Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 303

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00303

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч А.Сарантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 40 дүгээр байр 04 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 29 настай, Хангал овогт Лхагвадоржийн Батбаяр /РД-ЦД88062891/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 28 дугаар сургуулийн ард байрлах “Би Эм Эм Эл” ХХК /РД:5330025/

            Хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Батбаяр, хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэмчигням, иргэдийн төлөөлөгч О.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Батбаяр миний бие 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 05:00 цагт “Би Эм Эм Эл” ХХК-ийн ачлагын машинд автомашинаа ачуулахад full time буюу дөрвөн дугуйгаараа мааждаг автомашиныг ивэгч туслах дугуй хийхгүйгээр чирсэний улмаас редуктор гэх хүч дамжуулах эд анги нь шатсан. Энэ талаар тухайн өдөр нь ачлагын компанид мэдэгдэж буруутай үйл ажиллагаанаас болж миний автомашинд хохирол учирсан. Хохирлыг барагдуулж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй өнөөдрийг хүрсэн. Дээрх хугацаанд машинаа унахгүй хүндрэлтэй байна. Иймд автомашинд учирсан хохирол 860.000 төгрөг, үнэлгээний төлбөр 31000 төгрөг, оношлогооны зардал 31000 төгрөг болон машин эвдэрсэнээс хойшхи 3 хоногийн чөлөө авсан цалин 200.000 төгрөг, унааны мөнгө 238.000 төгрөг болон бусад зардалд нийт 1.500.000 төгрөгийг “Би Эм Эм Эл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Л.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай эвлэрэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг 478.000 төгрөгөөр багасгаж 1.022.000 төгрөгийг төлнө гэвэл эвлэрэх боломжтой. Хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК нь 1.022.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, бид эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэмчигням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 478.000 төгрөгөөс татгалзаж, 1.022.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Л.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 478.000 төгрөгөөс татгалзаж, 1.022.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК төлөхөөр зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батбаяр нь хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-д холбогдуулан хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Л.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 478.000 төгрөгөөс татгалзаж, 1.022.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК төлөхөөр зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Л.Батбаяр, хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-иас 31.302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Л.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 478.000 төгрөгөөс татгалзаж, 1.022.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК төлөхөөр зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-иас 31.302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Батбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.КУЛЬДАНА

 

                              ШҮҮГЧИД                                     А.САРАНТУЯА

 

                                                                                      Н.ХАНГАЛ