Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/145

 

2020 оны 10 дугаар сарын 02 өдөр                          Дугаар 2020/ШЦТ/145                                              Ханбогд сум

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.Шүрэнхишиг, түүний өмгөөлөгч Батбаяр, С.Батнасан (онлайнаар)

Шүүгдэгч: Н.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Н.Цэрэндэжид (онлайнаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончиуд овогт Гончигийн Шүрэнхишиг,  Боржгон овогт Норовын Алтанцэцэг нарт  холбогдох 1902000550127  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  хүлээн авч хянаад,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Таван толгой ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Их дарь эх гудамж 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ончиуд овогт Гончигийн Шүрэнхишиг /РД:КЮ63031900/,

Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Номин даатгал Өмнөговь аймаг дахь салбарын захирал ажилтай, амбүл 2, нөхрийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайханы 7 дугаар гудамж 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржгон овогт Норовын Алтанцэцэг /РД:КЗ58050609/ 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Шүрэнхишиг нь нийтийн албан тушаалтан болох “Таван толгой” ХК-ний Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард “Номин даатгал” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Номин даатгал” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэгт өөрийн эзэмшлийн хаан банкны 5027378146 тоот дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийг уг тоот дансаар шилжүүлэн авч, хахууль авсан,

Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь “Номин даатгал” ХХК –ний Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “Таван толгой” ХК –тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлсөн, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий боглох зорилгоор “Таван толгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Г.Шүрэнхишигт өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027378146 тоот дансанд 2,416,650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шүрэнхишиг мэдүүлэхдээ: Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Би 36 дахь жилдээ нягтлан бодогчоор ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа алдаа гаргаж байсан үйлдэл байхгүй. /Уйлав/ Олон улсын стандарт дэг журмыг мөрдөж ажилладаг, манай байгууллагынхан мэднэ. Өдий жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Номин даатгалын гэрээний хувьд 2018 оны 1 дүгээр сард Номин даатгалтай хийсэн гэрээг надад цохоод, би гэрээн дээр  гарын үсэг зураагүй байсан. Энэ хүн рүү шилжүүл гээд шилжүүлсэн. Сүүлийн мөнгийг 11 сард шилжүүлсэн. 11 дүгээр сарын 29-нд миний хаан банкны дансанд хуримтлал гэсэн 2 сая гаруй төгрөг орж ирсэн. Тэр үед Алтанцэцэгийн утас руу залгаад юун мөнгө ороод ирж байгаа юм  бэ гэж асуухад надад сэтгэлийн дэм өгч байгаа юм гэж хэлсэн. Тэр үед хүүхэд маань цусны хавдартай болсон, ахын хүүхэд 1 сарын дараа өнгөрсөн,  манай хүүхэд маш хүнд байсан, тэгэхэд манай ах дүү, анги хамт олон алба газрууд бүгд надад хандив өгч байсан. Гадагшаа явж шинжилгээ өгч байсан. Цусны хавдар нь одоо ч хэвээрээ эм ууж амьдардаг. Сарын 12 сая төгрөгийн эм уух хэрэгтэй гэсэн. Хүүхэд өвчтэй байхад сэтгэлийн дэм өгч байна гээд мөнгө өгөхөөр нь юу ч бодоогүй. Надтай гэрээ хийе гэж Алтанцэцэг уулзаагүй, Номин даатгалд орсноос нь хойш уулзаж ярьж байсан зүйл байхгүй. Гэнэт хуримтлал гэсэн мөнгө орж ирэхээр нь гайхсан юу вэ гэсэн сэтгэлийн дэм гэсэн. Тэр мөнгийг авсандаа харамсаж байна, мөнгийг буцааж өгье гэж Алтанцэцэгт би хэлсэн. Хэрэггүй авахгүй гээд байсан. Тэр мөнгийг / сайн буян үйлд гэж хэлсэн/ хүүхдээ амьд байлгахын тулд ахмадуудын шинэ жилд урлагийн хүмүүсийн мөнгөнд хандивласан.  Би хахуулийн байдлаар аваагүй, ийм зүйл болно гэж бодоогүй. Тэр үед хүүхэд хэцүү байсан надад өгч байгаа тусламж юм байна гэж бодсон. Энэ хэргийг үнэн шүүж та бүгдийг ойлгоосой гэж хүсэж байна” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “Эрхэм шүүгч улсын яллагч болон Шүрэнхишиг нараас уучлалт гуйя. /уйлав/ Энэ бүх үйл ажиллагаа энэ бүх хэрэг надаас болсон. Би Шүрэнхишигтэй яриад мөнгө хийгээд авахгүй гээд байхад би дансыг  нь авч мөнгө шилжүүлээгүй байсан бол ийм хэрэг болохгүй байсан. Үүнээс болж би ч тэр Шүрэнхишиг ч тэр эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч ирлээ. Урьд өмнө байцаагчид өгсөн мэдүүлэгтээ айж, цочирдож, буруу мэдүүлэг өгсөн гэж сүүлийн үед бодож байна. Яасан гэхээр тэгсэн үү? гэхээр нь тэгсэн гээд айж сандраад буруу мэдүүлэг өгсөн. Тухайн үед цочролд ороод буруу мэдүүлэг өгч хүн хохироосон зүйл надад байгаа гэж бодох болсон. Шүрэнхишиг үр хүүхдийнхээ төлөө амьдрах гэж яваа эх хүн, би ч гэсэн тэтгэвэрт гарсан ч амьдрал ахуйгаа авч явах гэж үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа хүн. Эцсийн эцэст өндөр настай болсон хойноо ийм хэрэгт холбогдож, яллах дүгнэлт гардаж аваад сууж байгаадаа харамсаж байна. Энэ бол миний буруутай үйл ажиллагаа, энэ үйлдэлдээ жил гаруй хугацаанд гэмшиж ирлээ. Хамгийн гол нь өөрөөсөө гадна Шүрэнхишигийн данс руу мөнгө хийж хохироосон үйлдэл байгаа гэж болдож байна. Өөрийгөө өмгөөлж хамгаалахгүйгээр байгаа процессыг хурал дээр хэлье гэж бодлоо. Би Шүрэнхишигийг маш сайн нягтлан бодогч гэж бодож явдаг. 10 жил ажиллахдаа баримтын зөрчилгүй ажиллана гэдэг нягтлан бодох санхүүгийн ажилтны хувьд сайшаалтай зүйл, би тэгж ажиллаж л байсан. Миний хувьд тухайн мөнгийг Номин даатгалд тушаах ёстой байсан, орлого мөнгөнөөс нь өгөөгүй.  35 хүртэлх хувийг надад үлдээж, зарцуулах эрхийг манай компани надад олгосон. Тэрний дагуу өөрийнхөө томилолтын мөнгө, шатахууны мөнгөө аваагүй байж байгаад Шүрэнхишигийн хүүхэд нь бие тааруу гэж сонсоод сэтгэлийн бэлэг барья гэж бодож өгсөн байсан. Ийм том хэрэг үүсээд ийм зүйл болно гэж бодоогүй. Хүүхэд нь хорт хавдар тусаад хот руу явчихсан хэцүү байгаа гэж  хүмүүс хандив өгч байгаа  гэсэн яриаг би сонссон байсан. Сэтгэлийн бэлэг болгоод өөрийнхөө зарцуулах ёстой томилолтын мөнгийг өгсөн. Төв рүүгээ явуулдаг тайландаа албан томилолтын мөнгө, авсан шатахуун түлшнийхээ баримттай хамт оруулаад албан томилолт, шатахууны мөнгө гэж явуулсан. Тухайн мөнгийг зарцуулах эрхийг надад олгосон, түүний дагуу зарцуулсан гэж бодож явсан. Хахууль хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. Хахууль гэж бодохгүй байгаа. Өөрийн зарцуулах ёстой байсан мөнгөнөөс гаргуулсан болохоос Төв компанидаа шилжүүлэх ёстой байсан мөнгөнөөс өгсөн зүйл биш гэдгийг тайлбарлаж хэлье гэж бодож байна. Тухайн үедээ яагаад баярласан гэхээр жилийн эцэс болох гэж байсан, төлөвлөгөө биелэхгүй байсан. Тэгсэн 11 дүгээр сарын 29-нд Таван толгойн даатгалын мөнгөний үлдэгдэл гэнэт ороод ирсэн, гэнэт ороод ирэхээр нь баярлаад, төлөвлөгөө ч биелсэн.  Туслалцаа үзүүлье сэтгэлийн бэлэг барья гэж бодсон байсан. Түүнээс болоод хахууль өгсөн гэдэг хэрэгт ороод байна. Өөрийнхөө авах ёстой албан томилолтын мөнгөнөөс авсан, төв компани руугаа бүх баримтаа хавсаргаад тайлангаа явуулсан байгаа. Сүүлд томилолтын мөнгө, шатахууны мөнгөө өгсөн авсан гээд даргадаа хэлсэн. Хөгширсөн хойноо Монголдоо тэргүүлэх зэргийн компани нэр хүндийг унагаж, ийм хэрэг хийлээ гэж өөртөө гэмшээд,  үүнээс болж шөнө нойр хүрэхгүй,  элгэний өвчтэй болоод эмчилгээ хийлгэе гээд өөрөө хүсэлт гаргаж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан. Тэтгэвэрт гарсан хүнийг ажилд хүлээж авдаггүй харин энэ компани намайг хүлээж аваад, тэр компани төлөө хийх ёстой зүйлийг бүрэн дүүрэн хийе гэж бодож явсан. Цаашид би ажил хийгээд яваад байна гэж байхгүй. Тэтгэврийн хүмүүсийг авдаг байгууллага байхгүй. Тухайн үед мөрдөгч нарт  мэдүүлэг өгөхдөө айж, цочирдолд орж, буруу, зөрүүтэй зүйл хэлсэн гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Эцэст нь энэ хэргийг шүүн үзэж Г.Шүрэнхишиг бид хоёрт хөнгөн ял оногдуулаасай гэж хүсэлт гаргаж байна /Уйлав/” гэв.

Яллагдагч Н.Алтанцэцэг нь гэрчээр өгсөн: “...би Шүрэнхишигийн гар утас руу залгаж танайхаас мөнгө ороод ирсэн байна, баярлалаа, би чам руу урамшуулал болгоод хэдэн төгрөг явуулах гэсэн юм гэхэд Г.Шүрэнхишиг 5027378146 гэж дансны дугаараа хэлснийг бичиж авсан санагдаж байна. Тэгэхэд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байсан бөгөөд 5027378146 гэсэн дансыг Хаан банкны данс гэдгийг би хараад л мэдсэн... 2 416 560 төгрөгийг Г.Шүрэнхишигийн дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/

Гэрч И.Галбуянгийн өгсөн: “...Би 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Норовын Алтанцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар туршилтын журмаар томилогдож байсан. Миний хувьд 2016 оноос эхлэн орон нутгийн салбаруудын захирлуудыг удирдан зохион байгуулж ажиллаж байгаа. Орон нутгийн салбар нь өөрөө Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Манай компани өөрөө зөвшөөрөлтэй бөгөөд компанийн салбарын зөвшөөрөл төлөөлөгчийн зөвшөөрлүүдтэйгээр Өмнөговь аймаг дахь салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын дагуу салбар нь тусдаа данстай, ажлын байр, бичиг хэргийг компьютер, хоёроос дээш орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Салбар нь борлуулалтын орлогынхоо 35 хүртэл хувийг өөрийн салбарын өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулах журамтай юм. Энэ манай компанийн дотоод журмаар зохицуулагддаг. Энэ зардалд нь салбарын байрны түрээс, бичиг хэрэг, бензин шатахуун, өдрийн цай, сумдад төлөөлөгч нарын урамшуулал, цалин зэрэг нь ордог Харин салбарын захиралд бол тусдаа цалинг төв компаниас бодож олгоно. Гэхдээ цалин нь ажлын төлөвлөгөө болон түүний үр дүнтэй хамааралтайгаар сар бүр нэмэгдэх эсвэл хасагдах байдлаар бодогдож олгогддог. Өмнөговь салбар бол ойрын 4-5 жилийн хугацаанд манай компанийн хамгийн өндөр борлуулалттай, төлөвлөгөөгөө байнга биелүүлдэг салбар юм. Тиймээс Н.Алтанцэцэг нь дунджаар сард 1 500 000 орчим төгрөгийн цалин авч байгаа. Н.Алтанцэцэг нь манай шилдэг ажилтны нэг юм. Борлуулалт, орлого, гэрээ, нөхөн төлбөрийн баримтын бүрдүүлэлт зэрэг хариуцлагатай, маш сайн ажилдаг. Харин танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад Н.Алтанцэцэгтэй холбогдоход 2 416 650 төгрөгийг бусдад шилжүүлсэн асуудлаа өөрийнхөө буруу гэж байсан. Хувь хүн талаасаа байж боломжгүй алдаа гаргасан гэж бид үзэж байгаа ... Г.Шүрэнхишиг гэдэг хүнийг “Таван толгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга гэдгийг нь бидний зүгээс мэдээгүй байсан. Н.Алтанцэцэгийн зүгээс дээрх мөнгийг тухайн сарынхаа салбарын үйл ажиллагааны зардалд оруулаад тайлагнасан байсан. Манай зүгээс сар бүрийн тайланг файлаар аваад 1-2 жилийн хугацаанд газар дээрх шалгалтыг хийж үйл ажиллагааны зардлын баримтуудыг нь тулгаж, хэвийн эсэхийг нь үздэг юм. Тухайн шалгалтыг бол 2017 оны 12 дугаар сараас хойш Өмнөговь салбарт хийгээгүй байсан. 2019 оны 01 дүгээр сард салбаруудын баримтуудыг авч ирүүлсэн тооцооны нягтлан бодогч, орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерүүд шалгасан. Энэ асуудлын талаар мэдээд Н.Алтанцэцэгээс өөрөөс нь асуухад “би салбарын үйл ажиллагааны зардалдаа оруулаад тайлагнасан” гэж хэлсэн. Манай “Номин даатгал” ХХК нь 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа, салбартаа нэр хүндтэй байгууллага. Манай бизнес болон стратеги төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй гэж заасан байгаа Н.Алтанцэцэгийн гаргасан үйлдлийг бидний зүгээс буруу шааж байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2018.11,29-ний  өдөр, 2,416,650 төгрөгийн орлого, гүйлгээний утга: Номин даатгалаас гэх /1-р хх-ийн 35-49х/,

2018,11,29-ний өдөр 2,416,650 төгрөгийг Хаан банкны 5027378146 дугаартай дансны хуулга /4-р хх-ийн 67х/

Г.Шүрэнхишигийн эзэмшлийн хаан банкны 5027378146 дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 194-196х/

Н.Алтанцэцэгийн албан тушаалтай холбоотой ажилд томилсон тушаал хөдөлмөрийн болон нууц хадгалах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүд, цалингийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /2-р хх-ийн  8-29х/

Яллагдагч Г.Шүрэнхишигийн өгсөн: “Номин даатгал”ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг байгуулахад Н.Алтанцэцэгтэй уулзаж байгаагүй. Би уг гэрээнд гарын үсэг зурахад надаас бусад нь гарын үсэг зурчихсан байсан. Уг гэрээг байгуулах гэж байгаа талаар үндсэн хөрөнгө хариуцсан Ня-бо С. Мөнхчимэг надад даатгуулах гэж байгаа ийм ийм хөрөнгө байна үзээд өгөөч гэж танилцуулаад хянуулж байсан. Номин даатгал ХХК-тай гэрээ байгуулагдсаныг гарын үсэг зурахдаа л мэдсэн” гэх мэдүүлэг /1xx-ийн 57-58/       

Яллагдагч Н.Алтанцэцэгийн өгсөн: “Г.Шүрэнхишигт өгсөн мөнгөний талаар би компанидаа хэлээгүй манай салбар ч хэрэгтэй. Надад миний хувьд манай хамт олонд цалин хөлс авахад ч хэрэгтэй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-202х/

Г.Шүрэнхишигийн албан тушаалтай холбоотой ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /1хх-ийн 216-225х/,

Шүүгдэгч Г.Шүрэнхишиг, Н.Алтанцэцэг нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Г.Шүрэнхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажилд томилох тухайн тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, Таван толгой ХК ажлын байрны тодорхойлолт, цалинтай чөлөө олгох тухай тушаал /1-р хх-ийн 213-214, 216-225-р хуудас/ 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 238-244-р хуудас/,

Шүүгдэгч Г.Шүрэнхишигийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 215-р хуудас/,   

Шүүгдэгч Н.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 249-250-р хуудас/, цалингийн тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /2-р хх-ийн 1-3-р хуудас/, эх Ц.Аюурзана, нөхөр Ж.Баатар нарыг асран халамжилдаг болох тодорхойлолт, түүний холбоотой баримтууд /15-р хх-ийн 161-177-р хуудас/

Шүүгдэгч  Н.Алтанцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 04-р хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан байна.

Шүүгдэгч Г.Шүрэнхишиг нь “Таван толгой” ХХК-нд ерөнхий нягтлан буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 5027378146 тоот дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийг уг тоот дансаар шилжүүлэн авч хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

Шүүгдэгч Н.Алтанцэцэг нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Таван толгой” ХХК-нд ерөнхий нягтлан Г.Шүрэнхишигт өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн хувьд субъект нь нийтийн албан тушаалтан байна. “Нийтийн албан тушаалтан”  төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албанд хамааруулан ойлгоно. /УДШ-ийн 2019.07.08-ны №366 тогтоол/ “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаартай тушаалаар шүүгдэгч Г.Шүрэнхишиг нь Санхүүгийн албаны дарга-Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. /1-р хх-ийн 216-р хуудас/ Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2019 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн №811 дугаартай шүүгдэгч Г.Шүрэнхишиг нь төрийн албан хаагчаар ажиллаж байсан тухай бүртгэл хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системд байхгүй болохыг тодорхойлсон албан бичиг /1-р хх-ийн 227-р хуудас/ зэргээр нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдохгүй байна.

Тухайн гэмт хэргийн шинжийн хувьд “нууц далд” аргаар үйлдэгддэг ч  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Алтанцэцэгийн өгсөн: “...тухайн компани нягтлан бодогч Мөнхчимэгт бол 2018 оны 11, 12 сарын орчимд байх 1 сая гаран төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р хуудас/

Гэрч С.Мөнхчимэгийн өгсөн: “...өөрийнхөө дугаараас залгаад мэнд мэдэхэд нь бие өвдөөд хот явж байна гэж хэлсэн. Эгч нь хэдэн төгрөг өгч тусалъя аа гэсэн. Юун мөнгө юм бэ? өгч болж байгаа юмуу гэхэд зүгээрээ харилцагч татсаны урамшуулал аа гэсэн тийм утгатай юм ярьсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59-р хуудас/

Яллагдагч  Н.Алтанцэцэгийн өгсөн: “...эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой мөнгөнөөс Г.Шүрэнхишигт өгсөн. ...2018 оны 06 дугаар сараас 10 сар хүртэлх хугацаанд Гурван тэс, Шивээ хүрэн, Цогтцэций сум, Цагаан хад эдгээр сумд руу явсан. Мөн уул уурхайгаар явсан. Энэ бүгдийн зардал нь 2 416 650 төгрөг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-207-р хуудас/ зэргээр гэмт хэргийн дээрх шинж тогтоогдохгүйгээс гадна “Таван толгой” ХК-ийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/62 дугаартай тушаалаар шүүгдэгч Г.Шүрэнхишиг нь 2 сарын хугацаанд цалинтай чөлөө авсан шалтгаан нь хүүхэд нь өвчтэй байсан учир нь туслалцаа үзүүлж тухайн мөнгийг өгч, авсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээ тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр,             Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Шүрэнхишиг, Н.Алтанцэцэг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.