| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/2001/Э |
| Дугаар | 2013 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2013
2020 12 07 2020/ШЦТ/2013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Х.Энэрэл
шүүгдэгч Э.Ж., түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ын Ж.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2003 00000 0383 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлгэрэх таван чандмань” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, Б. овогт Э.ын Ж..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 05 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд “Тоёота Сай” маркийн 64-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талын хашаа мөргөж, зорчигч Х.Энэрэлийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам, тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/,
- 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/,
- Хохирогч Х.Энэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ж. бид 2 такси бариад Жуков орж Ж.ын автомашин дээр очоод автомашиныг нь аваад Ж.ын гэр лүү Монелын замаар явж байхдаа айлын хашаа мөргөсөн. Тухайн үед Ж. согтуу байсан. Анх 25 дугаар эмийн сан дээр уулзах үед согтуу байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ж. эмчилгээнд гарсан бүх зардлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Хохирогч Г.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун өлгийн 37 дугаар гудамжны 659 тоот миний эзэмшлийн хашааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 05 цагийн орчим согтуу жолооч автомашинаараа мөргөж эвдсэн байсан. Мөргөсөн жолооч залуу блокон хашааг шинээр блок авчирч барьж, хашаа битүүлж, хуучин хэвэнд нь оруулж өгсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай байгууллагад зээлийн гэрээтэй байсан Тоёота Сай маркийн 64-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээл авсан жолооч Ж. нь согтуугаар жолоодож яваад, осол гаргаад эвдсэн. Гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоодох эрхийн лавлагаа” /хх-ийн 37/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар 09-ний өдрийн 11692 тоот: “Х.Энэрэлийн биед баруун чамархай, хөхлөг сэртэн, суурь яс, хүзүүний 2 дугаар нугаламын шүдлэг сэртэнгийн хугарал, зүүн, баруун шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “ “Тоёота Сай” маркийн 64-67 УАН улсын дугаартай автомашинд 11.685.000 төгрөгийн шууд, 12.555.000 төгрөгийн нийт хохирол учирсан.” гэх тайлан /хх-ийн 63/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “Тоёота Сай маркийн 64-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ж. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 66-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас Э.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 05 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд “Тоёота Сай” маркийн 64-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талын хашаа мөргөж, зорчигч Х.Энэрэлийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.Ж.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 05 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд “Тоёота Сай” маркийн 64-67 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талын хашаа мөргөж, зорчигч Х.Энэрэлийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Х.Энэрэл, Г.Алтанзул нарын мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий Газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоодох эрхийн лавлагаа”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11692 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181 тоот магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ж.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Х.Энэрэл, Г.Алтанзул нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн Баянзүрх салбар-2 салбарын захирал Т.Долгорсүрэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20/178 тоот албан бичигт “Э.Ж. нь тус байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14.400.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэлгүй төлж байгаа бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулаагүй тул манай зүгээс Э.Ж.т холбогдох ямар нэг гомдол, санал байхгүй болно.” гэсэн байх бөгөөд хохирогч Х.Энэрэл, иргэний нэхэмжлэгч “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмааас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Ж.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Э.ын Ж.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар Э.Ж.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Э.Ж.т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ж.т тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Ж.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Х.Энэрэл, иргэний нэхэмжлэгч “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ж.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА