2011 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2011-2016 оны илүү цагийн хөлс болон ээлжийн амралтын олговор нөхөн гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, Г.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хаус констракшн ХХК-д 2004 оноос одоог хүртэл гараажийн манаачаар ажиллаж байгаа. Тус компани нь ажилд орсноос хойш хөдөлмөрлөсөн хугацаанд ажилчин миний эдлэх эрхийг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг биелүүлэхгүй намайг хохироож байна. Надад Хаус констракшн ХХК нь миний нийгмийн даатгалыг төлж байгаа гэж хэлдэг байсан боловч 2004 онд ажилд орсон миний нийгмийн даатгалыг 2011 оноос эхлэн төлж эхэлсэн байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ажилчныг 2 ээлжинд ажиллуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж, намайг ээлжгүй ажиллуулж байсан. Энэ хугацаанд би гэр орондоо очиж чадахгүй, харуулын чийгтэй хүн амьдрах боломжгүй өрөөнд ганцаараа ажиллаж байна. Би зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан боловч миний гомдлыг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2004-2011 он хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, 2011-2016 он хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 5.418.380 төгрөг, 2011 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 63.960.328 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, 2004-2011 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2011-2016 оны илүү цагийн хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж, ээлжийн амралтын олговорт 5.418.380 төгрөг гаргуулах шаардлагаа 3.800.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 3.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үлдэх 3.000.000 төгрөгийг сар бүр 600.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэв.
Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цогтсайхан нь хариуцагч Хаус констракшн ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, 2004-2011 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2011-2016 оны илүү цагийн хөлс болон ээлжийн амралтын олговор нөхөн гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, 2004-2011 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2011-2016 оны илүү цагийн хөлс гаргуулахаас татгалзаж, ээлжийн амралтын олговорт 5.418.380 төгрөг гаргуулах шаардлагаа 3.800.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 3.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үлдэх 3.000.000 төгрөгийг сар бүр 600.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Хаус констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 75.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.Цогтсайханы нэхэмжлэлтэй Хаус констракшн ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, 2004-2011 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2011-2016 оны илүү цагийн хөлс гаргуулахаас татгалзаж, ээлжийн амралтын олговорт 5.418.380 төгрөг гаргуулах шаардлагаа 3.800.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 3.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үлдэх 3.000.000 төгрөгийг сар бүр 600.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75.750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ