| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/08047/И |
| Дугаар | 102/ШШ2017/00069 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/00069
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/00069
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 24 дүгээр гудамж, 562 тоот хаягт оршин суух, Гөрөөчин овогт Хадын Мөнгөнхуяг /РД: ШЗ81070915/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 98 тоот хаягт байрлах, Нью Зийланд Майнинг Системс ХХК /РД: 2707225/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.525.632 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндэслэлгүйгээр торгосон торгууль хэмээн цалингаас суутгасан 360.000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж буюу 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн дүн 1.843.210 төгрөг, нийт 2.525.632 төгрөгийг хариуцагч Нью Зийланд Майнинг Системс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Х.Мөнгөнхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 12-нд гаргасан гомдол болох 2.525.632 төгрөгийн асуудлыг байгууллага болох Нью Зийланд Майнинг Системс ХХК бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үлдэгдэл болох 1.843.210 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Мөнгөнхуяг нь хариуцагч Нью Зийланд Майнинг Системс ХХК-д холбогдуулан торгуульд суутгасан төлбөр болон гэнэт халагдсаны тэтгэмжид 2.525.632 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.525.632 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг ирүүлжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.750 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.Мөнгөнхуягийн гаргасан 2.525.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нью Зийланд Майнинг Системс ХХК биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.360 төгрөгийн 50 хувь болох 27.680 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 27.680 төгрөгийг хариуцагч Нью Зийланд Майнинг Системс ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнгөнхуягт олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ