Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 353

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааныг 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц М,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12.918.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 08 дугаар сарын 30-нд миний гэр байрын өмнө байсан 6.4*3 метр шалгүй, дотроо 2 эгнээ тавцантай, хажуу ханандаа 10 ширхэг дэгээ гагнасандаа дугуй эд зүйлээ өлгөдөг нийт 34 зүйлийн 3 сая орчим үнэтэй гараашийг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжтай Баянгол дүүргийн Газрын албаны н.Отгонгэрэл, н.Авирмид гэх хүмүүс том кран, ачааны машинаар авч яваад 45 хоног болоход 8 удаа би тэдэнтэй уулзан, өргөдөл өгч юмаа бүрэн бүтэн эсэхийг үзэж авъя гэтэл дарга н.Мөнхбаатар шийдэж хариу өгөхгүй Манай 2 тантай явна гэх боловч тэд нь явахгүй байгаа юм.

3-р цахилгаан станцын ард байгаа хашаанд очиход манаач н.Мөнхбаяр кранаар танай гараашийг өргөн буулгахад юм нь унасныг жолооч нь газар дээр тавьж байсан. Газрын албаныхан ирж таны гараашийн доторхыг үзэхгүй бол онгойлгуулахгүй гэв. Иймд Монгол Улсын Үндэсний Хуулийн 13-р зүйлийн 3-т хувийн өмчийг хураах дайчлан авахыг хориглоно хувийн өмчийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө гэснийг зөрчсөн байна. Миний гарааш нь автозам, гарц, явган хүний зам, сантехникийн газар доорх шугам огт хамааралгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан газар юм. Ийм учраас албадан чөлөөлүүлэх гэдэгт орохгүй. Гарааш ачих нь ямарч үндэслэлгүй. Газрын авилгачид газар зарах далд санаа агуулж, миний ажлын байр машин засаж, будаг, цахилгаан, гагнуур, точиль, компрессор, ажиллуулж сард 100 мянган орчим төгрөг олдгийг устгаж амьдралд цохилт болов. Ер нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим ТҮЦ, гарааш, чингэлэг, вагончиг, аваачиж хураадаг 6 цэг Улаанбаатар хотод байна. Үүнд хэдэн мянган иргэдийн өмч, 20-иод жил овоолоостой байдаг ба их мөнгө нэхдэгээс эзэд нь авдаггүй.

Захирамжийн 3-т гэм буруутай этгээдээр зардлыг төлүүлсүгэй гэж энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т ..шүүхээр нотлогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэснийг зөрчжээ.

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх тухай захирамж гарсан. Энэхүү захирамжид Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2А, 3А байрны орчимд байгаа гараашуудыг нүүлгэхээр болсон. Манайх 017 дугаар байранд амьдардаг. 2А, 3А байранд ямар ч хамааралгүй, гарааш хамаагүй хол байгаа. Дүүргийн Засаг даргын захирамж манайд огт хамааралгүй юм. Уг захирамжийн 4 заалттайгаас 3 дахь заалт нь гэм буруутай этгээдээр гарсан зардлыг нөхөн төлүүлэх гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэрээр гэм буруутай эсэхийг тогтоодог болохоос Засаг дарга тогтоохгүй.

Иргэдийн хөрөнгийг төрөөс албадан нүүлгэх, хураахаар бол гарсан зардлыг төр хариуцах ёстой гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн. Засаг даргын захирамжийн нэг дэх хэсэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гараашуудыг албадан нүүлгэхээр заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө зэрэг хамаарна гэж заасан. 17, 18 дугаар байрны хооронд байрлах талбай бол СӨХ-ны өмч юм. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжид СӨХ-ны өмчийг нийтийн эзэмшлийн газар гэж бичсэн. Гарааш байрлаж байгаа талбай нийтийн эзэмшлийн бүсэд хамаарахгүй. Өмчлөх, эзэмших гэсэн үгийг ерөөсөө ойлгоогүй. СӨХ-ны өмчийг бүх гишүүдийн хурлаар, чөлөө цагт нь гүйцэтгэх захирлын шийдвэрээр захиран зарцуулдаг болохоос дүүргийн Засаг дарга, Газрын албаны эрх хэмжээний асуудал биш. Эзэмшил гэдэг үг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Ямар үндэслэлээр СӨХ-ны өмч, эзэмшил болох вэ? гэвэл нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний цэгүүд СӨХ-ны талбайг эзэмшиж байгаа. Энэ газрыг эзэмшихийн тулд иргэн, аж ахуй нэгж Засаг СӨХ-д өргөдлөө гаргаад, кадастрын зураг хийлгэсэн байх ёстой. Ингэж эзэмшсэн талбайг Засаг дарга захирамжаараа нүүлгэх, чөлөөлөх эрхтэй.

Гэтэл манай тэр хавийн барилгуудын 1 давхарт үйлчилгээний төв, өөр хүний эзэмшиж байгаа талбай байхгүй. Тиймээс дүүргийн Засаг даргын захирамж үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм буруутай, нөхөн төлбөр гаргуулах гэдэг заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. СӨХ-ны өмчлөлийг нийтийн эзэмшлийн гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлын эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн тул Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 17, 18 дугаар барилга хоорондоо 29 метр зайтай. Энэ талбайд явган хүний гарц, автомашины зогсоол юу ч байдаггүй. Харин 18 дугаар байрны үүдэнд 10 гаран бетонон гарааш байрладаг. Манай орон сууцны урд миний өмчлөлийн хэдэн гарааш, контейнер л байгаа. Тэр контейнерууд манай байрны иргэдийн эзэмшлийнх биш. Манай байрны замын эсрэг тал барилгын материалын Хермес гээд төв бий. Тэнд барилгын материал зардаг, үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс дээрх контейнеруудыг аваачиж байрлуулсан. Харин миний гараашууд ямар ч хамааралгүй юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны А/248 тоот албадан нүүлгэж, газар чөлөөлөх тухай захирамж нь ганц иргэн Ц.М д бус газрын хууль тогтоомж зөрчигч, нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 103 ширхэг төмөр, гарааш, чингэлгүүдийг эзэмшигчид хамаарч гарчээ. Нэхэмжлэгч иргэн тэдгээр иргэдийг бүгдийг нь төлөөлж байгаа тухай баримт авагдаагүй нь нэхэмжлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

Газрын албанаас захиргааны шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч ажиллахдаа дээрх иргэнд төмөр чингэгээс бусад эд зүйлийг өөрт нь үлдээн, хүлээлгэн өгч дараа, дараагийн зөрчлийг арилгах, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлэхээр явсан бөгөөд ор үндэслэлгүй мөнгөн дүн нэхэмжилсэн байна. Харин албадан буулгасан төмөр чингэлэгийг буцаан авах нь нээлттэй.

Захирамжийн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж заасныг үндэслэсэн. Дээрх заалт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэх, гомдол гаргах эрх нь нээлттэй байна.

Дүүргийн Засаг дарга хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ дагуу захиргааны шийдвэр гаргажээ.

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 17 дугаар байрны урд байрлах төмөр чингэлэг байрлуулсан газрыг Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах, хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг дарга болон Газрын албанд гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар иргэн Ц.М н нь газар эзэмших эрхгүй этгээд юм. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга Ц.М д 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл өгсөн. Газрын тухай хуульд заасны дагуу албан мэдэгдлийг хүргүүлсэн байтал заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учир Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах шийдвэр гаргасан байдаг.

Энэ нь Газрын тухай хуульд заасан дүүргийн Засаг даргын үндсэн үүрэг юм. Нэхэмжлэгч гараашинд байсан өөрийн эзэмшлийн хөрөнгийн үнийг нэхэмжилдэг ба үүнтэй холбоотой дүүргийн Газрын албанаас захиргааны шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг авч ажиллахдаа төмөр чингэлгээс бусад эд хөрөнгийг хувь хүмүүст нь хүлээлгэн өгч дараа дараагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тухайн үед иргэн Ц.М  нь өөрийн эд хөрөнгө алга болсон гэж цагдаа дуудсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар төмөр гараашид байсан нийт 5.918.000 төгрөгний үнэ бүхий 35 төрлийн эд зүйлсийг дайчлан авсан асуудлыг Баянгол дүүргийн Прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 996 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж дурдсан. Мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг зөрчсөн гэж тайлбарладаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хууль болон Улсын их хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар маргааныг Монгол улсын Үндсэн хуулийн Цэц иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хянан шийдвэрлэдэг тул иргэн Ц.М  энэ асуудлаар Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд хандах нь зүйтэй байх.

Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан дүүргийн Засаг даргын үндсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. Мөн дүүргийн Засаг даргын 2017 оны А/248 дугаартай захирамжид орон сууцны 2А, 3А байр гэж нэрлэж заасан, үүнд манай 017 дугаар байр хамаарахгүй гэж тайлбарладаг. Дүүргийн Засаг даргын А/248 дугаартай захирамжид 4 дүгээр хороо орон сууцны 2А, 3А байрнуудын орчим л гэж заасан. Байрнуудыг орчимд гэдэгт 017 дугаар байр хамаарч байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зөвхөн орон сууцны байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн нутаг дэвсгэр болон орчны газрыг зохицуулсан харилцааг л зохицуулсан. Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгө гэж заагаагүй ба сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд сууц хоорондын талбай хамаарна гэж заасан заалт. Нэхэмжлэгчийн тайлбар үүгээр үгүйсгэгдэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн хөрөнгийг дундаа хамтран өмчлөнө гэж заасан тул сууц өмчлөгчдийн дундын өмч юм. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хуулийг Монгол Улсын Дээд Шүүхээс тайлбарласан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т сууц өмчлөгчдийн холбоо нь газрыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэйгөөр ашиглуулж болно гэж заасан. Дээрх заалтыг Монгол Улсын Дээд Шүүх тайлбарлахдаа ашиглуулж болно гэдгийг сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрыг зөвхөн Газрын тухай хуульд заасан зориулалттаар ашиглах бөгөөд тухайн газрыг бусдад ашиглуулах, ашиглах зөвшөөрлийг олгох, түрээслэх, барьцаалах, газрын ашигтай чанарыг гаргаж, хэрэглэх эрх сууц өмчлөгчдийн холбоонд байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12.918.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах гэж тодорхойлжээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжаар[1] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг тус тус үндэслэн ...Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор тус дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 2А, 3А дугаар байрнуудын орчимд нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 103 ширхэг төмөр гарааш, чингэлгүүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Газрын албанаас дээрх захирамжийг биелэлтийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 017-р байрны урд талын төмөр чингэлгийг чөлөөлөхөөр Ц.М д 2017 оны 07 дугаар сарын 03[2]-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4120[3] дугаар шаардах хуудсуудыг тус тус хүргүүлж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төмөр гараашийн чингэлгийг албадан буулгаж, газар чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчээс ...1997 онд Баянгол дүүрэгт 2 өрөө орон сууц худалдан авч тухайн газарт гарааш байршуулсан. Уг газрыг өмчлөхөөр өргөдлөө гаргаж байсан, тухайн газар нь 17, 18 дугаар байрны СӨХ-ны өмчлөлийн газарт хамаарах ёстой байхад нийтийн эзэмшлийн талбай гэж үзсэн үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д заасны дагуу ...хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Маргаан бүхий захиргааны актад маргаж буй төмөр чингэлэг хамаарч байгаа, нэхэмжлэгчээс тус газрыг эзэмших хүсэлт, өргөдлөө гаргаж байгаагүй, тус чингэлэгт нэхэмжлэгч гараашдаа хутга ирлэх, автомашины нимгэн төмөр будах, замаск хийх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байсан нь үнэр ихээр ялгаруулдаг тул тодорхой хэмжээгээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байна гэж дүүргийн Засаг даргын зүгээс үзсэн. Мөн эдгээр үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.М  нь хууль бусаар дайчлан ачуулсан гэх төмөр чингэлэгийн газартаа газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь Баянгол дүүргийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/1691[4] тоот албан бичиг, түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн тухайн газар дээр гарааш байршуулах зөвшөөрөл аваагүй байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө байна гэжээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1017 тоот албан бичиг, Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн Цагаан асар сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Hermes барилгын дэлгүүрийн эсрэг талд, нарны замын зүүн талд СОТ-3 барьсан цагаан тоосгон 17, 18 дугаар байрны СӨХ-ны харьяа нийтийн эдэлбэр газрыг эзэмшихээр хүсэлт, өргөдлөө гаргасан зэргээс дүгнэхэд уг газар нь тус байрын сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн газарт хамаарахааргүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдснаар тухайн газар нь Цагаан асар СӨХ-ны өмчлөлийн газарт хамаарах байсан ч тухайн байрны оршин суугч иргэн дангаар эзэмших, ашиглах эрхтэй үүсэхгүй.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. , 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан бөгөөд хариуцагчаас дээрх хуулийн дагуу зохих зөвшөөрөлгүйгээр байршуулсан төмөр чингэлгийг албадан нүүлгэж, газар чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн тус шүүхээс маргаан бүхий актыг үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн тул уг захирамжийн улмаас учирсан гэх хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Газрын албанаас төмөр чингэлгийг албадан нүүлгэн шилжүүлэхдээ тухайн чингэлэгт агуулагдаж байсан эд зүйлийг дутаасан, алга болгосон, гэмтээсэн гэж үзвэл өөрт учирсан хохирлыг ердийн харьяалалын буюу иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М гаас гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дайчлан хурааж авсан 12.918.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ